“Эрхүүгийн оюутан явлаа” гээд хүмүүс ярьдаг даа. Галт тэргэнд “амьдарч”, орос хоолонд идээшиж, пянз сонсож, панз үсэргэж, гэмгүй сайхан нөхөрлөж, айл гэр болж, оюутны байранд хуримлаж, үрийн зулай үнэрлэж гэхчлэн бидний дээхнэ үеийнхэн дурссан байдаг.Гэтэл бидний үеийнхэний оюутан нас манай улс ганц ч цонх хагалалгүй социалист системээс ардчилсан тогтолцоонд шилжсэн гэх үетэй давхацжээ. 

Хамгийн азтай нь тэр жил МУИС сэтгүүл зүйн ангиа дахин нээх, миний сэтгүүлч болох хүслэнтэй яв цав нийцсэн нь хамгийн том баяр байлаа. Элсэлтийн шалгалтын өмнө аав маань, “Аавынхаа насаараа ажилласан сургуульд орчих, эмч хүн нас хөгширсөн ч ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг сайхан мэргэжил” гэж нэгэнтээ дурссан ч би гэдэг хүн том толгойлоод чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихэж билээ. Тухайн үед тэр сургууль сувилагч, бага эмч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг байсан. Би мэргэжлийг нь голсон юм биш, угаас миний уураг тархи, сэтгэл зүрхэнд сэтгүүлчээс өөр сонголт бичигдээгүй байсан тул аавын үгэнд ер ач холбогдол өгөөгүй хэрэг. Аав ч намайг хүчилсэнгүй. Сэтгүүлч болно гэсэн миний санааг аавын үг эргэлзээнд оруулж чадалгүй, тэр яриа тэгсгээд мартагдав. 

Нэг удаа харин ээжтэйгээ, “Сэтгүүлч болохгүй бол сэтгэл зүйч болдог юм уу” хэмээн саналаа хэлтэл ээж төдийлөн таатай хүлээж авсангүй. Ингэж л миний мэргэжлийн чиг баримжаа жанжин Сүхийн хэлсэн шиг хандах зүг хар аяндаа тогтсон юм даа. Элсэлтийн шалгалт болдгоороо болов. Хүсэн хүлээсэн сэтгүүлчийн ангиа авчихлаа. Намар нь ээжийгээ дагасаар улсын нийслэлдээ хөл тавив. Тэр үед дээр дооргүй хөл алдаж нийгмийн савлагаа эхэлсэн нийслэл хот биднийг угтаж авсан юм. Хожим сонсох нь ээ, инфляци 300 хувиас давсан он жилүүдэд би болоод миний найзууд оюутан болжээ. Тухайн үед инфляци гэдгийг мэддэг хүн өнөөгийнх шиг олон байгаагүй л болов уу. Тэр үед мөр бүтэн, гэдэс цатгалан явах тухай л бодохоос юун инцляцитай манатай байжээ. Гэтэл өнөөдөр бид дэлхийн улс орнуудын зартай брендүүдийг нийслэлдээ төвлөрүүлсэн, харь улсын бараа бүтээгдэхүүнийг ирийтэл өрсөн супермаркеттай, нялхаасаа өтөл буурлаа хүртэл гадаад паспорттай, том том машин унаж, угсармал орон сууцанд амьдарч, гадны орнуудаар аялсан сонголтоор дүүрэн буюу түрүүний ярьдаг инцляци хоёр оронтой тоон дотор эргэлдсэн ийм л нийгэмд амьдарч байна. Ийм цаг үе ирнэ гэдгийг тэр үед хэр олон хүн төсөөлж байсан бол. Ховор л болов уу.

Бидний оюутан болдог жил юм юмны шувтаргын бас эхлэлийн он жил байв. Сургууль эхэлсэний дараахан САА явах боллоо. Хөвөнтэй дамбаал, түрийтэй гутал, 2-3 ээлжийн бээлий, малгай ороолт, пүүгээ гэхчлэн хувийн бэлтгэл дээрээ бас бус хүнс нэмж базаагаад модон чемодандаа хийв. Тогтсон өдөр болж бидний хэдэн нөхөд МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны арын талбайд зогсоо ачааны машины тэвшин дээр сууж аваад Улаанбаатараас хөдөлж билээ. Сургуулийн хашаанаас гарахаас эхлээд хоолойгоо цуцтал дуулсан санагдана. Ганц нэг хүүхэд хүндэтгэх шалтгааны улмаас хотод үлдсэнийг эс тооцвол бараг ангиараа явсан юмдаг. 

Давхисаар Октябрийн сангийн аж ахуйд ирлээ. Тэндээс цааш хөдөлж Загдал голын эрэг дээрх ганц вагончикт манай ангийнхнийг байрлуулахаар болж, төмс хураалтад хуваарилав. Вагончикийнхоо нэг талд хөвгүүд, нөгөө талд нь охидууд төвхнөв. Ажил хийнэ гэж сүйд болсон ч үгүй. Байс гээд бороо орчихно. Тэр бүр ажил зогсоод, одоогоор юм бол агаар сайханд гарсан улс шиг идэж ууж, инээж тоглож байгаад ирсэн дээ. Сэлэнгийн Жагаагийн эгч тэндхийн хүнсний няраваар ажилладаг байв. Бидэнд гар татахгүй хүнс өгнө өө. Гурил будаагаас авахуулаад нөөшилсөн таташ гээд юм юмнаас ахиу хуваарилна. 

Гурил будаа хүрэлцээтэй болохоор хавь ойрын айлуудад тараг, сүү, айрагаар сольж хэрэндээ тансаглана. Дэмбээдэхийг тэр үед сурч байж билээ. Сангийн аж ахуйд өлсдөг л гэдэг. Бид ч өлсөхийн зовлон үзсэнгүй. Нэг удаа хэнийх нь юм цоо шинэ ор хөнжлийн даавуу газар дэлгээд нэг их банш, хуушуур хийж идэцгээж билээ. Гэтэл хажуугийн нааранд оюутнууд олуул чихэлддэг, хоол хош битгий хэл давс олдохгүй бүсээ чангалж байгаа тухай сонсогдоно. 

САА-д хөгжилтэй явдал аль тохиолдохыг тэр гэхэв. Дээр нь удирдсан багшгүй /багш маань бидний хойноос ирсэн/ явчихсан байдаг. Нэг удаа ангийнхаа хүү охин хоёрыг хуримлуулж байна гэж сүрхий хөгжилдөв. Бүгд модон чемоданаа нийлүүлээд П хэлбэрт оруулж засаад хойно нь өөрсдөө гарч суугаад хуримлагч хосоо хойноо суулгаж байгаад “зад найрлаж” билээ. Бас нэг орой хөвгүүдээс анхны хайрынхаа тухай ярьцгаая гэсэн санаачилга гаргадаг юм байна. Охидууд гэнэдээд бараг бүгд үнэнээ ярьсан байх аа. Түүхээ ярих миний ээлж болоход “Амьдралд нулимсанд дургүй” киноны Гоша шиг нөхөртэй болно” гээд хэлчихлээ. Тухайн үед би юу боддог байсан, түүнийгээ л хэлсэн. Одоо ч би тэр кинонд нугасгүй дуртай. Хэд үзсэн ч уйддаггүй. Гошагийн дүрд одоо ч хайртай. Хоёр жилийн өмнө нүүр хуудсанд тус киноны гол дүр “ЗХУ-ын Ардын жүжигчин А.Баталовыг нас барлаа” хэмээн бичсэн пост харж билээ. Тэрхүү постын дор, “Хэрэв би энэ сайхан жүжигчинтэй амьд сэрүүнд нь уулзсан бол гайхамшиг болох байлаа” гэсэн агуулгатай сэтгэгдэл бичиж байснаа тодхон санаж байна.

Дараа жил нь манай ангийнхан САА-д дахин нэг удаа явсан. Ингээд л САА гэдэг юмны сураг тасарсан даа. Бид бас степенд гэдэг мөнгөний сүүлээс атгаж үзэв. Одоогийнхоор бол тэтгэлэг юм. Степенд өгч сургаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд хана дагасан урт оочер үүснэ. Төд удалгүй бид степендгүй болов. Улс орон халаасаа сэгсэрчээ. Бидэнд степенд өгөх нь битгий хэл, талх нүдний гэм болов. Хүнсний дэлгүүрүүдэд талханд дугаарласан оочер өглөө эрт үүсч, хэдэн давхар мушгиралдсан цувааны дундуур цагдаа зогсож хэв журам сахиулж байгааг харсан үзсэн болгон шогширно. 

Оюутны байрны нэг тасгийг нэг өрхөөр тооцож хүнсний талон өгнө. Түүнд нь нэг шил архи багтана. Архи зарж хүнсэндээ нэмэрлэнэ. Охидууд юм болохоор талоны хүнсээ гэрээс ирсэнтэйгээ нийлүүлээд хамгийн арвинаар нь хүн бүр цадахаар хэмжээтэй хийнэ. Нэр төрлийн хувьд олон байж шалихгүй ээ. Манай Отгоо одоо гамбирт дургүй гэж ярьдаг юм. Энэ насандаа идэх гамбираа оюутан байхдаа идчихсэн гэнэ лээ.

МУИС-ийн оюутны 4 дүгээр байранд дөрвөн жил шахам суусан даа. Дөрвөн жилийн хугацаанд бараг бүх давхарт нь амьдарсан байх аа. Очоод байх олон ах дүүгүй, найз нөхдүүд бүгд ийш тийш тарчихсан, мөнгө төгрөг гэж базаах юмгүй, тасгийн маань гурав маань хэсэх зугаацах сэдэл бага, ангийнхаа хэдтэй нэг дор тул байрандаа орчихвол гардаггүй байж. Айлд сууж амьтан хүнд дараа болохоосоо оюутны байранд суух нь илүү жаргалтай. Анх очиход оюутны байр давхар бүрт тусгайлсан гал тогооны нэг өрөөтэй, тэр өрөөнд нь дээрээ гурван ширэмтэй, дороо шарах шүүгээтэй зуух хэд хэдийг эгнүүлж тавьсан байдаг байв. Хоолоо сахиж хараагүйгээс зарим нэг нь хоолоо сав суулгатай нь цуг алдчихна. “Хохирогчид” нь мэдээж охидууд. Хоолоо алдсан бол андашгүй. “Төддүгээр өрөөний тийм савыг авсан хүн авчирч өгөөч ээ” гэх шингэн дуу давхараар нэг сонсогдоно. Ходоод нь хонхолзсон нөхдүүд хуссан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эрэл сурал болсон нөгөө сав эзэндээ очихдоо хоосроод очих нь бүр ч тодорхой. Мэдээж одоогийнх шиг “Баярлалаа, хоол амттай байлаа” гээд улаан нүүрээрээ тулж очоод хэлэхгүй ш дээ. Тэгж өөрөө өөрийгөө барьж өгдөг тэнэг хэн байх вэ дээ. Хэргийн эзэн амьтан хүний сиймхий харж байгаад гал тогооны өрөөнд өнөөх хоолны саваа сэмхэн буцаагаад тавьчихна. 

Хэдийгээр нийгэм журам өөрчлөгдөж, хөл толгойгоо алдсан ч манай байр дэг журам гэдгийг сүрхий барина. Гаднаас хүүхэд оруулахгүй. Ямартаа л нэгнийхээ өрөөнд орох гэж хоёр давхарын цонхоор бүтээлгээр татуулж байгаад биеэ даалгүй унаж байх вэ. Эцэг эх, ах дүү нь ирсэн бол заавал хэлж мэдэгдэнэ, сахилга алдвал хөөгдөх хүртэл шийтгэлтэй байлаа. Хөөгдөх нь битгий хэл, зодоон цохион хийгээд орон шоронд орсон нь ч бий.

Биднийг төгсөх жилүүдээс улс орны байдал дээрдэж, хүмүүс олноороо ганзагын наймаанд явж, өнөөгийн супермаркетуудын эхлэл ТҮЦ-ний худалдаа дэлгэрэв. Хар зах бол гутал хувцас, аахар шаахар бараагаар дүүрэв. Ямар ч байсан өмнөхөө бодвол амьдралд сэргэлт гарав. Шинэ оюутнууд хангалуун болж ирэв. Тэр үед ч бид дөрөв нэг тогооноос хооллосоор байж билээ. Тэглээ гээд муудсангүй. Харин ч бид нэг нэгнээ илүү ойлгож дотноссон. Нэг тогооноос хооллоно гэдэг хүнийг ходоодоор нь нэгтгэдэг гэхээсээ сэтгэл зүйн хувьд нандин холбоо үүсгэдэг юм байна гэж би боддог. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд бие биенээ хайрладаг, хүний жаргал зовлон ойлгодог, байгаа цагтаа байгаа гээд эрддэггүй, байхгүй үед нь байхгүй гээд гуниж ганихраад байдаггүйтэй адил юмдаг уу даа. 

Энэ удаад эрдэм хүртээсэн сургуулийнхаа тухай, эрдэмтэн багш нарынхаа тухай, анд найзуудынхаа талаар бичилгүй түр хойш тавьлаа. Зөвхөн нийгэм, цаг үе ямар байсан тухай товч бичсэн маань энэ. Миний үеийнхэн болоод биднээс ахмад үеийнхэн ийм л цаг үеийг туулсан. Бид хөгжөөгүй биш, хөгжсөн байна. Мэдээж дэлхийтэй харьцуулвал бас нэг өөр дүгнэлт гарна байх. Гэхдээ нийгмийн тэрхүү завсарын цаг хугацааг арай том агуулгаар нь харвал тухайн үеийн төр засгийн удирдлагууд боловсролын салбараа тавиад туучихаагүй гавьяатай хүмүүс юм. Тиймээс нэр цохож хэлж мэдэхгүй, хэлэх ч бололцоогүй ч тэдгээр хүмүүсийн зүтгэлийг бидний үеийнхэн мартах учиргүй. Нөгөөтэйгүүр аливаа улс оронд хүнд хэцүү цаг үе тохиосон ч боловсролын салбараа орхигдуулж болохгүй гэдгийг туулаад ирсэн хүний хувьд туршлагаараа мэдэх билээ.