Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Дотоод аудитын газрын дарга С.Мөнхчулуун нарын албаны хүмүүс зүүн өмнөд хязгаарт өрнөж буй, хөгжлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцахаар нийслэлээс сэтгүүлч, зураглаачдын хамт өглөө эртлэн хөдөллөө. 

Зам дардан, ноён хутагт Данзанравжаагийн нутагт аагим халуун агаад хөрсөн дээр +40 хэм хүрч угтав. Өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш дусал ч бороо ороогүй эл нутагт уснаас илүү чухал, үнэ цэнтэй зүйл үгүй ажээ. 

Гэвч залуус аагим халууныг үл ажран цаг нартай уралдан хөдөлмөрлөж, тэнд улс орны хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН: СТРАТЕГИЙН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ УГ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай танилцлаа. Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.  

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулна” гэж заасан. Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлжээ. 

EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3 багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн билээ.    

Д.Амарбаясгалан сайд хэлэхдээ “Газрын тосны үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдал, бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэг өгсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарахаас гадна нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болж, гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ.

Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна” гэж онцолсон юм.

Үйлдвэрийн гол түүхий эд болох түүхий газрын тосыг Дорнодоос хоолойгоор татахаар төлөвлөж буй. Түүхий тос дамжуулах хоолойг Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн найман сумыг дайруулж, нийт 530 км газар  татахаар зураг төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, 

Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул-XIX”, “Тамсаг XXI” талбайгаас гарсан түүхий газрын тосыг хоолойгоор дамжуулж, төлөвлөсөн маршрутаар тээвэрлэх юм байна.

Монгол инженер, техникийн ажилчид 2018-2019 онд дэд бүтцийн анхны ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг өөрсдөө барьж дуусгажээ. 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл цар тахалтай холбоотойгоор бий болсон үнийн өсөлт, тээвэр ложистик зэрэг хүндрэлтэй асуудлуудыг даван туулж, тасралтгүй хэрэгжсээр эдүгээ төлөвлөлт, инженерчлэлийн үе шатаас бүтээн байгуулалт, барилга угсралтын шатад шилжсэн байна.

Монгол Улсын шатахууны хэрэглээ нэг жилд 1.2-1.4 тэрбум ам.доллар байдаг.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1 сая тонн орчим шатахуун, дизель түлш үйлдэрлэж, нийт хэрэглээнийхээ 80-90 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд 4-5 их наяд төгрөгөө импортод алдахгүй гэсэн үг. 

Сүүлийн жилүүдийн дүн мэдээгээр, “ПетроЧайна Дайчин тамсаг” компани жилд дунджаар 600 орчим мянган тонн газрын тос олборлож буй аж. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор жилд багадаа 1.5 сая тонн газрын тосыг үйлдвэрлэлд оруулах шаардлага үүсэх тул Засгийн газар хайгуул, нөөц чиглэлдээ анхаарах хэрэгтэй болж буй юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сайдын хэлснээр БНЭУ, БНХАУ-ын тодорхой тооны ажиллах хүч гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа аж. Өнөөдрийн байдлаар Энэтхэг, Хятад, Монголын нийт 2000 гаруй ажиллах хүч бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. 


С.НАРАНЦОГТ: ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН 
САНХҮҮЖИЛТИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос Гарын тосны үйлдвэрийн төслийн гүйцэтгэлийн явцад гарч буй зарим асуудлын талаар тодрууллаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцад үүссэн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани манай улсынх бус төслийн компани юм. Одоогоор энд 80 орчим хүн ажиллаж байна. Эдгээр хүний цалин хөлс, үйл ажиллагааны зардал тусдаа асуудал. Учир нь өдөр тутмын энэ бүх зардлыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж байсан. 

Харин өнөөдөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа хоёр тусдаа асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл, тус компани өдөр тутмын үйл ажиллагаагаа Хөгжлийн банкны зээлээр явуулж байсан ч зээлийн шугам хаагдсан учраас хэсэг хугацаанд санхүүжилт нь зогссон. Тиймээс эл компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд дээд төвшнөөс “Эрдэнэс Монгол” компанид асуудлыг хариуцуулж, ажиллуулах үүрэг хүлээлгэсэн. 

Одоогийн байдлаар энэ хүрээнд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөөд байна. Он дуустал эл асуудал өөр байдлаар шийдэгдэхгүй явна гэж үзвэл 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөв батлагдахыг хүлээж байна. Тиймээс санхүүжилтийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

-Үйлдвэрт ажиллах инженер техникийн ажиллагсдыг ажлын байранд бэлдэхээс гадна ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, 2022 оны 9 сард 21 оюутан элсүүлсэн ч АМГТГ-аас сургалтын төлбөрийг өнөөг хүртэл шилжүүлээгүй гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танай компанид албан ёсоор асуудлаа тавьсан уу? 

-Одоогийн байдлаар манайд ийм асуудал тавигдаагүй байна. Ер нь Ашигт малтмал, газрын тосны газраас энэ чиглэлийн хүмүүсийг бэлдэж, төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэсээр ирсэн. Энэ хүрээнд цаашид ч салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлтэй байна. Төслийн хүрээнд үүссэн, нэлээн олон хүний асуудал яригдаж байгаа учраас хүндрэл гарсан болов уу.

-Төслийн хүрээнд нийт 550 айлын орон сууц баригдана. Тус барилгын ажлын нэг хэсгийг Батлан хамгаалах яам хийж гүйцэтгэх байсан ч өнөөдрийг хүртэл ажил урагшилсангүй. Хөрөнгө оруулагч талаас гэрээний дагуу ажил хэвийн үргэлжилж буй бол манай тал хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Энэхүү ажлыг мөн л Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан, өнөөдөр санхүүжилт нь зогссон байдалтай байна. Тиймээс нийгмийн халамжийн эл төслийг дуусгахын тулд Засгийн газар Хөгжлийн банктай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.


НҮҮРСЭЭ БИРЖЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛСЭН НЬ НҮҮРСНИЙ ҮНЭ 
НЭМЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН"

Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, 2022 онд нийт 1.1 тэрбум ам.долларын орлого олсон талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэв 

Тус компани бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11.5 сая тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, 

Зөв менежмент хийж чадвал нэг жилд олсон орлогыг хагас жилийн хугацаанд олох боломжтой.

Д.Амарбаясгалан “Засгийн газраас нүүрсний үнийг нэмэгдүүлэх, нүүрсний тээврийн орлогыг дотооддоо төвлөрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь нүүрсний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Тодруулбал, нийт 20 удаагийн арилжаагаар 1,2 сая тн нүүрсийг 140,92 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40.0 орчим сая ам.доллароор нэмэгдүүлсэн. 

Хатуу коксжих нүүрс нэг тн-ыг хамгийн багадаа 131,6 ам.доллароор, хамгийн ихдээ 182,1 ам.долларт хүргэж борлуулсан байна. Мөн цахим арилжаагаар бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр зардаг болж, эрчим хүчний болон сул коксжих нүүрсийг худалдаалж эхэлсэн” гэв.


НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан Бортээг хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станцын төслийн явцтай танилцав. 

“Нүүрс баяжуулах үйлдвэр хугацааныхаа дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийж байгаа учраас 2024 онд ашиглалтад орохоор байна. Тус үйлдвэр одоо зарж байгаа нэг тн нүүрсэн дээр 60-80 ам.долларын орлого олох боломж бүрдүүлнэ" гэж Д.Амарбаясгалан сайд хэлэв 

Мөн тэрбээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг эдийн засаг, экспортод голлох нөлөө үзүүлэх бодлогоор Засгийн газраас онцгойлон дэмжиж буйг тодотгосон юм.

Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр нүүрсний экспорт, орлого нэмэгдэнэ, төдийчинээ улс орны эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дэмжин ажиллана” гэж мэдэгдэв.

Дорноговь аймагт аж үйлдвэрийн парк болон Айл баян уурхайн жилд 3 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтууд өрнөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани дээр хуурай болон нойтон аргаар угааж, баяжуулах үйлдвэрийн хоёр төсөл хэрэгжиж байна. Эхний үйлдвэр нь сул коксжих нүүрс бүхий “Бортээг”-ийн уурхайг түшиглэн байгуулсан хуурай баяжуулах үйлдвэр. Хамгийн сүүлийн үеийн усгүй технологиор нүүрсийг угааж, баяжуулах хүчин чадал бүхий уг үйлдвэр энэ оны долдугаар сард ашиглалтад орно. 

Эхний ээлжид жилд 5 сая тонн нүүрс угаах бөгөөд үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн саад гарахгүй бол жилд 30 хүртэл сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр юм.

Хуурай баяжуулах үйлдвэрийн гол түшиц болох “Бортээг” уурхай 430 сая тонны нөөцтэй. Үүний 90 хувь нь сул коксжих нүүрс, 10 хувь нь коксжих чанарын нүүрс аж. Уг хуурай баяжуулах үйлдвэр зөвхөн “Бортээг”-ийн нүүрснээс гадна бусад давхаргын нүүрсүүдийг үнэд оруулах ач холбогдолтой. ТЭЗҮ-ээрээ тус үйлдвэр 15 жил ажиллах юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Тавантолгойн орд газарт хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл бол нойтон аргаар баяжуулах үйлдвэр. 2022 оны дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалтаа эхлүүлж, зунаас үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. 

“Эрдэнэс Тавантолгой” ХХК бие даан хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко” компани ажиллаж байна.

Бортолгой, Цанхи, Онч Хараат зэрэг ордуудын дунд байгуулагдаж буй уг үйлдвэр тэдгээрээс гарах сул чанартай нүүрсийг баяжуулах зорилготой. Ашиглалтад орох хугацаа нь 2024 оны зургадугаар сар ч талууд тус төслийг хугацаанаас нь өмнө дуусгах зорилготойгоор ажиллаж байгаагаа дуулгалаа.

Дээрх хоёр баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, жилд Монгол Улсын эдийн засагт нүүрсээ борлуулж олсон орлого 400-500 сая ам.доллароор өсөх тооцоолол бий. Үйл ажиллагаа нь хэвийн болсон нөхцөлд жилд боловсруулахаар тооцсон 5 болон 10 сая тонн нүүрс угаах хэмжээ 30 хүртлээ нэмэгдэж, нүүрснээс орж ирэх орлого энэ хэмжээгээрээ өсөх боломжтой гэсэн үг. 

Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж буй. Үүнтэй холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос хангах зорилготой ажиллаж байгаа билээ.


Төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтөй. Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай ус хангамжийн нэг хэсгийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм. 

Үргэлжлэл бий