ХОНКОНГ. /South China Morning Post/. Хонконгийн цагдаа нар Техникийн их сургуулийн ойролцоо жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.


Хонконгт замын хөдөлгөөн хэд хоног дараалан саатаж байгаа юм. Жагсагчид эсэргүүцлийн ажиллагааныхаа тактикийг өөрчлөхөөр шийдэж, олон тооны жагсаал цуглааны оронд зам, хонгил, гүүрүүдийг хаах болсон байна.


Ням гарагт жагсагчид зам дээр тавьсан хаалтуудыг холдуулахыг оролдсон хүмүүс рүү тоосго шидэж эхэлсний дараа эмх журам сахиулагчид хөндлөнгөөс оролцжээ.


“South China Morning Post” сонинд мэдээлснээр, дунд насныхан голдуу зуу орчим хүн их сургуулийн ойролцоох хоёр замын уулзварт ирж, жагсагчдын тавьсан хаалтуудыг холдуулж эхэлсэн байна. Хэдэн арван жагсагч их сургуулиас гарч ирцгээн, тэдэн рүү дайрч эхлэхэд цагдаа нар иржээ. Жагсагчид цагдаа нар руу тоосго, шатамхай бодис бүхий шил шидсэн байна.


Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонкогт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд цагдаа нар 3600 гаруй хүнийг баривчилсан бол гэмтсэний улмаас 1500 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн цагдаагийн 400 гаруй ажилтан бэртсэн байна. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд оролцох хүний нь тоо цөөрсөн боловч илүү балмад болжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг