Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 11-нд нийт 677 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаарын сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй 21 эмч, ажилтны шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 8 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлалтад байгаа 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймаг тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Баруунхараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр 6 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 269 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 50 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Одоо 24 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 43 хүн ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байна. Эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан хэвтэж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна" хэмээлээ.