Монгол Улс анх 1950 оноос Номын баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болон өргөжсөн. 

Улмаар номын баярыг жил бүрийн хавар, намар буюу жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалтай болсон. 

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн сан хөмрөгийг арвижуулах, үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор улс орон даяар энэ сарын 17-20-ны өдрүүдэд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жил жилийн “Номын баяр”-т 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Харин энэ жилийн баярт 60 гаруй шинэ оролцогч нэмэгджээ. Мөн уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг гэсэн албан тоо бий.

Гурван өдөр үргэлжлэх эл баярыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр “Номын баяр маань жилээс жилд өргөжиж, олон улсын статустай болж байгаад баяртай байна. Энэ баяр уншигч-зохиолчийг уулзуулж, амьд холбоог бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Номын баяр маань КОВИД-ын үеэр ч тасраагүй. Номын энерги хүч агуу гэдгийг бид цар тахлын үеэр энэхүү баярыг зохион байгуулахдаа мэдэрсэн. 

Ном бол ертөнцийг харах гэрэлт цонх, танин мэдэх үүд хаалга юм. Ном уншдаг хүн мянган өөр амьдралаар амьдарч чадна. Харин уншдаггүй нь нэг л амьдралаар амьдардаг гэсэн хуучны үг бий. Тиймээс ард түмнээ илүү их уншихыг уриалъя” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийхээ дараа “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д шагнал гардуулжээ.