Би нэг удаа #24: Гуч гарсан эрэгтэй К-поп сонсож болохгүй гэж үү?

Өсвөр насны охид хөвгүүд “BTS”, “Blackpink” зэрэг хамтлагийн дууг сонсож, шүтэн бишрэх нь байх л зүйл мэт санагддаг. Харин 30+ настай бол та “Сэтгэцийн асуудалтай” хэмээн тодорхойлуулж магадгүй юм.

 “Би нэг удаа” булангийнхаа шинэхэн дугаарт бид К-поп хөгжимд дуртай нэгэн залуугийн түүхийг хуваалцаж байна. Манай ярилцлагын зочинг И.Доржнамжил гэдэг. 

Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт энэхүү булангаараа хийж, сонирхдог зүйлээс нь хамаарч бусдыг шүүмжилж, хэт туйлшрахгүй байхыг уриалдаг билээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


“Чи К-поп сонсдог юм уу!?” 

Миний хувьд энэ хөгжмийн урсгалыг 2002 оноос буюу Baby VOX,  H.O.T, S.E.S, Shinhwa гэх К-попын анхны үеийн хамтлагууд гарч ирсэн цагаас сонсож эхэлсэн. Ингэж байтал К-Попын 3 дугаар үе болох Blackpick хамтлаг дебютээ хийж намайг К-попчин болгосон. Би blink болсон байдаг юм.

Би их нээлттэй хүн л дээ. Өөрийн цахим хуудастаа Blackpink, BTS зэрэг хамтлагын талаарх мэдээллийг хүргэж, бусадтай санал бодлоо солилцдог юм. Гэтэл нэг өдөр танихгүй нэгэн миний фэйсбүүк хаяг руу “Чи өсвөр насны охидыг харж “нөгөөхөө” тэгдэг юм уу” гэсэн мессежийг явуулсан байсан.

Бас нэг удаа К-поп хөгжмийн талаар ярьтал нэг хүн “Наадах чинь сэтгэцийн өвчин, чи юмтай болж байгаа юм байна” гэж хэлсэн юм. Яагаад гэхэд  чиний нас, гадаад төрхөд нийцэхгүй байна,  энэ чинь хүүхдийн сонирхдог зүйл” гэсэн.

Хүмүүс хэн нэгнийг өөрийнхөө үзэмжид тааруулж өөрчилхийг хүсдэг, түүнийгээ өөрөө ч анзааралгүй бусдад тулгадаг. Ер нь хүн яагаад өөрт таалагддаг хамтлагаа сонсож, шүтэн биширснийхээ төлөө ингэж хэлэгдэх ёстой гэж? 


Бусдын сонирхлыг хүндэтгэдэг байгаарай

Зарим ахмад үеийнхэн залуучуудыг гаднын соёлыг хэт тахин шүтэж байна,  “Ийм юм үзэж яадаг юм” гэхчлэн гоочилдог шүү дээ. Миний бодлоор хүүхэд залуусыг буруутгаж, загнахаас илүүтэйгээр,  К-поп хамтлагийн гишүүдийн хөдөлмөрч зан, биеэ авч явж буй байдал, бусадтай харилцах харилцаа зэргээс үлгэр дуурайл авч, зөв талаас нь хараасай гэж хүсдэг хэмээн И.Доржнамжил ярьж байв.

Мөн тэрбээр бусдыг үздэг хамтлаг, сонирхдог дуугаар нь ялгаварлалгүй, нэгнээ хүндэтгэдэг байхыг уриалсан юм.




Холбоотой сэдвүүд

би нэг удаа к-поп хүнийэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.