Н.Чулуунхүү агсны “Хэдэн бор дуу” пянзанд эгшиглэнэ

Б.Номин
10 сарын 03, 2025

Peak.mn: Олон сайхан дуугаараа хүмүүсийн хүндлэл хүлээсэн тэрбээр өдгөө 80 насыг зооглох байв. Ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, дуунд нь дуртай сонсогчид түүнгүйгээр дөрөв дэх намартайгаа золгож байна. Гэсэн ч түүний дуулсан дуунууд энэ намар дахин амилж, гавьяатын гэгээн дурсгалыг мөнхөлсөн “Пянзны баяр” болон эгшиглэнэ. Нэгэн цагт Н.Чулуунхүү агсны өөрийнх нь нандигнан хэлсэнчлэн “Хэдэн бор дуу” нь түүний 80 насны ой дээр пянзанд цуглажээ.


Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Нанзадын Чулуунхүү агсаны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт, “Пянзны баяр” энэ сарын 10-ны өдөр болно. Тоглолтод Цэргийн дуу хөгжмийн Эрдмийн чуулгын хөгжимчдөөс гадна Ардын жүжигчин А.Долгор, Г.Ганзориг, МУГЖ Д.Далантай, Б.Болдбаатар, Б.Батбаатар, Б.Банзрагч, Б.Батболд, МУСТА Т. Дэлгэрмөрөн,  Ч.Чулуунбаатар, Э.Эрдэнэтунгалаг, Ч.Чулуунчимэг, Н.Намсрайноров, М.Мөнхбат, Б. Бурмаа, Д. Болд, С.Мөнгөнцэцэг, Г.Гүрбадам, Э.Энхнаран, Г.Ган-Эрдэнэ, М.Машбат, Э.Энхтайван, Х.Хишигбат, А.Алтай, М.Мөнгөншагай, Э.Эрдэнэ-Очир, Л.Лхагвадорж, Д.Даваадорж, Д.Дашдэмбэрэл, А. Алтантүлхүүр, С.Сансар, Д.Даваадалай, Б.Бохьшарга, Б.Бат-Энэрэл нарын уран бүтээлчид оролцож гавьяат агсны дуунуудыг дахин амьдруулснаа үзэгчдийн хүртээл болгох юм. 

Энд нэмэхэд, “МУГЖ Н.Чулуунхүү агсан Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул бөгөөд дунд сургуульд байхаасаа л дуулах авъяастай байжээ. Цангинасан хоолойгоор, “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг. 

1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ. Тэрбээр цэргийн амьдралаа ч дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.

Анх ая хийсэн шүлэг нь "Настан буурал эмээ” хэмээх олонд түгсэн дуу юм. Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн "Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан" зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дууг амилуулсан байна.

Мөн “Цэргийн харуул”, “Морьт суман”, “Цэргийн вальс” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 70-аад дуу төрүүлжээ. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”-оос эхлээд түүний олон дуу адуу, морины сэдэвтэй билээ” хэмээсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. 




Холбоотой сэдвүүд

н.чулуунхүү урлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.