М.Хишигжаргал: Багшаас өөр мэргэжил сэтгэлд минь буудаггүй

Peak.mn
05 сарын 01, 2023

Мянга мянган хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө гар нийлэн ажиллаж, урагшилж, хөгжиж яваа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаад буй Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн тэргүүлэх зэрэгтэй багш М.Хишигжаргалтай ярилцлаа. Багшлахуйн арга барилыг эзэмшсэн тэрбээр эерэг хандлага, хүүхдэд хайртай, хөдөлмөрч, зорилго тэмүүлэл дүүрэн гээд багш хүнд байх эрхэм чанаруудыг өөртөө цогцлоосон нэгэн юм.


-Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн дурсамжтай, хөгжилтэй үе байдаг. Тиймээс таны хүүхэд наснаас яриагаа эхэлье?

-Аав маань авто тээврийн эгэл жирийн жолооч хүн байсан бол ээж маань харин эмийн сангийн резидент эмчээс эхлээд дарга хүртэл эрүүлийг хамгаалах байгууллагад олон жил ажилласан эм зүйч хүн юм. Эхээс бид есүүлээ. Би дээрээсээ хоёр дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Олон хүүхэдтэй айл ямар байдаг билээ, тэр л ёсоор бужигнаж, шуугиж бусдын л адил дүү нараа харж халамжилж өссөн дөө. 

Дүү нараа суулгаад л хичээл зааж байна гэж тоглодог байснаа бодоход багш болно гэдэг хүүхэд насны минь мөрөөдөл байжээ. Удалгүй наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд орох гэтэл сургуулийн захирал Галдан багш маань есдүгээр ангидаа үргэлжлүүлэн суралц гэхэд нь би “үгүй” гэж зүтгэн аавдаа уйлж эрхлээд л... 

Гэтэл аав минь Галдан захиралд “Охин маань дуртай мэргэжлээ сонгох гээд байна” хэмээн учирлаж хэлтэл “Чи шатраар намайг 3 хожвол охиныг чинь оруулъя” гэсэн гэдэг. Аз болоход аав ч гурав хожиж би ч хүсэн хүлээсэн сургуульдаа орж оюутан болж байсан түүхтэй. 1982 онд элссэн би 4 жил суралцаж бага ангийн багш мэргэжилтэй болж байв.


-Дурлаж сонирхсон мэргэжлээрээ ажиллана гэдэг юутай сайхан. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Боловсролын байгууллагад 36 жил ажиллажээ. Багшлахын зэрэгцээ долоо, найман жилийг хичээлийн эрхлэгч хийхэд зарцуулсан байна. Анх сургуулиа төгсөөд Булган аймгийн Бугат суманд гурван жил ажиллаж байв. Үүний дараа мэргэжлээ дээшлүүлж УБДС-ийн монгол хэл, судлалын сургуульд монгол хэлний багшаар суралцаж төгссөн. Надад дунд ангид багшлах бодол анхнаасаа л байгаагүй юм. Улсын тэргүүний 24 дүгээр сургуульд бага ангийн багшаар 20 жил ажиллаж эдүгээ “Өдөр өнжүүлэх төв” ажиллуулж багшийн ажлаа үргэлжлүүлсээр боловсрол хэмээх дуусаж дундрашгүй их үйлсэд хөтлөгдөж хувь нэмрээ оруулсаар л явна. Сэтгэлд тодхон үлдсэн нэгэн дурсамжаа энэ дашрамд хуваалцъя гэж бодлоо. 

Багшийн сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж явахад эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Ажил муу бол залхуугийнх, амьдрал муу бол арчаагүйнх” гэдэг үг. 

Үүнийг л санаж сэхээрч хариуцсан ажлаа нягт нямбай, сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Хэдий хүүхэд нэг бүртэй тулж харьцдаг ажиллагаа ихээхэн шаарддаг ч гэлээ хүүхэд гэдэг хамгийн гэгээлэг ертөнц. Тэднийхээ цайлган цовоо дуу хоолой, инээд хөөр дунд ээнэгшин дасчээ. 60 гаруй хүүхэдтэй анги хариуцаж ажиллахдаа ч түүртэж шантарч байсан удаагүй. Хүн хүсэж дурласан зүйлээ хийж байгаа цагт шантарч халшрах нь бүү хэл эсрэгээрээ үргэлж аз жаргалыг мэдрүүлж байдаг юм билээ.


-Бага насны хүүхдүүд ихэвчлэн анги даасан багшаасаа үлгэр дууриалал авч харилцаа хандлагыг нь дууриах талтай байдаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?

-Үнэний ортой болов уу гэж боддог. Дааж авсан ангийн маань охидыг “яг багш шигээ нягт нямбай, хариуцлагатай” гэж эцэг эхчүүд хэлдэг юм. Багш шигээ бас гоёх дуртай гээд л.../инээв/ Одоо 24 дүгээр сургуулийн шавь нар маань 6, 9, 11 дүгээр ангид суралцаж байна. Багшийнхаа зааж сургасныг хэрэгжүүлж, багшийнхаа нэрийг сайнаар дуудуулж байгаа мундаг шавь нартаа хайртай. Тэд маань багштайгаа үе үехэн ирж уулзах дуртай. Шүлгийн уралдаанд орлоо гэхэд хэрхэн зөв унших уу гээд л үргэлж харилцаа холбоотой байдагт нь баярлаж явдаг юм. Ер нь л багшаас өөр мэргэжил сэтгэлд минь буудаггүй учир ажлаа чин сэтгэлээсээ л хийхийг хичээдэг. Сурлага, хүмүүжил гэх хоёр зүйлийг ижил түвшинд авч үзэх ёстой. Багш хүн үүний тэнцвэрийг баримталж хичээл сурлагаас гадна хүүхдийг хүн гэдэг утгаар нь хайрлаж чадвал хүүхэд өөрийгөө нээж илүү ойр дотно болдог.

 “Багшаа би нөгөө ангийн охинд сайн болчихлоо, амралтын өдөр захиаг маань хамт бичилцээд өгөөч” гэж хүртэл ярих цайлган амьтад шүү дээ. Цагаахан тунгалаг сэтгэлд нь сэв суулгаж хэрхэвч болохгүй.

-Танай гэр бүлд багш мэргэжилтэй хүмүүс байдаг гэж сонссон. Бие биедээ тусалж зөвлөж, мэргэжлийн зовлон жаргалаа хуваалцах сайхан байдаг байх даа?

-Миний доод талын дүү МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор М.Хишигундрах гэж хүн бий. Дараагийн дүү маань Унгар улсад сурч төгссөн, МУБИС болон Монголын Үндэсний их сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Гэр бүлд маань гурван ч багш бий.


-Таны хувьд багш байхын сайхан нь юу вэ?

-Миний л хийх ёстой ажил гэж хүсэж дурласан мэргэжил маань учир үргэлж сайн сайхан бодлоор хөглөгдөж байдаг. Зааж буй хичээлээ аль болох хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэчих юм сан л гэж зорьдог болохоор ихэнхдээ л бичиг цаасан дунд умбаж сууна шүү дээ. Дөнгөж сургуулиа төгссөн 20-иодхон насандаа СХД-ийн 9 дүгээр сургуульд шинэхэн багш болон томилогдож байв. Тухайн үед хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан хичээнгүй багш Цэнд гэж хүний чиглүүлэг зааж сургасан бүхнийх нь ачаар өдий зэрэгтэй олон ч жил мэргэжилдээ дурлан ажиллаж яваадаа талархдаг юм. Хүүхдийн ертөнцийг нээж чадвал багш шиг сайхан ажил гэж үгүй. Зэмлэж буруутгаж өөрөөсөө холдуулах бус урмын сайхан үгээр тэтгэж магтах тусам хичээл номдоо идэвх чармайлттай болдог, хайрлахгүй байхын аргагүй гэгээлэг ертөнц шүү дээ хүүхэд гэдэг чинь.


-Хүүхдийн суурь хүмүүжил, цаашдын төлөвшилд бага ангид суралцах үе ихээхэн нөлөөлдөг. Цаашдын амьдралынх нь замыг та бүхэн л чиглүүлж өгч байгаа болов уу гэж боддог?

-Хүүхдийн зан төлөв болоод хүмүүжлийн суурь бага ангиас тавигддаг. Сууж сурахаас гадна, заасан бүхнийг сурч мэдье гэсэн мэрийлттэй, хичээл зүтгэлтэй болох нь чухал. Тогтвортой сууж сураагүй хүүхэд цааш хөгжиж боломж хомс. Ганцхан багшид бүхнийг даатгаад орхих бус сурган хүмүүжүүлэгч багш болоод эцэг эхчүүд харилцан туслалцаж, аль аль талаасаа дэмжиж шаардлага тавьж чадсан тохиолдолд хүүхэд илүү сайн сурдаг.


-Өдөржин сургууль дээрээ хичээллээд “Өдөр өнжүүлэх төв”-д ирж байгаа хүүхдүүд ядарч, нозоордог байх. Тэдний алжаалыг нь хэрхэн тайлж, сонирхолтой байдлыг бий болгодог вэ?

-Хүүхдүүд маань чөлөөт цагаараа шатар тоглоно, морь уралдана, шагай шүүрнэ, усан будгаар будна. Усан будаг их нямбай ажиллагаа шаарддаг ч зургаан настай хүүхдүүд маань чамбай цэвэрхэн будаж сурсан даа.


-Багш байх үеийн сайхан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Шавь нартайгаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамж сэтгэлд тодхон үлджээ. Түүнээс онцолбол, анхны шавь нар минь 1978 оны морь жилтнүүд байдаг юм. Багшийгаа гээд байнга ирж уулзана, зовлон жаргалаа хуваалцана. Тэр бүү хэл ангийн хамгийн сахилгагүй гэгддэг шавь минь цэргээс халагдчихаад, гэртээ ч харилгүй хамгийн түрүүнд багш дээрээ ирж үнсүүлж байсан түүхтэй.

Аавынхаа тухай дурсахад, аав минь тээврийн жолооч, шатрын спортын мастер хүн л дээ. Яруу найргийн “Болор цом” наадмыг алгасалгүй шимтэн үздэг, ном их уншдаг номонд хайртай нэгэн байсан юм. 

Амралтын өдрүүдээр байнга шатар тоглодог, баяр наадам болоход гэр бүлийнхэн дотроо есөн хүүхдийнхээ дунд тэмцээн зохиодог заншилтай. Аавынхаа ачаар бид есүүлээ чамгүй шатарчид болцгоосон юм. Бидний дундаас Ази тивийн шатрын аварга, Дэлхийн шатрын аварга, хуульч өмгөөлөгчдийн дэлхийн аварга болж, бүр хүргэн бэрүүдийн маань дундаас ч спортын мастер, ОУХМ төрсөнд бахархаж явдаг юм. Ээж маань харин тухайн үеийн намын гишүүн байснаас гадна эзэмшсэн мэргэжилдээ үнэнч ажилдаа хариуцлагатайн дээр есийн есөн хүүхэд өсгөхдөө огтхон ч түүртэж үзээгүй тунчиг хөдөлмөрч хүн байсан даа. Баянхошууны малчны хороололд өссөн хүүхэд нас минь үнээ саах, хашаа хороо цэвэрлэх, морь мал услах гээд малчин ахуйтай ойр түмэн ажил дунд өрнөж, ажилсаг гэр бүлийн дулаан уур амьсгалд дунд хүмүүжиж торнисон билээ. 

Ижий аваасаа бид уйгагүй хөдөлмөрч чанарыг нь өвлөж авсан бөгөөд бурхны оронд очсон тэднийгээ элгэмсэг сэтгэл энгүй их хайрыг нь үргэлж дурсаж, сайн сайхан үйл хэргийнх нь үргэлжлэл болохыг л хүсдэг дээ.

Сайн хүний нөмөр нөөлөг, амьдрал замнал насан туршдаа үргэлжилдэг гэдгийг ижий ааваасаа харж явдаг юм.


-Та бид хоёр нэлээд ажил ярилаа. Одоо ярианы сэдвээ жаахан өөрчилье. Та юунаас илүүд сэтгэл ханамж авдаг вэ?

-Аль болох эрүүл зөв хооллож түүнээсээ сайн сайхныг мэдэрч урам зориг авах дуртай. Мөн амралтын өдрүүдээр найз нөхөдтэйгээ ууланд алхдаг. Цэцэг тарьж арчлах дуртай, хобби минь болсон гэх үү дээ. Гэр дүүрэн л цэцэг бий дээ.  


Д.Нэргүй

Холбоотой сэдвүүд

багш боловрсол ярилцлага

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.