Х.Баавгай: Гэртээ байх амин чанар, гэрсэг үзэл гэж монгол хүнд л байдаг сайхан чанар бий

П.Мөнгөнсор
05 сарын 13, 2024

Ажил, амьдралын тэнцвэрийг хангаж, гэр бүлдээ чанартай цагийг зориулахын ач холбогдлын талаар Хүүхэд гэр бүл судлаач доктор, дэд профессор Х.Баавгай ийнхүү зөвлөж байна. 

Тэрбээр, Хүүхдэд зориулсан нэг хормыг ч чанартай байлгах хэрэгтэй. 

Миний охин, миний хүү өнөөдөр ямар байв? гээд тэврээд үнсэхэд л тэр хүүхдэд ямар их баяр баясгалан авчирдаг, би ямар сайхан аав, ээжтэй юм бэ гэсэн мэдрэмжийг өгдөг. 

Хэдийгээр бид замын түгжрэл, завгүй ажил гэх мэт олон зүйлд цагаа зарцуулж жаахан стресс, бухимдалтай харьж байгаа ч гэсэн стрессээ хаалганы цаана хаяад гэртээ инээгээд л ор. 

Ямар ч хүн гэртээ харихыг яардаг. Хүүхэд хүртэл ийш тийш яваад жаахан уйдахаараа “Аав аа, ээж ээ гэртээ харья даа” л гэдэг. Гэртээ байх амин чанар, гэрсэг үзэл гэж монгол хүнд байдаг сайхан чанар юм. 

Тэгэхээр ямар ч атугай гэртээ эрт харь, эрт хариад та эхнэр, үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан, амьд харилцаа үүсгэ. Хүүхэдтэйгээ тоглож, өдөр юу болсноо бие биедээ ярьж болж байна. Яг үүнтэй адилхан хүүхэд сургууль дээрээ юу болсон, багш өөрийг нь юу гэж хэлсэн, би ийм юм хиймээр байна гэх мэтээр ярилцаад эхлэхэд хүүхэд аяндаа ярилцаж сурдаг. Гэр бүлдээ чанартай цаг гаргах гол гарц нь утсаа битгий оролдоорой. Сүүлийн үед таван ам бүлтэй айл байлаа гэхэд таван тийшээ хараад утсаа ухаад суучихдаг гэж хэлж ярьж байна. Энэ бол чанартай цаг биш.


 -Та өөрөө гэр бүлийнхэнтэй цагийг хэрхэн чанартай өнгөрүүлдэг туршлагаас хуваалцаач? 

-Миний нэг дадал бол би хүүхэдтэйгээ их тоглодог. Бага байхад нь хүүхдүүдтэйгээ барилдана, ноцолдоно, нуугдаж тоглоно. Гэр дотуураа гүйнэ шүү дээ. Би найман ачтай. Том ач нар маань “Өвөөтэй цуг байхад гоё” гэж хэлдэг. Тэгэхээр чанартай, бүтээлч цаг гэж амьд харилцаа бий болгодог тоглоом, яриа хөөрөө, хамтын янз бүрийн аялал, зугаалга, үзвэр үйлчилгээ энэ бүгдийг хэлнэ.

Гэрийнхэнтэйгээ хамтарч хоолоо хийх нь бүтээлч, чанартай цаг шүү дээ. Ингэж гэр бүлдээ чанартай цагийг зориулбал хүүхдүүд “Аав ирээд ямар тоглоом тоглох бол, ээж ямар гоё санаа хэлэх бол” гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр аав, ээжийгээ хүлээнэ.

Гэртээ цагийг аз жаргалтай өнгөрүүлсэн хүн маргааш өглөө ажилдаа аз жаргалтайгаар явна. Ажилдаа аз жаргалтайгаар явсан хүний ажлын бүтээмж мэдээж өндөр байна. Тэгэхээр ажил, ар гэрийн харилцааны тэнцвэрт байдал нь харилцан хамааралтай байдаг. Үүнийг дэлхий нийтэд хөдөлмөрлөхүйн үндсэн зарчим гэж үзэж байна л даа.


-Ажлын цаг дууссан ч ажил дээрээ удаан суух нь сайн ажилтны шинж гэж ойлгодог байсан үе бий. Тэгвэл энэ ойлголт хоцрогдож, ажил болон гэр бүлд зориулах цагийн тэнцвэрийг хангах нь чухал боллоо гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Гэртээ эрт харих, ажилдаа эрт очих хоёр бол холбоотой үг юм. Хувь хүн цагийн тооцоогоо зөв хийж, ажлаа зөв зохицуулж, эхний үед бол нийгмийн амьдралын голдиролд дасан зохицохоос өөр аргагүй. 

Жишээлбэл, “Түгжирсээр байгаад ажлаасаа хоцорчихлоо, ийм их түгжрэлтэй байхад яаж гэртээ эрт харих юм” гэх мэт хандлага нь бурууг бусад руу чихдэг хоцрогдол. Тиймээс түгжрэлийг тооцож ажлаа зохицуулахаас өөр аргагүй.  

Өнөөгийн байдалдаа дасан зохицоод явж байтал аяндаа улам сайжирна. Ямар ч их ажилтай байсан гэр бүлдээ нэг минутыг ч гэсэн зориулах чин сэтгэл  байвал болох юм. Тэгэхээр би “Гэр бүлдээ сэтгэл гаргаач ээ” гэж хэлмээр байна. 

Холбоотой сэдвүүд

гэрбүл хүүхэд хүүхэд хүмүүжил

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.