Тогтохбаярын Ариунзаяа
09 сарын 04, 2024
Ирээдүйн ажил, мэргэжлээ сонгох чухал шийдвэртэй нүүр тулж буй өсвөр насныхан буюу дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйдээ бэлдэцгээе” хэмээх цоо шинэ ном хэвлэгдээд байна.Тус номын зохиогч О.Энхзултай орчин үеийн ажил мэргэжлийн чиг хандлага, ирээдүйн ажлын байрны онцлог, зорилго тодорхойлох аргын талаар ярилцлаа.
О.Энхзул нь 2016 оноос хойш тогтвортой хөгжлийн зорилгуудыг хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүддээ урьтал болгон ажиллаж чанартай боловсрол, тэгш бус байдлыг бууруулах, бүтээмжтэй, чадамжтай байгууллагуудыг хөгжүүлэхэд бодлого, стратеги талаас нь онцгойлон ажиллаж байна.
Энэхүү сэдэв нь өсвөр насныхан төдийгүй тэдний эцэг эхчүүд, багш нарт ч зөвлөгөө, чиглүүлэг болно гэдэгт итгэж байна.
Өсвөр үеийнхэн ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлэн үү?
Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж тэр хэрээрээ ирээдүй өөрчлөгдөж байна. Бидний одоо ашиглаж буй техник технологи ирээдүйд ямар түвшинд хүртэл хөгжихийг бид төсөөлөхөд ч бэрх.
Өнөөдрийн 40-өөд насныханд 2030-2050 онд энэ бүх өөрчлөлт хамаагүй байж болно. Гэтэл өнөөгийн өсвөр үеийнхэн тэр үед хөдөлмөрийн зах зээлд гарч ид зүтгэж байх үе шүү дээ.
Иймээс тэр таахын аргагүй ирээдүйд бид үр хүүхдүүдээ цаг алдалгүй бэлдэх учиртай. Тиймээс “Ирээдүйдээ бэлдэцгээе” номыг өсвөр үеийн дүү нартаа болон тэдний багш, эцэг эхчүүдэд зориулж гаргасан. Яагаад томчуудад хэрэгтэй гэж нэг танил маань асуусан. Бид мэдлэг мэдээлэлтэй байж л тэдэндээ зөвлөж өрсөлдөх чадвартай шинэ үеэ бэлдэнэ шүү дээ. Ажил мэргэжлийн өөрчлөлт хэдийн өрнөөд эхэлсэн.
Бичлэг үзэх:
Тухайлбал АНУ-ын Хөдөлмөрийн зах зээлийн статистикийн товчооноос (The U.S. Bureau of Labor Statistics) 2019-2029 он хүртэлх хугацаанд кибер аюулгүй байдлын ажлын байрууд 31% өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ. Үүнээс үзэхэд дижитал орчинд ажиллах ажил мэргэжлүүд бусад чиглэлийн ажлын байруудын эрэлтийн өсөлтөөс хамаагүй өндөр байгаа юм.
Үлдсэн мэргэжлүүд ч ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаан, мэдээлэл технологи дээр суурилсан ур чадварыг шаардах болжээ. Хүссэн хүсээгүй амаа аван хүчтэй урагшилж буй энэ их өөрчлөлтөд өртөхгүй ажил мэргэжил гэж нэг ч үлдэхгүй нь. Тэр хэрээр ойрын арван жилд мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн өрсөлдөх чадвар, тэдний эрэлт хэрэгцээ өндөр байх нь ээ.
Уламжлалт ойлголтоор багш нар болон эцэг эхчүүд илүү амьдралын туршлагатай гэдэг утгаараа хүүхэдтэйгээ биднийг сонсох ёстой гэсэн хандлагаар харьцдаг. Гэтэл тэгж ханддаг үе өнгөрчихсөн шүү дээ.
Хүүхэд эцэг эхийнхээ л үгээр байж, тэдний хүссэн замаар явах ёстой гэдэг хандлагаар биш хүүхдийнхээ юу мэдэрч байгаа, юу хүсэж байгааг маш сайн сонсож ярилцаж, дэмжих хэлбэрээр чиглүүлэх хэрэгтэй. Нэг хүүхдийг өсгөхөд бүхэл тосгон оролцдог гэдэг чинь энэ шүү дээ.
Тренд болох ажил мэргэжлүүд
Өсвөр насны хүүхдүүд ямар ховор, эрэлт хэрэгцээтэй мэргэжил байдгийг тэр болгон сайн мэддэггүй.
Тиймээс мэддэг хэдхэн мэргэжил дотроо эргэлдэж, үүнээсээ мэдэхээ сонгон суралцдаг. Жишээ нь, саяхан танилын маань хүүхэд “Би инженер болъё гэж боддог ч, ирээдүйд яг юу хийх, хэрхэн ажиллах тухайгаа сайн мэдэхгүй байна” гэх жишээний. Тиймээс л өсвөр насныханд ажил мэргэжлийн талаарх ойлголт, чиглүүлэг маш чухал байна.
Ирээдүйд эрэлттэй байх ажил мэргэжлүүдийг хоёр хувааж авч үзэх хэрэгтэй.
Нэг нь аль болох техник технологитой ойрхон ажилладаг мэргэжлүүд юм.
Тухайлбал тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний инженер зэрэг байгаль орчны чиглэлээр хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг дурдаж болно.
Мэдээж хиймэл оюуны ухааны хөгжил ирээдүйн ажил мэргэжлүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх нь тодорхой. Яагаад гэвэл хиймэл оюун хүний нягт нямбай ажиллагаа шаардсан, дүн шинжилгээ хийх даалгавраар хязгаарлагдахаа хэдийн больж бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлын талбаруудад ч хүч үзэж эхэлсэн. Хүнтэй өрсөлдөөд эхэлсэн гэсэн үг.
Шинэ төрлийн дизайн хийж, уран зураг зурж, хөгжим зохиож, эсээ хүртэл бичиж байгаа нь хүний бүтээлч сэтгэлгээг орлож чадахгүй гэсэн бидний төсөөллийн хязгаарыг давжээ.
Нөгөө талдаа технологи орлож чадахгүй, хүний оюун сэтгэлгээнээс гардаг, бүтээлч ур чадвар, шаардах ажил мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байна.
Дижитал талбар хувьсан өөрчлөгдөхийн хэрээр чадварлаг контент бүтээгчид, дижитал маркетер, сошиал медиа менежерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өснө.
Энэхүү сонирхолтой салбарт ажиллах хүсэлтэй өсвөр үеийнхэн одоогоос төрөл бүрийн ур чадварууд тэр дундаа тодорхой техник, технологийн мэдлэгээ бүтээлч сэтгэлгээтэй хослуулж, тасралтгүй суралцах нь чухал хэвээрээ байна.
Хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байвал…
Үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй эцэг эх гэж үгүй. Өсвөр үеийн залуус дүү нартаа зориулж “Ирээдүйд бэлдэцгээе” гарын авлагыг гаргалаа. Хамгийн гол нь хүүхэд өөрөө чиг баримжаатай, ямар ч орчинд дасан зохицчихдог, өөртэйгөө ярилцаад, бусдаас шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг аваад зогсолтгүй өөрийгөө хөгжүүлэх тэр урам зориг, сэтгэлгээг бий болгохыг зорьж номоо бичлээ. Хэдий өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хувилбар ч гэлээ хүссэн хэн бүхэн аваад уншихад маш сонирхолтой байх болно.
Номын хувьд хүмүүсийн уншиж дассан номоос ялгаатай нь уншихад маш хялбар, энгийн байдлаар бичигдсэн. Хүүхэд нэг дороо суугаад залхахгүй уншигдахуйц. Ерөнхий санаануудыг маш богинохон өгүүлбэрээр хуваагаад, том том текстээр өгсөн. Учир нь хүмүүс нүдээрээ харснаар илүү хурдан хүлээж авдаг шүү дээ.
Мөн хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан янз бүрийн аргачлалыг хүснэгтлээд, асуулт байлаа гэхэд асуултад хариулж тэмдэглэл хөтлөх зай үлдээгээд, нэлээн хэрэглэхэд хялбар байдлаар, ойлгоход хялбар байдлаар хийсэн.
Өсвөр насны хүүхдүүд ирээдүйд хэрхэн бие хүн болж төлөвших талаараа ер нь ухамсарлачихсан, ирээдүйн амьдралдаа бэлдээд эхэлчихсэн байдаг.
Өсвөр насныхандаа “Эцсийн үр дүн бус сурах их аяллын явцад төвлөрч өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлсийг танин мэдэж, арвин туршлагыг хуримтлуулж байгаа үйл явц чинь шүү гэдгийг үргэлж санаарай. Эрдэм мэдлэг, ур чадвараар өөрийгөө чимэх үйл хэрэгтээ сониуч, уян хатан, нээлттэй байгаарай. Чиний ирээдүй ямар байхыг чи л шийднэ.Энэ ном бол өөрөө өөрийгөө бүтээх адал явдалтай аялалд хань болно” гэж захимаар байна.
мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээл өсвөр насныхан өсвөрүе
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.185] ・ 2024.09.06 Хариулах
Hi nomoo haanaas hudaldaj avah uu