Нийслэлийн ГБХЗХГ-ын “Айл гэр” подкаст орчин үеийн гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн аргын тухай энэ удаа онцолж байна. ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн тэнхмийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ ийн зөвлөлөө. 


Хүүхдээ хүмүүжүүлэхдээ орхиж болохгүй арга ухаан  

Та XX зуунд мэндэлсэн бол таны хүүхэд XXI зуунд төрж өссөн. Тиймээс таны хүүхэд эрс өөр орчин, цаг үед амьдарч байна. Энэ өөрчлөлтийг ухаалгаар хүлээн авч, хүмүүжлийн арга барилаа эргэж харах цаг нь болжээ. Шинэ үеийнхнийг хуучин арга барилаар өсгөж болохгүй гэсэн үг.

Тухайлбал Z үеийнхэн үнэт зүйлээ эрхэмлэдэг, өөртөө хүндэтгэлтэй хандах онцлог шинжтэй. Үүнийгээ дагаад бусдын ялгаатай байдлыг ойлгох төрөлхийн өгөгдөлтэй. Мөн тэдний техник сэтгэлгээ ч төрмөл бөгөөд ер бусын гээд тэдний олон онцгой чанаруудтайг бүү мартаарай.

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай. 


#1 Хүүхдээ үнэ цэнтэй болохыг нь мэдрүүлж өсгөөрэй

Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж байж өөрийгөө хүндэтгэн, хайрладаг. Өөрийгөө хайрласан хүн ямар ч асуудал, бэрхшээлээс гарах аргаа өөрөө сурч мэддэг, бие даах чадвартай болдог. 

Иймээс хүүхдэдээ удам угсаа, нэр төрөө эрхэмлэдэг зөв хүн байхыг сургаарай. Энэ нь өөрийн өвөө эмээ, төрөл саднаа мэдэхээс эхэлнэ. Тэд хэн болохыг, ямар авьяас чадвартай, зан араншинтай, үнэт зүйлстэй хүмүүс гэдгийг таниулаарай. Тухайлбал “Миний хүүгийн өвөө нь дандаа хүмүүст тусалж явдаг, олондоо нэртэй хүн байсан” гэж хэлэх нь хүүхдэд цаагуураа энэ хүний үргэлжлэл учраас нэрээ хичээж, ухаалаг амьдрах ёстой гэдгийг ойлгуулдаг.


#2 Хүүхдийн сэтгэл зүйд онцгойлон анхаар

Хүүхдэд багаас нь сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таниж мэдэж, түүнийгээ илэрхийлэх аргыг нь сургаарай. Магадгүй хүүхэд уйлсан, уурласан гээд таагүй мэдрэмжтэй байвал түүнээс "юундаа уурладаг юм" гэж хэзээч  бүү загна. Үүний оронд мэдрэмжийг нь асуу, тэдгээрийг илэрхийлэх үгсийг зааж өгөөрэй. Асуудал бэрхшээлийг даван туулах аргад сурган, тусалж дэмжих нь эцэг эхийн үүрэг билээ.

Эерэг мэдрэмжийг нь хөгжүүлж, баяр баясалыг мэдэрч сургаарай. 

Аливааг эерэгээр харах чадваргүй хүн бүх зүйлийг сөргөөр харж төсөөлдөг. “Болохгүй, бүтэхгүй” гэсэн бодлоор өөрийгөө хайрцаглах нь бий. 


#3 Хүүхдийнхээ суурь хэрэгцээг хангаарай


Эцэг эх болно гэдэг хуулиар хүлээгдсэн эрхэм үүрэг. Амьдралын зам дардан биш хэдий ч хүүхдээ хэрэгцээгээр нь мөн хэзээ ч хайраар дутааж болохгүй. Эцэг эхээс хайрыг амсаж өссөн хүүхэд аюулгүй байгаагаа мэдэрч, өөртөө итгэлтэй хүн болж өсдөг.

Италийн нэрт сурган хүмүүжүүлэгч Мариа Мантиссори “Хүүхдийнхээ зүрх сэтгэлийг нь л хамгаал. Тэгвэл таны хүүхдийн бүх зүйл хамгаалагдах болно.” гэж хэлсэн байдаг. “Хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байдаг” гэсэн Монголчуудын үг ч бий. 


#4 Шинэ үеийнхний хөгжил, хэрэгцээ шаардлагыг бүү орхигдуул

Орчин цагийн хүүхдүүдийг техник, технологигүйгээр төсөөлөхөд бэрх. Технологийн өөрчлөлт, хөгжлийн энэхүү эрин зуунд хүүхдэдээ шаардлага тавихдаа дараах зүйлийг орхиж болохгүй.


Интернэт орчин бол өнөө цагийн хүүхдийн зайлшгүй хэрэгцээ

Та хүүхдээ интернэтэд зөвхөн тоглоом тоглож, цагийг дэмий өнгөрөөж байна боддог юм биш биз. Тэд интернетээс асар олон шинэ зүйлийг сурч, хөгжиж байгаа.

Бид чадахгүй зүйлээ багш, аав, ээжээсээ эсвэл өөр хэн нэгнээс асуудаг байсан үеийнхэн. Өнөө цагт тэрхүү мэдээллийг гар утаснаас, google-ээс шууд л хайгаад мэдэх боломжтой болсон.Тэгэхээр гар утсыг нь хураах, интернетийг таслах гэх зэргээр мэдээллийн орчноос нь хязгаарлах хэрэггүй. Энэ арга хүүхдээ хөгжхөд нь саад болно. Харин цагийг зөв тохируулж, хэрэглээг нь хянаж сургах л таны үүрэг юм шүү.  Орчин үеийн хүүхдүүдийн амьдралынх нь 40 хувийг технологитой холбоотой. 


Хүний дадал зуршил, хандлага төлөвшлийн 70-80 хувь нь хүүхэд байхад нь бүрэлдэн тогтдог

Хүн болж төлөвших, нийгмийн амьдралд дасан зохицох анхдагч орчин нь гэр бүл. Насанд хүрсэн хүний дадал зуршил, хандлагын 70-80 хувь нь хүүхэд байхад нь гэр бүлээс хамааралтайгаар бүрэлдэн тогтдог гэсэн судалгаа бий. 

Тухайлбал гэр бүлийн тогтвортой байдлыг хангаснаар  нийгмийн тогтолцоог эрүүл байлгах боломжтой гэж үзсэн. Тиймдээ ч боловсролын хөтөлбөртөө гэр бүлийн харилцааны хичээлийг тусгаж, залуус, өсвөр үеийнхэндээ зөвлөгөө өгөх, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг  үзүүлэхзэрэг төрөл бүрийн үйлчилгээг гаргаж, , бүр гэр бүлийн асуудал эрхэлсэн тусгай яам байгуулсан улс ч байна. Энэ нь гэр бүл бол тухайн улс үндэстний оршин тогтнох үндэс, ёс заншил, өв уламжлалаа үргэжлүүлэн үлдээх бичил орон зай болохыг баталж, анхааран үзэж байгаагийн илрэл. 

Энэ үзэл хандлага манайд огт байгаагүй зүйл биш. Харин ч уламжлалт сэтгэлгээ, амьдралын хэв маягт гүн гүнзгий шингэсэн байдаг. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаас”, “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”  гэх мэтчилэн зүйр үгсээр дамжуулан хүүхэд нас, гэр бүлийн орчин хэчнээн  чухал болохыг сургаж ирснээс харж болно. . 


Өнөө цагт уламжлалт гэр бүлийн харилцаа, хэлбэр өөрчлөгдөж байна


Өмнө гэр бүлийн хэлбэр нь гэдэгт ээж аав, хүүхдүүд гэсэн бүтэц түлхүү байв. Харин өнөө үед ганц бие өрх толгойлсон, хамтран амьдрагч, улс дамнасан, хуулиар зөвшөөрөөгүй ч ижил хүйстэн гэр бүл бий болсон. 

Гэрлэлт бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг, байх ёстой зүйл гэж үздэг байсан ойлголт хуучирчээ. Өнөө үед хүмүүсийн хандлага, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж үүнийг дагаад гэрлэлтийн талаар ойлголт ч өөрчлөгдөж байна. 

Уламжлалт хэлбэрээр заавал хүнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болох албагүй, гэрлэх эсэх нь тухайн хүний сонголт хэмээн үзэх болсон.  Тэр дундаа өнөөгийн Z болон Альфа үеийнхний сэтгэлгээний онцлог гэр бүлийн харилцаанд маш том өөрчлөлтүүдийг авчирсан. Эдгээр нь бидэнд гэр бүлийн уламжлалт аргуудаа шинэчлэх хэрэгтэй болохыг харуулж байгаа юм. Тэгэхээр цаашдаа гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгохын тулд салбар бүрд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. 


Подкаст сонсох: