П.Мөнгөнсор
12 сарын 20, 2023
Peak.mn сайт "Би нэг удаа" контентынхоо шинэхэн дугаарт "INJ Studio"-ийн үүсгэн байгуулагч, стилист Ч.Ган-Инжийг урьж, ярилцлаа.
Бид энэ цувралаараа дамжуулан танд өөрөө ч анзааралгүй бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг зарим үйлдлийг таниулж, хүний эрхийн мэдрэмжтэй иргэн байхад тань туслахыг зорьдог билээ.
Ч.Ган-Инж: Хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг өөрийн үнэлэмж, үзэл бодол, стандартаа бусдадаа тулгахгүй байхыг хэлнэ
Миний том охин надтай адилхан бор арьстай юм. Гэтэл нэг өдөр цэцэрлэгээсээ ирээд “Ээжээ намайг бор арьстай гээд хүүхдүүд шоолоод байна” гэлээ. Тэр үгийг эмзгээр хүлээж авсан нь илт байсан учраас охиноо хараад л сэтгэл хямарчихсан.
Учир нь намайг ч ялгаагүй бага байхад бор арьстай гэж шоглох тохиолдол цөөнгүй гардаг байсан.
“Чамайг Африкаас өргөж авсан, хогийн бункерээс олсон гэсэн” гэх мэтчилэн хэлж буй үгс нь их л хүндээр тусдаг байсан. Гэтэл энэ үзэл хандлага одоо ч бидний дунд амь бөхтэй явааг сонсохоор сэтгэл эмзэглэмээр.
Бичлэг үзэх:
Миний хүүхэд нас тийм харанхуй бүдүүлэг өнгөрсөн байлаа гэхэд одоо охин минь надтай адил бусдын өрөөсгөл хандлагаас болж сэтгэл зүйгээрээ гэмтэх боломжтой харагдаад байгаа юм. Хүүхдийн сэтгэл зүй эмзэг учраас өөрийгөө голох үзэл амархан сууна шүү дээ.
Би чадах хэмжээндээ “Бор, шар, цагаан арьс хоорондоо ямар ч ялгаагүй” гэдгийг тайлбарлаж байгаа ч нийгмийн бүхий л сөрөг хандлага, нөлөөллөөс хамгаалж чадахгүй нь ойлгомжтой.
Ялангуяа бага насны хүүхдүүд биеэ шоглох нь бүү хэл “бор арьсны өнгө муухай, цагаан гоё” гэдэг үнэлэмжийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс гэр бүлийн орчноосоо, аав ээжээсээ л сонссон байж таарна.
Иймд би бүх эцэг эхчүүддээ уриалахыг хүссэн юм.
Бие биеэ “бор, шар” гэж шоолж, шоглож, ялгаварлаж харьцана гэдэг маш бүдүүлэг зан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зөвхөн арьсны өнгөөр хязгаарлагдахгүй хүний гадаад үзэмж, өмссөн хувцас, таргалж турсныг шүүн хэлэлцэхээ болих хэрэгтэй.
Ямар нэгэн эерэг нөлөө, үр дүн авчрахгүй бол хүнд шүүмжлэл хэлэх шаардлагагүй гэж боддог. Үнэхээр тухайн хүний сайн сайны төлөө хэлж байгаа бол тайлбартай нь, гаргалгаатай нь, тусч байдлаар зөвлөгөө өгч болно. Харин цэвэр шүүмж бол тухайн хүний сэтгэл зүйг унагаж байгаа л хэрэг.
Би өөрөө стилист мэргэжилтэй хүн учраас залуу охидоос эхлээд 70 настай эмээтэй хүртэл ажиллаж үзсэн. Харамсалтай нь тэр хүмүүст нийтлэгээрээ өөрийгөө голох, өөртөө итгэлгүй байдал маш хүчтэй суусан байдаг.
Энэ юунаас үүдэлтэй вэ гэдгийг ярилцаж байхад бусдын хэлсэн шүүмжийг эмзгээр хүлээн авч өөртөө итгэх итгэлээ алдчихсан байгаа нь анзаарагддаг.
Миний бодлоор хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг өөрийн үнэлэмж, үзэл бодол, стандартаа бусдадаа тулгахгүй байхыг хэлнэ.
Бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж л байгаа бол та эрхээ хэтрүүлэн эдэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн хүнд ч гэсэн хүсээгүй зүйлээ сонсохгүй байх, өөрийнхөө сэтгэл зүйг эрүүл байлгах эрх бий.
Тухайн хүн өөртөө сэтгэл хангалуун бөгөөд эрүүл байгаа бол ямар гадаад төрх, үзэмжтэй байх нь хэнд ч хамаагүй.
Таны стандарт цагаан арьстай байх, өндөр байх, туранхай байх нь үзэмжтэй гэж бодож болно. Гэхдээ энэ хэмжүүрүүд бүх хүний стандарт биш гэдгийг сайн ойлгож, бусдынхаа үзэл бодлыг хүндэтгэж байгаарай гэж хэлмээр байна.
Өмнөх контентуудыг унших↓
Би нэг удаа #1: Хүний эрх гэдэг хүний сонголтыг хүндэтгэж сурах тухай ойлголт юм
Би нэг удаа #2: Хүний угсаа гарвал руу бүдүүлгээр халдана гэдэг хамгийн "орк" үйлдэл
Би нэг удаа#3: Төрсний дараах эмзэг үеийг хосууд ойлголцож, хамтдаа давах хэрэгтэй
Би нэг удаа #4: Санаандгүй хэлсэн ганц үг бусдын амьдралд хар толбо болж үлддэг гэдгийг бүү мартаарай
Би нэг удаа #5:"Хархан нүдэн" тоглолтоос ковид тарсан гэж ойлгодог хүмүүс одоо ч намайг элдвээр хочилдог
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.