Peak.mn
10 сарын 10, 2023
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа. Эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр хийсэн түүний мэдээлэл эхэндээ их л холын санагдаж байсныг нуух юун. Гэвч анхааран чагнаж, гүнзгий ойлгох тусам судалгаатай, ТЭЗҮ-тэй, тэдгээр нь хоорондоо уялдах бүтэцтэй, баригдах газартай, бүр хариуцах эзэнтэй цогц төсөл аж. “Эрдэнэс АҮП” хэрхэн ажиллах болон бусад асуудлаар түүнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Монгол нэгдэл” аж үйлдвэржилтийн бодлогод ямар үүрэгтэй ажиллах тодорхой чиг гарчихсан гэж ойлголоо. Гэхдээ энэ талаар асуухаас өмнө таныг ажлаас авснаас хойшхи хугацаанд “Эрдэнэс Монгол”-ынхон юу амжуулсныг, уул уурхайн салбарын өнөөдөр ямархуу байна вэ гэдгийг тодруулъя?
-Манай нэгдэл шинэ зохион байгуулалтад ороод есөн сар орчим болохдоо дотоод бүтэц зохион байгуулалт, бичиг баримт, компаниудын үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, дотоод ажлуудын чиглэлээр нэлээд ажиллалаа. Түүнээс гадна цаашид хийхээр төлөвлөсөн бодит ажилч цөөнгүй байна. Аж үйлдвэрийн сэргэлтэд “Эрдэнэс Монгол” нэгдэл ямар үүрэгтэй ажиллах ёстой юм бэ гэдэг дээр тодорхой үр дүнгүүд гарсан. Өнгөрсөн есөн сарын хугацаанд төр засгийн бодлого дэмжлэг ч нэлээд байлаа.
Аравдугаар сарын байдлаар 25,5 сая нүүрс, 457000 тонн зэсийн баяжмал, 996 000 тонн төмрийн хүдэр экспортолсон тоон үр дүн гарсан. Борлуулалт хийсэн үнийн дүн нь 2,3 их наяд гэдэг бол том тоо. Нэгдлийн хэмжээнд хуримтлагдсан өр төлбөрөө 96 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Баялгийн сангийн хууль өмнө нь өчнөөн яригдсан ч ажил болохгүй өнөөг хүрснийг та мэднэ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл шинэ зохион байгуулалттай ажилласнаар Баялгийн сангийн хууль дээр онцгой анхаарч концепцийн хувьд яаж өөрчлөгдөхийг тодорхой шийдсэн.
-Баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулах ажлыг та ахалж байгаа. Хуулийн төслөө боловсруулж дууссан уу?
Баялгийн сангийн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж яваа хүний хувьд хэлэхэд энэ хуулийн төсөл бэлэн болсон. УИХ-д өргөн барих ажил л үлдсэн.
-Одоо аж үйлдвэржилтийн сэдэв рүүгээ оръё. Шуудхан хэлэхэд аж үйлдвэржилт гэдэг үг мөрөөдөл, хүслийн жагсаалт гэх мэт утгатай болоод өчнөөн жил болчихлоо л доо. Тэр утгаар нь танай нэгдлээс гаргасан шийдэл, загварыг хүслийн жагсаалт гэж харах хүмүүс бий. Тэднийг итгүүлж хүлээн зөвшөөрүүлэхүйц ажлууд өрнөж эхэлсэн үү л гэж асуумаар байна?
-Бодитой ажлууд өрнөж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын салбарт дэвшил гарсан ч боловсруулалтын түвшинд дорвитой ажил хийгдээгүй өнөөг хүрснийг та асуултдаа хөндөж байна. Үнэн л дээ, бид олборлосон ашигт малтмалаа боловсруулж чадахгүй яваа. Зэс дээр овоолгоос катодын зэс үйлдвэрлэдэг гурван үйлдвэр бий. Нүүрсний тухайд эрчим хүчээ үйлдвэрлэдгээ л боловсруулалт гээд байгаа. Бусдаар эцсийн бүтээгдэхүүн хийхгүй байна.
Төмрийн хүдрийг мөн адил олборлоод л боловсруулахгүйгээр экспортолдог. Жоншны хувьд мөн ялгаагүй. Засгийн газрын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийн сэргэлт гэж том зорилт тавьсан.
Энэ зорилтыг биелүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд манлайлах үүрэг гүйцэтгэж ажиллахаас өөр аргагүй. Ярьсаар ирсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ бид яагаад, ямар учраас хэрэгжүүлж чадсангүй вэ гэсэн асуулт тавиад харъя. Ашигт малтмалын гол нөөц баялаг төрийн өмчийн компаниудын мэдэлд бий. Мэдээж хувийн хэвшлүүдэд ч байгаа. Олборлолт хийхийн цаана үйлдвэр барих асуудал зайлшгүй хөндөгдөх учиртай. Үйлдвэр барина гэдэг амар ажил биш.
Гэрэл цахилгаан, уснаас эхлээд дэд бүтцийн том асуудлууд тулгарна. Газрын асуудал байна. Энэ бүхнийгкомпаниуд өөрсдөө хийе гэвэл асар өндөр зардал гарна. Өөрөөр хэлбэл төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. Компаниуд хувь хувиараа зүтгээд барахгүй учраас л төдийгөөс өдий хүртэл олборлосон ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлоод байгаа юм.
Уул уурхайн компаниудад олборлосон ашигт малтмалаа түүүхийгээр нь гаргахаас өөр сонголт үнэхээр байгаагүй хэрэг үү. Ядаж л хувь хувиараа бага оврын үйлдвэрүүд барьчихвал олборлосон бүтээгдэхүүнээ арай ахиу үнээр зарчихмаар санагдах юм?
-Олборлоод түүхийгээр нь аль болох хямд зарна гэдэг концепцоор явж ирсэн шалтгааныг нь би сая тодорхой хэллээ. Богино хугацаанд ашиг хайж яваа хүмүүст үүнээс илүү загвар харагдахгүй. Шуудхан хэлэхэд энэ байдал угжирч явсаар “Нүүрсний хулгай”зэрэг асуудал үүссэн. Ер нь богино хугацаанд ашиг олохоо харвал шууд энэ загвар нь ашигтай. Та сая хувь хувьдаа бага оврын үйлдвэр авчраад барьчихвал ядаж л ашигт малтмалаа дажгүй үнээр борлуулах боломжтой гэж хэллээ. Яг энэ талаас нь харахаар хамгийн ашигтай, хамгийн бага зардалтай жижиг төслүүдийг ихэвчлэн сонирхдог хандлага байна. Тэгээд нэг, нэг төсөл бариад авчихдаг. Зарим нь боломжийн байхад хэцүүхэн төсөл ч олноороо байдаг.
Ний нуугүй хэлэхэд үйлдвэрлэлийн технологи арван жил болоод сайжирч явдаг юм байна. Шинэ технологийн үйлдвэр бариад арван жилийн дараа гэхэд л технологи нь хуучирч, үр ашиггүй болдог гэсэн үг. Манайхан арван жилийн өмнө ашиглагдаж эхлээд өнөөдөр ашиггүй болсон үйлдвэрийг Монголд авчирч угсарч байна л даа. Үйлдвэр барья гээд яваа хүмүүсийн нийтлэг хандлага нь ийм болчихсон. Иймэрхүү төслүүд их явдаг. Ийм шалтгаанаар сайн технологийн үйлдвэр барих гэсэн хүмүүсийн төсөлд маш их саад тээг болдог.Төслүүд огт явахгүй байгаагийн гол шалтгааны нэг нь энэ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд хөдлөхгүй байгаа төслүүдийг хөдөлгөх гол шийдлийг аж үйлдвэрийн гинжин хэлхээ үүсгэх явдал гэж харсан. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн гинжин хэлхээ үүсгэж байж л эрдэс баялгаа боловсруулж ахиу үнээр зарж чадна.
-Ингэхэд бид олборлосон бүтээгдэхүүнээболовсруулаагүй гаргаснаас болж хэр хэмжээний алдагдал хүлээдэг бол. Жишээ нь жоншоо зах зээлийн үнээс нь хэд дахин доогуур үнээр экспортолж байна вэ?
-Жонш бол стратегийн асар чухал бүтээгдэхүүн. Хятад болон бусад улс орнууд жоншны баяжмалыг түүхийгээр нь гаргахыг хориглосон. Гэтэл манайх л жоншийг түүхийгээр нь маш хямдаар гаргаж байна. Манай гаргасан жонш цаанаа буюу Өвөр Монголд очоод 1000 дахин үнэтэй болдог. Тиймээс бид жоншийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход онцгой анхаарч ажиллах ёстой.
Монгол Улсын эдийн засгийг чирч яваа гол бүтээгдэхүүн бол коксжих нүүрс. Биржээр зургаан сая тонн орчим нүүрс зарлаа. Үнэ хөлс нь сайжирч байна. Харамсалтай нь хангалттай үнээр зарж чадахгүй байна. Тэгэхээр одоо төлөвлөж буй нүүрсний үндсэн хоёр парктаа түшиглээд улсаараа эрчим хүчний хамаарлаас гарах бүрэн боломжтой. Өнөөдөр бид хамгийн муу чанарын бензин хэрэглэдэг. Тэрийгээ хаалгах тухай яриа гарч байна.
Эрчим хүчний импортын үнэ нэмэгдлээ. Эрчим хүчээ хангаж чадахгүй байна.Эрчим хүчний хамаарлаас гарах ажлыг хэн хийж чадах вэ гэсэн бодитой асуултыг өөрсдөдөө тавихаас өөр аргагүй үнэнтэй бид нүүр тулчихсан. Ингээд харахаар энэ ажлыг бид л хийх гарц харагдаж байгаа. Өөрөөр хэн ч хийж чадахгүй ажил.
Нүүрсний тухайд олборлоод хагас боловсруулах ажил бий. Дараа нь эцсийн шатны бүтээгдэхүүний боловсруулалтыг хийх учиртай. Хагас боловсруулсан буюу эхний шатны боловсруулалтыг уурхайг болон ашигт малтмалыг эзэмшиж яваа үйлдвэр, компаниуд хийж таарна. Тэдгээр нь манай нэгдэлд харьяалагддаг томоохон үйлдвэр компаниуд. Ийм учраас нүүрсээ боловсруулж эрчим хүчний хамаарлаас гарах ажлыг бид хийхээс аргагүй гээд байгаа юм.
-Уул уурхайн салбарын хувийн хэвшлийн компаниудаа шахчих вий гэсэн болгоомжлол төрж мэдэх юм. Засгийн зүгээс, “Эрдэнэс Монгол” нэгдлээс хувийн хэвшлийг дэмжих тал дээр ямар бодлого, шийдэлтэй яваа юм бол?
-Сая танд хэлсэн шийдлүүдээ ажил болгож тодорхой түвшинд хүргээд хувийн хэвшил болоод хөрөнгө оруулагчдад боломжийг нь нээж өгөх ёстой. Тэдэнд дэд бүтцийг нь бүрдүүлж өгөх учиртай. Тэдний барьсан үйлдвэрийг түүхий эдээр хангах хэрэгтэй. Ийм байдлаар аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгоно. Ерөнхий төлөвлөлт, хэсэгчилсэн төлөвлөлт гэх мэт нарийн үе шаттай явах ажил л даа. Энэ дашрамд онцлоход бид боловсруулах үйлдвэр хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн гаргаж чаддаггүйучраас эцсийн хэрэглэгчиддээ түүхий эдүүдээ хүргэж чаддаггүй юм байна.Товчхондоо эцсийн бүтээгдэхүүн гаргаж байж лулс орон, тухайн улс орны иргэд баялагтаа жинхэнэ эзэн нь болно.
-Аж үйлдвэрийн гинжин хэлхээ яг ямар процессоор өрнөхийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Мэдээж эхлээд олборлоно, дараа нь дунд шатны түүхий эдээ гаргана, тэгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Махаа түүхийгээр нь гаргах уу, хагас боловсруулаад савлаад зарах уу, эсвэл эцсийн бүтээгдэхүүн буюу хоол болгох уу гэдэгтэй л адил жишээ.
Аж үйлдвэрийн гинжин хэлхээ аж үйлдвэрийн парк дээр л бий болно. Манайхан чөлөөт бүс, кластер ч гэж их ярьдаг. Зүүн өмнөд Азид гэхэд 895 аж үйлдвэр технологийн парк бий. Бүр эдийн засгийн тусгай бүс гээд томруулаад барьчихсан.
Өмнөд хөршид аж үйлдвэр хурдацтай хөгжсөн үндсэн шалтгаан нь ерөөсөө л аж үйлдвэрийн парк. Аж үйлдвэрийнхээ энэхүү бүс дээр аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож байж л үр дүн гардаг юм байна.
Манай нэгдэл Үйлдвэрлэл технологийн парк байгуулъя гэж байгаа нь цаанаа ийм учиртай. Өмнө дурдсан уул уурхайн үндсэн бүтээгдэхүүнүүд дээрээ суурилж парк байгуулахад “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлж оролцохоос өөр аргагүй. “Эрдэнэс” үйлдвэрлэл технологийн парк гэдэг компанийг Засгийн газрын шийдвэрээр байгуулаад бүтэц, дүрэм, ТУЗ-өө батлуулаад сонгон шалгаруулалтын ажлууд хийгдэж байна.
-Энэ компани юу хийх вэ?
-Бид үндсэн зургаан Аж үйлдвэрийн парк байгуулья гэж төлөвлөж байна. Жишээ нь зэс боловсруулах “Эрдэнэт үйлдвэр технологийн парк”-ийг Эрдэнэт үйлдвэр дээр тулгуурлаж байгуулна. Хөтөл саяхан манай нэгдэлд харьяалагдах болсон. Хөтөлийншохойн том нөөц нөөц дээр түшиглээд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолборыг бий болгоё гэж байна. Ер нь Хөтөлийн хувьд барилгын материал, дэд бүтцийн чиглэлээр суурь үйлдвэр болж явах учиртай. Дархан төмрийн хүдрийн том нөөцтэй. Хаягдал төмөр боловсруулах үйлдвэр тэнд ажилладаг. Энэ утгаар нь Дарханд ган үйлдвэрлэлийн цогцолбор барина. Үүн дээр бид Дархан үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлээд явна.
Багануурт хүрэн нүүрс боловсруулах үйлдвэр барина. Бор-Өндөрт “Монросцветмет”-ийг түшиглэсэн жонш боловсруулах “Бор-Өндөр үйлдвэр технологийн парк”-ийг барих юм. Мөн“Эрдэнэс Таван толгой” дээр суурилсан коксжих нүүрс боловсруулах “Таван Толгой үйлдвэрлэл технологийн парк”-ийг байгуулахаар төлөвлөж байна. “Таван толгой үйлдвэр технологийн парк”-ийг хоёр улс, хоёр парк гэсэн загвараар явуулах бодолтой ажиллаж байгаа.
-Үйлдвэрлэл технологийн парк гэхээр мөн л “үлгэр дээ наадах чинь” гэсэн шүүмжлэл дэгдэх байх. Өмнө нь өчнөөн яриад цааснаас хэтрээгүй учраас ийм шүүмжлэл гарах нь ч аргагүй юм. Паркийг тэр чигт нь төр дангаараа байгуулна гээд зүтгэчихвэл ахиад л гоё яриа төдий болоод замхарчих байх даа?
-Зарим хүмүүс паркийг “муу нэртэй болсондоо, олон жил яриад хийсэн ч ажил байхгүй” гэж байгаа л даа.Бидний бодож буй концепц өөр. Паркийн тухайд төр бүгдийг хийнэ гэж зүтгэхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг бодвол нөөц баялаг нь манайд байна, хөрөнгө оруулалт хийх боломж нь арай илүү, тийм учраас бид манлайлж байж парк жинхэнэ утгаараа ажиллаж эхэлнэ ээ л гэж байгаа юм. Түрүүн танд цухас дурдсанчлан бид эхлээд паркийн дэд бүтцийг хүч нөөцөөрөө босгоно гэсэн үг.
Зам, ус, цахилгаан, тээвэр логистикийн төвийг том хүч, тод бодлого, том мөнгөөр л байгуулж хүчрэх учраас “Эрдэнэ Монгол” нэгдэл түүчээлье гээд байгаа хэрэг. Бидний бий болгосон дэд бүтэц, газар, хөгжлийн загвар дээр хувийн хэвшлийнхэн орж ирээд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэсэн үг. Ингэвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө.
Тэгж чадвал эдийн засгийн бусад салбартаа ч нөлөөлж, эдийн засаг бодит утгаараа тэлнэ. Уул уурхайн бизнес урт хугацаандаа хүндрэлтэй тулах нь, ажиллах хүн ч олдохоо байлаа гэсэн яриа их дуулдах болсон. Ийм нөхцөлд уул уурхайн компаниуд бусад жижиг дунд үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ гэдэг асуудал хүссэн хүсээгүй давхар тавигдаж байна л даа.
-Ингэхийн тулд яах ёстой гэж Та харж байна вэ?
-Парк хөгжүүлэх хүрээнд зэс боловсруулах, молибдин баяжуулах үйлдвэрүүд барина. Тэр үйлдвэрүүдийг дагалдаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийн орон зай гарч ирэх юм. Ган үйлдвэрлэл дээр гэхэд ган хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.Товчхондоо ашиг багатай ч нийгэмд тустай үйлдвэрүүдийг“Эрдэнэс Монгол” нэгдэл санаачлагаараа байгуулна гэсэн үг. Ган бэлдэцийг жижиг, дунд үйлдвэрлэгчид маань гаднаас авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ашиг багатай учраас тийм үйлдвэр байгуулах сонирхол хувийн хэвшлийнхэнд байдаггүй.
-Ган бэлдэц гаднаас авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдээс онцлооч?
-“Тоёото”-д боолт нийлүүлдэг компани манайд байна. Тэд ган төмөр бэлдцээ Хятадаас авдаг. Тэдэн шиг үйлдвэрлэгчдэд ган бэлдцийг нь эндээ бэлдээд өгье гэж байгаа юм. Хятадаас импортолсноос хямд үнээр дотоодоосоо ганц бэлдэц аваад үйлдвэрлэлээ явуулбал жижиг, дунд үйлдвэрлэгчдэд л тустай. Ган бэлдцийг нь гаргаад өгчихвөл ийм төрлийн үйлдвэрүүд улам хөгжинө. Эх орондоо машины эд анги үйлдвэрлээд гадагш экспортлох монголчууд олон болох хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Арматурын үйлдвэр барих төлөвлөгөө бий. Ингэвэл барилгын бүтээн байгуулалтад тустай. Орон сууцны үнэ буурахад бодит утгаараа нөлөөлнө. Хөтөл дээр шохойн үндсэн үйлдвэр барих шийдэл гарсан. Шохой бол барилгын үндсэн түүхий эд. Гипсээс эхлээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шохойг үндсэн түүхий эдээ болгодог. Шохойн үйлдвэр барьчихвал ийм чигийн үйлдвэрлэл явуулах хувийн хэвшлийн компаниудын тоо нэмэгдэнэ.
-Сая дурдсан үйлдвэрүүдээс чинь бодитой ажлууд хийгдчихсэн яваа үйлдвэр байна уу?
-Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийг онцолно. Дэд бүтцийн ажлаа нэлээд явуулчихсан. Манай нэгдэл гарч ирээд хэд хэдэн юмыг нэмж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл төлөвлөлтийг нь арай том болгосон. Зэс хайлуулах үйлдвэр, молибден, катодын зэс уусган хайлуулах үйлдвэр барина. Газраа том болгоё, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад боломж олгоё гэж байна. Хувийн хэвшилд бүтээгдэхүүнээ үр ашиггүйгээр буюу экспортлохгүйгээр өгөөд байхгүй нь мэдээж. Бүтээгдэхүүн гарангуут өмнөд хөршөөс эхлээд булаацалдаад авна. Булаацалдаад байгаа шалтгаан нь цаанаа очоод үнэ нь хэд дахин нугардаг. Жонш гэхэд л мянга дахин өсдөг талаар би түрүүн хэлсэн. Ядаж гурав, дөрөв дахин нэмүү өртөг гарах бүтээгдэхүүн хийгээд байгаа учраас манайд ч гэсэн тэгэх боломж бий. Хувийн хэвшилд газрыг нь өгч, дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл тэд өөрсдөө үйлдвэрүүд бариад бизнесээ тэлэх бүрэн боломжтой.
-Олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох гэхээр тээвэр логистикийн асуудал гарч ирдэг. Энэ тал дээр танай нэгдлийн зүгээс тодорхой ажил хийж эхэлсэн үү?
-Тээвэр ложистик бол хамгийн том асуудал. Тэр утгаараа манай нэгдэл тээвэр логистикийн групптэй болсон. Одоогоор компани байгуулах шатандаа яваа. Өөрсдийн вагонтой, зүтгүүртэй болно. Бүх боомт, хил дээр тээвэр логистикийн төвүүд байгуулна. Ингэж хараад ажиллаад эхлэхээр хувийн хэвшлийнхэнд маш их боломж үүснэ. Ахиад хэлэхэд Монгол Улсад боловсруулах жижиг, дунд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө.
-Манайханд хуучирсан, цаад улсдаа актлагдсан шахуу үйлдвэрийг оруулж ирэх сонирхол өндөр байдаг тухай өчнөөн яриа сонсч байсан л даа. Та ч түрүүн ийм агуулгатай үг унагалаа. Үйлдвэрлэл технологийн паркийн тухайд шинэ технологийг нь нэгдүгээрт тавьж чадах уу?
-Үйлдвэрлэл технологийн паркийн тухайд бүх л үйлдвэрийнх нь технологийг яг орчин үеийн технологиор хийнэ. Өөрөөр хэлбэл стандартыг нь гаргаад өгчих юм.
-Танай төлөвлөлтийг анзаараад ирээдүйд ямар үйлдвэр барихаа тооцож ажлаа эхэлж л баймаар юм байна даа, хувийн хэвшлийнхэн?
-Хувийн хэвшлийг татан оролцуулахад мэдээж тодорхой хугацаа орно. Учир нь одоо л бид төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр хувийн хэвшлүүд одооноос сонирхож байгаа үйлдвэрлэлийнхээ зураг төсөл, ТЭЗҮ-ийг хийж эхлэх хэрэгтэй.
-Том төслүүд явчихаар тод гарц гаргалгаа, шийдлүүд сонссондоо баяртай байна. Таны ярьж байгаа ажил хэзээнээс яг бодит нөлөөллөө үзүүлж эхлэх бол?
-Хий, хоосон схем хаа сайгүй, зөндөө л яригддаг байх. Бид одоо тэгж яримааргүй байна. Бид 2027 он гэдэг “амбиц” тавин ажиллаж байна. Том төслүүд явахад цаг хугацааны хүндрэл бэрхшээл гардаг. Ялангуяа манай улсын хувьд сонгуулиас эхлээд олон шалтгаан бий. Томоохон төсөл хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй нэг зүйл бол зураг төсөл, ТЭЗҮ зэрэг маш нарийн ажлууд байдаг. Энэ ажлуудыг эхнээс нь маш зөв хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн нэг үйлдвэрт зориулаад гаргачихдаг, гэтэл тэр нь аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэхэд тохирохгүй бол асуудал үүснэ.
Төр эдгээр үйлдвэрлэлийн бодлогын чиглэлийг авч явах гээд байгаа санааны эхний учиг нь энэ юм. Хувийн хэвшлийнхэнд эдгээрийг хариуцуулахаар эцэстээ газрын наймаа болоод хувирчихдаг. Төр бодлогын манлайлал үзүүлж, хувийн хэвшлийнхний ТЭЗҮ, зураг төслийг нь хянахгүй бол эцэстээ газрын наймаа л болж хувирдгийг бид эхнээсээ мэдрээд явж байна шүү дээ.
Ц.Цэрэндолгор
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.