Тогтохбаярын Ариунзаяа
09 сарын 17, 2024
Багшийн хомсдолын асуудал улс орон даяар ярианы сэдэв болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Гавьяат Багш Ж.Галбадрах өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Багшийн хомсдол зөвхөн энэ жилээс биш, бүр хэдэн жилийн өмнөөс л үүссэн асуудал. Даанч энэ асуудал ингэж ил гардаггүй байсан ба үүнийг хэн шийддэг байсан хүмүүс нь ЕБС-ийн сургуулийн захирлууд өөрсдөө. Тэд хичээл эхлэх дөхөхөөр багшийн эрэлд гардаг. Амиа бодсон нь хаяагаа хадарна, захирлууд хоорондоо багшаа булаалдана. Тэгээд үүдээр шагайсан болгоныг горьдлогын нүдээр хардаг болсон нь нууц биш юм. Багшийг шалгаруулж авах бус, багштай байх нь л чухал болсон үе болчхоод байна.
Багшийн хомсдол бол боловсрол дахь хамгийн ноцтой асуудал юм шүү дээ. Багш байхгүй бол хичээл сургалт явагдах ямар ч нөхцөлгүй болно. Цахим хичээлээр багшийг орлох юм шиг тархи угаах нь том эндүүрэл.
Багш дутсанаас сургуулийн хэвийн үйл ажиллагаа маш ихээр алдагддаг. Багшгүйгээс зарим бүлгийг нийлүүлэхээр тэр бүлэгт дүүргэлт ихэснэ.
Багшгүйгээс байгаа багш нар нь илүү цаг ихтэй болох тул зөвхөн хичээл заахаас хэтрэхгүй болж, ангитайгаа ажиллах хичээлийн бэлтгэл хангах цаг хүрэлцэхгүй болох гэх мэт асуудлууд ар араасаа хөвөрнө.
Өнөөг хүртэл багшийн хомсдол байсаар ирснийг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, боловсролын ерөнхий газар, яам ил гаргаж ярьдаггүй байсан болохоор олны анхаарал татдаггүй байсан. Багштай байх асуудлыг зөвхөн сургуулийн захирлын хариуцлага болгоод орхидог тул олны анхааралд өртдөггүй, тэгээд л хувь захирлуудын овсгоо самбааны асуудал болоод яаж ийж байгаад аргалаад өнгөрдөг байсан. Энэ асуудал бол сургуулийн захирлын асуудал биш шүү. Жинхэнэ сайдын, БЕГ-ын даргын, Аймаг нийслэлийн БГ-ын даргын амин чухал хариуцах асуудал шүү. Өргөн утгаар хэлбэл, МУБИС-ийн удирдлагын хариуцлагын ч асуудал.
Наранбаяр сайд 4200 багш дутагдаж буйг өөрийн хариуцлага гэж хүлээж авсан нь маш зөв жишиг. Түүнийгээ шийдэх гэж оролдсон нь бас зөв. Инженерийн дээд боловсролтой хүнийг хими, биологи, физикийн багш болохыг уриалж, голчийг нь хүртэл өндөр 2.7-оос дээш байхыг заажээ. Угаасаа бакалаврын зэрэгтэй учир багшлах арга зүйд суралцахын тухайд 45 хоногийн курст суух тухай ярьжээ. Гэхдээ энэ бас төгс шийдэл биш. Гал унтраах л шийдлийн нэг.
Тэгвэл яаж багшийн хомсдолоос гарах вэ?
Би боловсролын салбарыг төлөөлсөн гишүүний хувиар дараах гаргалгааг гаргаж, их хурлын даргад танилцуулж байсан юм. Түүнийгээ энд тайлбарлая.
1. Хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, тэтгэвэрт гарах зэргийг тооцон гаргасан мастер төлөвлөгөөг юуны өмнө маш хариуцлагатай хэрэгжүүлэх ёстой.
2020 онд баталсан "Боловсролын дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030"-д ямар мэргэжлийн багш хэд дутагдахыг он оноор гаргасан байгаа. (Хүснэгт)
2. Энэ төлөвлөгөөний дагуу дөрвөн жилийн дараах хомсдолыг тооцон МУБИС элсэлтээ мэргэжил бүрээр хариуцлагатайгаар тооцож авах ёстой.
Жишээ нь, дээрх хүснэгтээс харвал, 2018 онтой харьцуулахад 2030 онд нийт 31284 багш дутагдах болохыг харж болох ба үүнээс физикийн багш 1221 дутах тооцоо байна. Энэ нь жилд дунджаар 100 багш шинээр бэлдэх шаардлагатай гэсэн үг. Үүний тулд МУБИС нь жил болгон физикийн багш болох 150 хүн элсүүлж, үүний 130 төгсөж, багшлах нь 100 хэмээн тооцож хариуцлагатай хандах ёстой.
МУБИС-ийн элсэлтийг авч үзье. 2014 онд 129 элсэгч, 2015 онд 94 элсэгч гэж буурсаар 2021 онд ердөө 18 элсэгчтэй болсон байсан. Тэр үед МУИС-д физикийн багш болох элсэлт 0 болсон. Багш бэлддэг их сургуулиуд нь ийм хариуцлагагүй хандаж байхад багшийн хомсдол хэзээ ч арилахгүй, улам ч нэмэгдэнэ. Би ЭЕШ-ын үеэр МУБИС-ийн ректор дээр Боловсролын Ерөнхий Газрын даргыг дагуулж очиж элсэлтийн хяналтын тоондоо хариуцлагатай хандахыг сануулж хэлсэн удаатай.
3. Багшийн мэргэжлээр элсэлт бага байгааг багшийн статус, нэр хүнд муу байгаа, цалин хангамж, ажлын ачаалалтай холбож тайлбарладаг.
Тийм ч асуудал байгаа. Үүнийг төр бодлогоор засах ёстой. Миний хувьд энэ талаар хэдэн санаа дэвшүүлсэн байгаа. "Шилдэг төгсөгч нь төрөлх сургууль, сум орон нутагтаа ирж ажиллах".
ЭЕШ-ийн оноо 600-аас дээш бол төлбөрийг Боловсролын Ерөнхий хуулийн дагуу 100% хөнгөлөх, мөн 4 жил оюутан байх хугацаанд амьжиргааны зардлыг орон нутаг, дүүрэг, сургуулийн төгсөгчдийн холбоо нь бүрэн хариуцах ба оюутантайгаа буцаж ирж ажиллах талаар гэрээ хийх хэрэгтэй.
Оюутнаа төгсөөд ирэхэд ипотекийн зээл олгож амины орон сууц барих боломжоор хангах, түүнчлэн 5 жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд ЗГ-ын тэтгэлгээр азийн ойрхон оронд магистрт суралцуулахад буцалтгүй тэтгэлэг олгох зэргээр төр зоригтойгоор багш болох хүүхдүүдэд амлалт өгч, гэрээ байгуулж, амласнаа хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж багшийн хомсдолын асуудал цогцоор шийдэгдэх учиртай.
Мэдээж эдгээр санаа хэдийгээр бодит ажил, төлөвлөгөө болж буугаагүй байгаа ч цаг үеийн асуудлаас болж бодож явсан санаагаа бичлээ. Мэдээж ажил хэрэг болгохын төлөө хичээх болно.
Уншиж байгаа та харин саналаа нэмж өгөөрэй. Хууль, журамд өөрчлөлт оруулахаас эхлэх ба одоогоор судалж байна. БЕХ-ийн 28.2 зүйлийн аймаг, нийслэлийн БГ-ын дарга нарын үүрэг хариуцлагад "...сургуулийг багшийн дутагдалгүй байлгана" гэж нэмэх; мөн багш бэлтгэх талаар БЕХ-ын 12-р зүйлд "...Багш бэлтгэдэг сургуулиуд хяналтын тоонд багтаан элсэлтээ бүрэн авах" зэрэг үүргийг нэмж тусгах.
Шилдэг хүүхдүүд багш болдог нөхцөлийг л бүрдүүлэх нь хөгжлийн гарц. Энэ мега төсөл ч байж болох юм. Багшийн мэргэжлийг хүнд хэцүү гэж харлуулахаас илүү эрхэм нандин алба талаас ярьдаг сурталчилдаг байвал ямар вэ? Мэдээж багшийн цалинг төрийн албан дотор хамгийн өндөр нь байлгах зүйд нийцнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.