Технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Women in Tech Mongolia” чуулга уулзалт 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа.  

Энэ жилийн хувьд “Өөрчлөх цаг” уриан дор технологийн салбарт түүчээлж буй эмэгтэйчүүд туршлагаа хуваалцаж, оролцогчдод урам зориг өгсөн юм.

Мөн чуулганы үеэр Монгол Улс дэлхийн “Women in Tech” хөдөлгөөний 26 дахь салбарыг нээснийг албан ёсоор зарлалаа. Энэ хүрээнд Канад, АНУ, Австрали, ЕХ-ноос Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдууд “Жендэрийн тэгш байдал ба Монгол Улсын охид эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засагт эзлэх байр суурийг бэхжүүлэхэд инновац ба технологийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

 Ингээд “Women in Tech Mongolia” чуулганы онцлох санаануудыг тоймлон хүргэе.

Н.Энхсайхан: “Би чадахгүй байх” гэдэг айдсаа давах хэрэгтэй

 /"Women in Tech" хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч/

 Өнгөрсөн дөрвөн удаагийн “Women in Tech” арга хэмжээгээрээ технологийн салбарт ажиллаж буй чадварлаг эмэгтэйчүүдээ нийгэмд таниулъя, залуучууддаа урам зориг түгээе гэж зорьсон. Зорьсондоо ч хүрсэн. 

Учир нь технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо 25-аас 40 гаруй хувь болж өсжээ. Харин одоо бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тиймээс энэ удаад “Өөрчлөх цаг” хэмээх уриа дэвшүүлсэн.

 Технологийн салбарт эмэгтэйчүүдийн ур ухаан, мэдлэг мэдрэмж дутагдаж байгааг хамгийн эхэнд хүлээн зөвшөөрөх ёстой хүмүүс нь бүсгүйчүүд бид өөрсдөө юм. Чадах болов уу гэсэн эргэлзээгээ давчихвал технологийн салбарт асар олон боломж бий.

 

Л.Бадамцэцэг: Технологийн трендийг цаг алдалгүй сурчихвал…

/"Momade" виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч/

 Энэ удаагийн “Women in Tech Mongolia” арга хэмжээнд илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүддээ ээж болсон гээд нийгмийн амьдралаас хоцрох биш, харин ч технологийн хурдацтай хөгжлийг ашиглан тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх талаар туршлагаа хуваалцлаа.

Гэртээ хүүхдээ харж буй ээжүүд хамтраад онлайнаар ажиллаж болох юм байна гэдэг санааг жирэмсэн байхдаа олсон. Тэрхүү санаа маань одоо 300 гаруй ээжийг нэгтгэсэн виртуал туслахын үйлчилгээ болон хөгжжээ. 

Шинээр гарч буй технологийн трендийг цаг алдалгүй сурчихвал ээжүүд маань санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байх боломж нээлттэй шүү дээ.

 

О.Энхжин: Дэлхийн томоохон технологийн компаниудын менежментийн багийг эмэгтэйчүүд удирддаг

 /”Эмпасофт” Технологийн Дээд Сургуулийн дэд захирал/

Технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэж байгаа мэргэжилтний зүгээс харахад хэдхэн жилийн өмнө монголчуудын дунд “Эрэгтэй хүүхэд инженер, техникч, охид эмч сувилагч болдог” гэх мэт хэвшмэл ойлголт байсан. Гэхдээ эдгээр ойлголт аль хэдийн хуучирсан нь ажиглагдаж байна. 

Олон улсад аливаа технологийн шийдэл зах зээлд нэвтэрч хэрэглэгчдэдээ илүү ойртоход эмэгтэйчүүдийн ур чадвар зайлшгүй хэрэгтэйг хүлээн зөвшөөрчихсөн. 

Дэлхийн томоохон компаниуд үүнийг ойлгоод, удирдлага болоод бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих болсон.

 Тэгэхээр технологийн салбарыг сонирхож байгаа охид “Эрэгтэйчүүд их ажилладаг салбар шүү дээ, охидод тохирохгүй” гэсэн хэвшмэл ойлголтоос ангижирч, өөрсдөө зоригловол Монголдоо төдийгүй олон улсад ажиллаж, мэргэжилтний хувиар үнэлэгдэх боломж бий.