Мэргэжил сонголт гэдэг хүүхдийг 12 дугаар ангид орохоор нь эсвэл ЭЕШ дөхөх үед гэнэт санаж “Юу болох вэ?” “Ямар сургууль орох вэ?” гэж санаа зовох зүйл биш. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх нь ингэж л боддог. Хэрвээ хүүхэд тань өдийг хүртэл ажил мэргэжлээ сонгоогүй бол энэ нь таны буруу.

Улс орны боловсролын систем, бодлого гээд олон асуудал ярьж болно. Гэхдээ хүүхдийнхээ хувь хүний хөгжилд нь анхаарч, мэргэжлийн чиг олгоогүй, амьдралыг нь урт хугацаанд хамт төлөвлөх нь  эцэг эхийн хариуцлагатай салшгүй холбоотой. 


Хүүхдэдээ мэргэжлээ сонгоход нь  хэрхэн туслах вэ? 

Гэнэт л нэг мэргэжил зөвлөөд, цалин хөлсийг нь ярих буруу гэнэ. Мэргэжил сонголтын зөвлөхүүд эцэг эхчүүдэд хүүхдэдээ бага наснаас нь эхэлж ажил мэргэжлийн талаар мэдээлэхийг зөвлөдөг байна. Хүүхдүүдийн 60 гаруй хувь нь ажил мэргэжлийн тухай мэдээллийг ээж аав, багш,  ах эгчээсээ найз нөхдөөсөө авдаг гэж судалгаа бий. Иймд хүүхэдтэйгээ бага наснаас нь эхэлж ажил мэргэжлийн талаар ярилцах хэрэгтэй юм. 

Өөрөөр хэлбэл бүхий л ажил, мэргэжлийн талаар мэдээлж сонирхолыг нь төрүүлэх ёстой гэсэн үг. Тухайлбал ажил мэргэжлүүдийг хэрхэн ангилдаг, тухайн мэргэжилд шаардлага тавигддаг, сурч боловсрох боломж, их дээд сургууль, МСҮТ-ийн ялгааг насанд нь тохируулж ярилцах шаардлага тулгарна. 


Өөрийгөө танин мэдэх, хүсэл сонирхлоо олоход нь тусла

Энэ нь мэдээж химийн хичээлдээ сайн болохоор эмч бол, эсвэл эрэлттэй мэргэжил болохоор инженер бол гэдгийн эсрэг санаа. Хүн өөрийгөө чухам хэн бэ, юунд сонирхолтой вэ, юуг хамгийн сайн хийж чаддаг вэ гэдгээ таньж байж л өөрт тохирох зөв ажил мэргэжил сонгоно. Энэ талаар мэргэжил сонголтын зөвлөх (coach) Н.Энхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ хичээлээс өөр юм хийж, цагаа дэмий өнгөрөөж байна гэж бодохоос урьтаж хүссэн зүйлээ хийх орон зай, цаг хугацааг нь олгож  “Яагаад хүү маань энэ тоглоомыг тоглодог юм бол, юу нь тэгэж их сонирхлыг нь татаад байна  гэдгийг бодох нь зүйтэй. Үүний дараа хамт тоглож үзээд учрыг нь  олох гэж оролдох, үзэж байгаа анимэ, кино нь миний үеийнхээс ялгаа нь юу байна гэдгийг ажиглах нь зөв алхам юм. Дараа нь хүүхдэдээ хэр хэмжээнд үзэх ёстойг зааварлаж хэлбэл өөр."  гэж зөвлөсөн юм. 

Харин олон улсад чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд юун түрүүнд хүүхдэд багаас нь өөрийгөө таньж мэдэхэд суралцуулдаг. Тухайлбал Японд хүүхдийг бага ангиас ахлах анги хүртэл нь мэдээлэл цуглуулах, төлөвлөлт хийх, шийдвэр гаргах, хүмүүстэй харилцах гэсэн дөрвөн чиглэлийн 12 чадварыг эзэмшүүлдэг байна. 

Зөв харилцах чадварт суралцуулахын тулд дараах зүйлсийг хэрэгжүүлдэг.

Бага ангийн хүүхдэд:

Өөрийнхөө талаар ойлгох болон бусдыг хүндлэхийн ач холбогдлыг ойлгуулаарай. Мөн хүний бодол санаа хэрхэн өөрчлөгддөгийн учрыг тайлбарлаж энэ нь ямар чухал болохыг сургах ёстой. 

Дцнд ангийн хүүхдэд:

Харин дунд ангийн хүүхдэд өөрийнх нь давуу талыг чаддаг зүйлсийг нь түлхүү  дэмжин, бусдад нөлөөлөх чадварт сургавал тохиромжтой.  

Ахлах ангийн хүүхэд:

Тэдний хувьд өөрийнгө хүлээн зөвшөөрөх, хүчтэй талыг ойлгох, өөрийн зан төлөв нь сонгох гэж буй ажил мэргэжлийн холбоо хамаарлыг тодорхойлох, бусадтай үр дүнтэй харилцах чадвар эзэмших тал дээр анхаараарай.


Эхлээд хүүхдээ сонс, дараа нь...

Заримдаа хүүхдүүд хэт гэнэн байдлаар төсөөлж, бодит байдлыг ойлгохгүй байх үе цөөнгүй. Энэ үед нь сонирхлыг дэмжихийн зэрэгцээ сул тал, алдаа дутагдлыг хэлж ойлгуулах нь эцэг эхчүүдийн үүрэг. Гэвч өөрийнх нь санаа бодлыг бодолцолгүйгээр эрс няцааж болохгүй. 

Тэгвэл яах ёстой вэ? 

Иймд үед та хүүхдийнхээ сонирхож байгаа мэргэжлийнх нь хэцүү хүндрэлтэй талуудыг жагсааж бичээд эхнээс нь хэлж өгөөрэй. Нэг зүйлийг сануулж хэлэхэд үүнийг өөрийн бодлоо хүүхдэдээ тулга гэсэн үг огт биш. 

Жишээлбэл хүүхэд тань тогооч болохыг хүсдэг гэж бодъё. Шууд л болохгүй, чи их сургуульд орох ёстой гэж тулгаж мэдээж болохгүй. Эхлээд хүүхдийнхээ бодлыг сонсоод дараа нь асуу. Тухайлбал "Ямар төрлийн хоолны тогооч болох вэ?, Гал тогоонд халуун орчинд удаан ажиллах ачааллыг дааж чадах уу?, "Богино хугацааны сургалтад суух уу эсвэл  МСҮТ-ийн төв суралцах уу", Өндөр зэрэглэлийн ресторанд ажиллахын тулд гадаадад суралцах хэргэтэй гэх зэргээр ажил дээр гарахад хүүхдээс тань шаардагдах нөхцөл, ур чадварыг нэгд нэгэнгүй хэлж өгөх нь зүйтэй.  Өөрт тань энэ талаар мэдээлэл байхгүй бол хамтдаа судалж үзээрэй. 


Хөдөлмөрийн зах зээл ба технологийн дэвшил

Техник технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед маш олон мэргэжил шинээр гарсаар байна. Нөгөөтэйгүүр, маш олон ажлын байр хиймэл оюун ухаанд шилжиж, аливаа мэргэжил хэзээ эрэлтээс гарах нь тодорхойгүй болчихоод буй. 

Улмаар цалин өндөр, нэр хүндтэй, эсвэл ээж, аавынхаа мэргэжлийг өвлөхөд илүү төвөгтэй болж байгаа юм. Тиймээс, хөдөлмөрийн зах зээлийг ойлгож “Хэдэн жилийн дараа ажлын байранд бэлэн болох вэ?”, “Эдийн засгийн идэвхтэй боловсон хүчин болоход миний ажлын байр үнэ цэнэтэй хэвээр байх уу?” гэх мэт ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, түүнд нөлөөлж буй голлох хүчин зүйлс болсон технологийн талаар бодож үзээрэй.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан  судалгаагаар  2030 онд эрэлттэй байх ажлын байруудын 70-80 хувь нь технологид суурилсан байх болно гэж үзсэн. Үүний дагаад хүмүүсд техник технологийн мэдлэг түлхүү шаардагдаж байна. Өмнө нь гадаад хэлний мэдлэг, компьютерийн энгийн хэрэглээг шаардаж байсан бол дараагийн түвшинд шилжиж аливаа зүйлийн логик дарааллыг ойлгодог, шинжлэх ухаанчаар ханддаг байх цаашлаад  программын хэл ойлгодог байх, код бичих зэрэг чадварыг дурдаж болох юм. Технологийн боол байх уу,үүнийг ашигладаг эзэн байх уу гэдэг нь тухайн хүнээс шууд хамаарах юм.