УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Тогтмолын Мөнхсайхан иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ удаа тус дүүргийн 4,5 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Мөн иргэдийн асуусан асуултад ч хариуллаа.

Тэрбээр  “Өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэдэн зуун эмнэлэг шинээр бариад, хэдэн зуун эмч бэлтгэсэн ч эмчилж дийлэхээргүй хэмжээнд хүрсэн. Ганцхан жишээ хуваалцъя л даа. ХУД-ийн 3000 гаруй өндөр настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 90 гаруй хувьд нь зүрх судас, үе мөчний өвчлөл илэрч байна. 

Харамсалтай нь ганцхан ахмад төдийгүй бага балчир насныхны дунд ч өвчлөл нэмэгдчихлээ. Бид Эрүүл Монгол хүн төслийн хүрээнд 6 настай 8000 гаруй хүүхдийг зүрх судасны системийн үзлэгт хамруулахад 800 хүүхэд зүрхний эмгэг өөрчлөлттэй нь тогтоогдсон. Зарим нь яаралтай хагалгаанд орох онош ч тавиулсан байсан. 

Энэ бол өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар өвдсөний дараа яаж эмчлэх вэ гэдэгт түлхүү анхаарсны үр дагавар юм. Сүүлийн үед зарим нь эмчлүүлэхээр хамаг эд зүйлээ зараад гадаад улсыг зорьж байгаа харамсалтай тохиолдлуудыг ч бид харж байна.

Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд л салбараа мэдэх хүний хувьд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэж ажиллахаар зориг шулуудан МАН-аас УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байна.” гэлээ.  


Түүнчлэн МАН-ын нам мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцооны реформ хийсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тодорхой тусгасан учраас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг хүссэн юм.


Уулзалтад цугласан Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл яаралтай тусламжийн эмчээс эхлээд салбарын сайд хүртэл ажилласан эрүүл мэндийн салбарын эксперт нэр дэвшигч Тогтмолын Мөнхсайханыг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байв.

Мөн Яармаг орчимд амьдардаг иргэдийн хувьд эмнэлгийн үйлчилгээ хүртээмж хангалттай бус байгааг онцлон захиад сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдвол салбараа мэдэх эмч хүний хувьд өрх, дүүргийн эмнэлгийн хөгжилд анхаарч, эрүүл мэндийн салбарыг цэгцэнд нь оруулж ажиллахыг захилаа.