Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд нийт 15.202 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 25-аас нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 25 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон өргөжүүлсэн тандалтаар хийсэн шинжилгээгээр тогтоогдсон.

Өвчлөл гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Х апартмент хороололд орцны нийт 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс, нэр бүхий пиццаны газрын ажилчдад шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрсэн.

Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэрлэж байсан жолоочоос коронавирус илэрсэн. Тэрээр энэ сарын 23-нд Улаанбаатарт шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Улмаар өчигдөр тус аймгийн пост дээр хяналтын шинжилгээ өгөхөд эерэг гарч, PCR шинжилгээгээр баталгаажуулахад эерэг нь нотлогдсон. Түүнийг Улаанбаатарт авчраад эмчилж байна. Халдварын эх уурхай нь Улаанбаатар учир хавьтлын шинжилгээг үргэлжлүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 861 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөл 1187, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1692 байна. Тэдгээрийн 1244 буюу 73.5 хувь нь эдгэрсэн. Нийт 435 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 хүн байна. 

Сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" хэмээн мэдээллээ.