Д.Өнөржаргал: Нутаг, нутгийн аялгаараа ярьдаг хүн цөөрч байгаа нь устаж, үгүй болохын дохио юм

Л.Дэлгэрмаа
06 сарын 09, 2024

Хэл шинжлэлч Доржийн Өнөржаргал монголчууд нутаг нутгийн хэл, аялгаараа ярих нь улам бүр багасаж, арвин баялаг үгийн сантай монгол хэлний үүрэг харийн хэлээр солигдох эрсдэлтэй байгаад эмзэглэж явдаг судлаачдын нэг юм. Түүнтэй энэ сэдвийг хөндөн ярилцлаа.


-Нутгийн хэл аялгаараа ярихад ойлгохгүй, эсвэл шоолох асуудал байдаг нь үнэн шүү. Энэ нь ямар сөрөг талтайг та тайлбарлаач?

-Жишээ нь казах хүүхэд “Нарыч” гэхэд “Юу гэнэ ээ?” гээд ойлгохгүй, шоолно. Түүнээсээ хүүхэд ичнэ, би тэрнээс дутуу юм байна гэсэн мэдрэмж авна. Би 9-р ангидаа шилжиж, Сэлэнгийн Баянгол сумын сургуульд орсон л доо. Үг хэлэхээр л ангийнхан “Юу яриад байгаа юм бэ!” гээд инээлддэг. Урлагийнхан, хошин шогийнхон олон ястан амьдардаг өлгийнхөн, увсынхан, ховдынхон зэрэг аймгийн хүмүүсийн үг яриаг элэглэсэн, доромжилсон агуулгатай контент түгээж байгаа нь сэтгэл эмзэглэх асуудал юм. Энэ бол соёлын үнэт биет бус өвийг шахан гаргах, ичмээр зүйл гэж олон нийтэд ойлгуулахад маш том үүрэг гүйцэтгэж байна.

Үүнтэй холбоотой олон жишээ байдаг л даа. Онц сурдаг хүүхэд хөдөөнөөс төвийн сургуульд ороод, Уран зохиолын хичээлдээ дандаа муу дүн авдаг. Ээж нь гайхаад “Яасан бэ, миний охин. Яагаад муу аваад байгаа юм бэ?” гэсэн чинь “Би хичээлээ ярих гэж гарч үг хэлэхэд манай ангийнхан инээлдээд байдаг” гэж хэлсэн байдаг. Тэрнээс болоод хүүхэд аман хичээлдээ муу авдаг. Тэр хүүхэд дараа нь яадаг вэ? гэхээр “Халх аялгыг л хурдан сурах ёстой юм байна” гэж өөрийнхөө аялгыг тэр чигт нь хаях зорилготой болж байна л даа. Тэгэхээр жинхэнэ баяд, дөрвөд, мянгад, хотон аялгаараа ярьдаг хүмүүсийг тэр нутгаас нь хүртэл олоход бэрх болж байна.

Зөвхөн хотод орж ирээд биш, орон нутагтаа үндсэн аялгаараа ярьдаг хүн цөөрч байгаа нь устаж, үгүй болж байгаагийн дохио юм. Энэ бол гайхах, шоолох, жигших зүйл огт биш ээ. Тэр хүний яриаг бид ойлгодог, ойлгохыг хүсдэг болохыг үр хүүхдүүддээ хэлж, өвлүүлж үлдээх ёстой.

-Цөөхөн монголчууд баруун, зүүн аймаг, хэл аялгаараа талцан хуваагдах эхлэл эндээс тавигддаг гэж хэлж болох уу?

-Ерөөсөө л тийм. Нутаг ус, хэл аялга, сүүлдээ нам улс төрөөр талцаж байна. Энэ талцал хэзээ дуусах юм бэ. Монголчууд хэзээ нэгдэж, сайн сайхан амьдрах юм бэ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “10 хүүхдийн зургаа нь уншаад, ойлгох чадвар сул байна” гэж мэдэгдэл хийсэн. Монгол хэлээрээ ойлгох чадвар сул байгаа бол бусад хэлээр уншиж, ойлгож чадах уу? Монгол хүнд монгол хэл нь суралцахад хамгийн сонирхолтой, хамгийн таатай хэл байж яагаад чадахгүй байна? гэдгийг бид бодох ёстой болж байна.

-Таны бодлоор энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?

-Хэлний асуудал, бодлогыг хэл шинжлэлийн эрдэмтдэд л даатга. Хэл гэдэг бол хэн дуртай нь оролддог, хэн дуртай улстөрчийн мэддэг зүйл биш ээ. Англи хэл дээр гардаг “Baby tv”-ийн нэвтрүүлгүүдийг би хэрэг болгон харахад тоог яаж заах, тоглоом тоглуулж байхдаа үгнүүдийг яаж ойлгуулах, жишээ нь, 3 настай хүүхэд хэдэн үг мэдэж, ярьж, ойлголцдог байх ёстой юм? гэдэг нь бүгд судалгаатай. Нэвтрүүлгүүд нь бүхэлдээ судалгаан дээр үндэслэж, англи хэлтэй хүүхдүүдийг өсгөж, бойжуулж байна.

Маш нарийн судалгаатай нэвтрүүлгүүд учир монгол хүүхдүүд тэрийг харсаар англи хэл сурчихаж байна. Хүний хэл, сэтгэхүй хоёр холбоотой байдаг. Нэг сандал хараад л англиар, монголоор юу гэх билээ? гэх мэтээр бодох тусам тэр хүний сэтгэхүйн хурд нь багасаж байдаг. Англи хэл дэлхийн хэл учир бид сурах ёстой. Гэхдээ хуульдаа тусгаж, англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл гэхээс илүү боловсрол олж авах хэл, хэн ч сонгож сурч болно гэж оруулж ирвэл илүү үр өгөөжтэй.

Би өөрөө хэл шинжлэлийн мэргэжилтэй, энэ талаар санаа зовж явдаг хүний хувьд охиноо монгол сургуульд оруулаад, 7-р анги хүртэл нь ямар нэг гадаад хэл үзүүлээгүй. Дандаа монгол ном уншуулж, ярилцаж, үгийн баялаг, үгийн тоо нь хэр их нэмэгдэж байна. Хэдэн үгийн дотор ярьж байна гэдгийг өөрийнхөө хүүхэд дээр судалж, 7-р ангиас нь англи хэл үзүүлж эхэлсэн. Миний охинд орчуулга хийх, монголоор ярихад ямар ч асуудал байдаггүй. Англи хэлээ ч маш сайн сурсан. Хүүхэд нэг, хоёрдугаар ангиасаа л гадаад хэл үзэхгүй бол хоцорно гэдэг хандлагыг би үгүйсгэж чадсан.

Монгол хүүхдүүдэд чиглэсэн хэлний болоод боловсролд зориулсан нэвтрүүлгийн бодлого байхгүй. Хүүхдэдээ сайн ном уншуулъя гэхээр ихэнхдээ орчуулгын зохиолууд байдаг. Монгол агуулгатай, маш баялаг үгийн сантай ном байхгүй гэж хэлж болно.

Есдүгээр ангийн охин минь “Үй хуа гэж зохиолчийн “Амьдрахуй” номыг уншиж ир гэсэн даалгавар өгсөн” гэж байна. Би бүр гайхаад багштай нь уулзаж, “Энэ бүтээлийг ямар  зорилгоор унш гэсэн даалгавар өгсөн бэ?” гэж асуулаа. “Шилдэг номын жагсаалтад орсон болохоор нь” гэж хэлэхэд нь би дахиад л гайхсан.  

-Ямар учраас Танд “гайхмаар” байсан хэрэг вэ?

-Би тэр номыг арай гэж уншиж дуусгасан, маш их зовлон бэрхшээлтэй. Эндээс 15 настай хүүхдүүд юу авах вэ? “Амьдрал ийм хэцүү юм байна” гэсэн ойлголт авбал яах вэ?. Бодол санаа нь төлөвшөөгүй хүүхдүүд “Амьдрал ийм хэцүү юм бол би амьдрах хэрэг байна уу? гэдэг ойлголт авбал яах вэ. Төлөвшөөгүй оюун тархин дээр тийм хүнд зохиолыг уншуулж, дарамт болгож, тийм хэцүү хар бараан талаас нь амьдралыг хардаг болгочихвол яах вэ. Тэд чинь маш эмзэг шүү дээ. Эх хэл нь яаж доройтож, ямар аюулд өртөж байгааг мэддэггүй. Хүмүүс талхны үнэ өсөж байгааг мэдэж ярьдаг хэр нь эх хэл нь аюулд өртөж байгааг ерөөсөө анзаардаггүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажилладаг. Тэр зөвлөл энэ чиглэлээр юу хийх ёстой вэ?

-Хэлний бодлогын үндэсний зөвлөл гаднаас орж ирж байгаа үгнүүдийг оновчтой монголчлох ажлыг хийх ёстой. Тэр ажлууд хаягдсанаас эх хэл замбараагүй, хил хязгааргүй, хамгаалалт, дархлаагүй болж байна. Жишээ нь, “скүүтер” гэж шинэ үг гарлаа. “Инноваци” гэж үг их хэрэглэж байна. Энэ үгийг хүн бүр өөр өөрөөр ойлгодог.  Зүй нь юу гэхээр “инноваци” гэж шинэ дэвшилтэт технологийг гаргаж, тэр нь зах зээлд нэвтэрч үр ашгаа өгөхийг хэлдэг. Гэтэл шинээр нэг юм хийгээд, тэр нь ямар ч үр ашиг өгөөгүй, хэрэглээнд ч ороогүй зүйлийг “инноваци” гэж нэрлэж байгаа буруу. Үг бүхэн өөр өөр ойлголттой. Энэ мэтээр өөр өөр ойлголт бий болсноос монголчууд монголоороо ярьсан хэр нь хоорондоо ойлголцохоо больж байна. 

Хэн дуртай хагас хугас англи хэлтэй нь ямар ч үгийг өөрийнхөө ойлгосноор бичиж, хэрэглээнд оруулж байна. Энэ бол Монгол Улсын хил дээр хяналт байхгүйтэй л адил зүйл. Хэлний үүрэг нь хоорондоо ойлголцох шүү дээ. Эх хэл маань үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй болоод ирэхэд эндээс хямрал эхэлж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

хэл засалч хэл зүй хэл шинжээч

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.