Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 30-нд нийт 406 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан Энэтхэг, Сөүлээс ирсэн 378 хүний давтан шинжилгээ, сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-л тусгаарласан 2 хүний давтан шинжилгээ, тандалтаар 7 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь 21 настай эрэгтэй, ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 36 хоногт эмчлэгдэн эдгэрлээ. 

Мөн эмчлэгдэн эдгэрээд ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжин хянагдаж байсан жирэмсэн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д авчирсан. Тэрээр өнөө өглөө буюу 7 дугаар сарын 01-нд 07:00 цагт ХӨСҮТ-д төрж охинтой боллоо. 

Монгол Улсад коронавирусийн нийт 220 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 176 нь эдгэрсэн. Одоо 44 хүн эмчлэгдэж буйгаас 33-ынх нь биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Үүнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 6 болон 12 настай хоёр хүүхэд, жирэмсэн эмэгтэй хоёр байна" хэмээлээ.