ШУА-ийн Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлалын салбарын эрхлэгч, сэтгэл судлаач Б.Биндэръяа зөвлөж байна. 

Хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг анзаар, хүлээн зөвшөөр 

Ээж аавууд хүүхдээ ийм байх ёстой гэж бодоод дотроо төсөөлдөг. Тэр хэрээрээ шаардлагаа тулгадаг сул талтай. Тухайлбал “Онц сур, хүүхэд байж уурлаад, жаахан зүйл дээр уйллаа” ч гэдэг юм уу. Энэ бүхэн хүүхдэд стресс, сэтгэлийн дарамт болдог гэдгийг эцэг эхчүүд төдийлөн мэддэггүй. Саяхны судалгаагаар гурван монгол хүүхэд тутмын нэг нь гэр бүлийнхнээсээ сэтгэл зүйн дарамт авч, стрестддэг гэж гарсан байсан.

Магадгүй таны хүүхэд ч гэсэн дотроо шаналж шархалж яваа юм биш биз. Цаг гаргаж ярилцаж, анзаарч, хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг хүлээн зөвшөөрч, эерэг аргаар хүмүүжүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн асуудал асуудал гарахад маш хурдан уйлж, уурлаж эмзэглэдэг бол аль болох тэвэрч тайтгаруулж, анхаарал хандуулаарай. Харин удаан ойлгодог, тайван зан чанартай бол нээлттэй ярилцаж, ойлголцож, хамтарч тоглох байдлаар харилцах нь үр дүнтэй байдаг.

Бичлэг үзэх:

 



Амьдралд бэлдэх нь буюу асуудал шийдвэрлэх чадварыг нь хөгжүүл 

Бид эхийнхээ хэвлийгээс мэндэлсэн цагаас хойш амьдралын алхам тутамд асуудал, саад бэрхшээлтэй тулгардаг. Тулгарсан асуудлыг өөрөө давж туулна, шийднэ гэдэг нь бие хүний хөгжлийн үе шат юм. 

3 настай, 10 настай, 17 настай хүүхэд ч өөрийнхөө нас, хөгжлийн онцлогт тохирсон нийгмийн харилцаа, амьдралын хэв маягт тохирсон асуудлуудтай тулгарна. Энэ тохиолдолд эцэг, эх нь өмнүүр нь орж асуудлыг шийдэх шаардлагагүй. 

Тухайлбал ангийнхаа найзтайгаа муудалцлаа гэхэд зарим эцэг эхчүүд шууд найзыг нь загнаж зандардаг. Багшид нь асуудлыг хэт дэвэргэж ярьдаг. Зүй нь бол хүүхэдтэйгээ ярилцаж асуудлыг шийдэх гарц гаргалгааг нь өөрөөр нь олуулж, ярилцах ёстой юм.


Үглэхээсээ өмнө үлгэрлэ

Хүүхдийнхээ хажууд юу идэж уух вэ, юу үзэж харах вэ, юу хэлэх вэ, олон нийтийн газар хэрхэн биеэ авч явах вэ гэдэг дээрээ та өөрөө л анхаар. Энэ бүхнээс хүүхэд суралцаж байдаг. 

Иймээс эрт унтаарай, дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж хэлэхээсээ өмнө өөрөө дасгал хөдөлгөөн хийж, эрт амардаг зуршилтай болоорой. 

Хүүхдэдээ “Чи чухал шүү. Би чамайг хайрладаг, итгэдэг шүү, үргэлж хажууд чинь хамт шүү” гэдэг мэдрэмжийг өгөх нь маш чухал. Иймээс  үнсэж, тэвэрч, энхрийлж байгаарай. Харилцан биедээ хүрэх нь стрессийн гормоныг бууруулж, хүүхдийг тайвшруулдаг. 

Олон улсын судалгаануудад хүүхэдтэйгээ өдөр бүр хамтдаа ном унших, тэвэрч, тайвшруулах нь хүүхдүүдийн анхаарал төвлөрлийг сайжруулж өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг гэж онцолсон байдаг.