Монгол Улсад төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдоогүй сүүлийн сум байнгын эрчим хүчтэй боллоо

Л.Дэлгэрмаа
06 сарын 25, 2024

Монгол Улсын сум суурин газруудаас төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн санаачлан 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, 3.000 кВт.цаг цэнэг хуримтлуурын систем, 300 кВт-ын нөөц дизель цахилгаан үүсгүүр бүхий хосолсон системээс хангагдаж байсан ч эрчим хүчээр хязгаарлалттай хангагдаж байсан юм. Эрчим хүчний яамны ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдөр ажиллаж, Алтай сумыг БНХАУ-аас төвлөрсөн системээс хангаж эхэлснээр тус сум найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдаж эхэллээ.

Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн 60 кВт, Тонхил сумын Алтансоёмбо багийн төвийн 30 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг хуримтлуур болон инвертерийг шинэчлэх ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа. Тус ажлын хүрээнд дээрх хоёр багийн 70 орчим өрхийн цахилгаан хангамж сайжирсан байна.

Холбоотой сэдвүүд

говь-алтай эрчим хүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.