Би нэг удаа #15: Нэгэн охины амьдралд сүүдэр тусахаас хамгаалснаа мэдээд нисэх мэт баярласан

Жендер, хүний эрхийн зөрчилтэй холбоотой сэдвийг хөнддөг “Би нэг удаа” булангийнхаа шинэхэн дугаарт сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа (Кастро)-г урилаа.

Тэрбээр гудамжинд нэгэн эрэгтэй өсвөр насны охинд халдах гэж байхтай таарчээ. Эхэндээ “Цагдаад хэлнэ” хэмээн сүрдүүлж охиныг зугтаалгаж чадсан байна. Харамсалтай нь, халдагч этгээд сэтгүүлчийг зодож, хүнд бэртэл учруулжээ.

Ц.Эрдэнэтуяа биед учирсан гэмтлээ эдгээх гэж олон сар болж, сэтгэл санааны хувьд ч хүнд байдалтай байсан байна. Гэвч 13-хан настай охины амьдралд сүүдэр тусахаас хамгаалсан гэдгийг сонсох мөчид амьдралдаа анх удаа өөрөөрөө бахархаж тэр бүх өвдөлт, зовуурийг юу ч биш гэж бодогдуулсан хэмээж байлаа.

Мөн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй, зураг бичлэг дарж өнгөрөх биш, өөрийн чадлаараа тусалдаг байхыг уриалсан юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Осол болсны дараагаар ажил гэр хоёрын хооронд явахад ч айдастай болсон 

Осол болсны дараа ажил руугаа аль замаар явбал аюулгүй очих вэ, яаж гэртээ харих вэ? л гэж боддог болсон. Зүгээр байхдаа ч хэн, хаанаас гарч ирээд цохичих бол гээд тайван ч байж чадахгүй болов. Манай мэргэжил байнга ийш тийш явж ярилцлага хийж, мэдээ бэлтгэдэг. Гэвч ажлынхаа нэг булан руу ширээгээ зөөгөөд тэрүүхэндээ л бүгж, цайны цагаар ч гарахгүй суудаг болов. Хацарын хөх няц, нүдний хавдар буух хүртэл 1-2 сар яг л ийм амьдралаар амьдарсан. 

Тухайн үед “Хажуугаар нь өнгөрчихгүй яав даа. Надад хамаагүй хэрэг байсан шүү дээ” гэж өөрийгөө буруушаах үе олон байв. Тэр охиныг тоохгүй өнгөрөх хүн зөндөө л байсан шүү дээ ч гэж бодох шиг…

Хэрэг гарснаас хойш жилийн дараа буюу энэ оны наймдугаар сард шүүх хурал боллоо. 

Гэтэл шүүгчийн хэлсэн үгийг сонсоод өөрөөсөө ичих шиг болсон. Шүүгч талархал илэрхийлээд 13-хан настай охин, ид цэцэглэж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэх насан дээрээ “аймшигтай” хэргийн золиос болох шахсаныг хэлэв. Харин намайг тийм хэрэг гарахаас сэргийлж, өөрөө хохирогч болсон ч тэр охиныг хамгаалсан  гэдгийг хэлэхэд баярлаад нисэх мэт л болсон. 

Яг тэр мөчид өмнө мэдэрсэн тэр их өвдөлт, зовуурь юу ч биш мэт санагдаж, анх удаа өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн юм.


Зураг бичлэг дарж өнгөрөх биш, өөрийн чадлаараа тусалдаг байгаарай

Халдлага болдог тэр өдөр би ярилцлага авчхаад ажил руугаа явж байсан юм. Гэтэл гэнэт ахимаг насны эрэгтэй нэгэн охиныг хоргоож байгааг харсан. Эхэндээ аав нь охиноо загнаж байна, амьдралд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ гээд өнгөрөх гэж юм. Хэсэг ажигласны дараа охины хариу үйлдэл сэжигтэй байгааг анзаарч "Энэ хүн танай аав юм уу" гэхэд "Биш ээ" гээд охин байдгаараа чичирчихсэн зогсож байв. Иймээс өнөөх этгээдэд хандан "Цагдаад мэдэгдэнэ шүү" гэж хэлээд охиныг гараас нь салгаж явуулав. Тэр үед тухайн эрэгтэй нэлээд согтолттой, согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдэж байв. Ингээд охиныг булан тойроод явахад би ч ажлаа бодсон. Гэтэл төд удалгүй хэн нэгэн үснээс угзчиж татаад, нэг мэдэхэд би газар өшиглүүлээд хэвтэж байсан. 

Өнөөх эр өөрийнх зорилго биелээгүй тул өс санасандаа намайг хэвтэрт ортол зодсон. Харин ойр хавьд байсан хүмүүс ирж тусалсан тулдаа л өнөөдөр энд амьд зогсож байна. 

Надад тохиолдсон энэ явдлаас ойлгосон зүйл гэвэл аливаа зодоон, маргааныг "надад хамаагүй" гэж өнгөрөх хүмүүс өнөөдөр олон болсон. Зарим нь зураг авч, бичлэг хийгээд сошиал орчинд нийтэлж байгаагаа бусдад тусалж байна гэж боддог. Яах вэ, бичлэг, зургаа сошиал орчинд тавиад хүмүүсийн анхааралд орох л байх. Хэсэгтээ хандалт авч, олон нийтийн ярианы сэдэв болоод л дуусах зүйл. 

Үүнээс илүүтэйгээр хэргийн газар очиж, зодоон цохион болж байвал салгаж, өөрийн биеэр бодтой тус хүргэх хамгийн чухал. Өөрөө боломжгүй байлаа гэхэд ядаж бусдаас тусламж гуйх, цагдаад мэдэгдэх зэргээр асуудлыг шийдвэрлэх, хэн нэгнийг хохирч үлдэхээс өмнө нэгэндээ тусалдаг байгаарай.

Холбоотой сэдвүүд

би нэг удаа жендэр хүнийэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.