Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Тэд өчигдөр Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

“Эрдэнэс-Тавантолгой”  төсөл 2010 онд хэрэгжиж, уурхайн уулын ажил албан ёсоор эхэлсэн. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.



Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.


"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийт 822 ажилтантай бөгөөд бүгд монгол иргэд. Нийт ажилтны  62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.


Өнгөрөгч онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 14.95 сая тонн нүүрс борлуулж, 2.1 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 522.3 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн 728.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. 


2019 оны гүйцэтгэлээр 16.2 сая тонн нүүрс олборлож 15.5 сая тонн нүүрс борлуулан, 2 их наяд 660 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, өмнөх оноос нүүрсний борлуулалтын орлого 34 хувиар, борлуулалтын хэмжээ 18 хувиар нэмэгдсэний үр дүнд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 


Ажлын байрыг нэмэгдүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг охин компанийг байгуулсан байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд болон нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллаж байна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ.




Түүнчлэн өнгөрөгч сараас эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараасан. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн эзэмшдэг.

Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр дагуу тус компанийн хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн сараас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.