Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинэ коронавируст халдвар дэлхийг хамарсан цар тахал болж буйг хүн бүр мэдэж байгаа. Зөвхөн БНСУ биш өвчлөл өндөр бүртгэгдэж буй болон коронавирус тархсан улс орнуудад коронавирусээр өвчлөөд эмчлэгдсэн хүнээс хэдэн долоо хоногийн дараа давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн тохиолдол олон байна.

Монгол Улсад ч коронавирусийн 287 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдсэн. Иймд бусад улс оронтой адил эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээг хийж байна. Эмчилгээ үр дүнтэй явагдаж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 80 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэртэй байсан. Стандарт, удирдамжийн дагуу эмчилгээ хийгээд дараалсан гурав, зарим тохиолдолд таван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 14-63 хоног эмчлэгдсэн хүмүүсийг бид сувилалд шилжүүлж буй. Бусад оронд шууд гэр рүү нь гаргаж байгаа. 

Бид дотооддоо халдвар тараагаагүй учир бусад улс орноос өвөрмөц арга хэмжээ авч, сувиллын ажиглалтад 14 хоног гаргаж байгаа. Энэ 14 хоногт лабораторын шинжилгээг 2 удаа хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 213 өвчтөнийг эмчилсэн. Тэдний 22-оос нь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс бид энэ хүмүүсийг ажиглалт тандалтад байлгаж буй. Иймд халдвартай хүн эмнэлэг, сувиллаас гараад халдвар тараахвий гэж иргэд санаа зовох асуудал байхгүй. 

Эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч буй нь өвчлөл бүртгэгдсэн улс орон бүрт тулгарч байна" хэмээлээ.