Өнөөдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр” тохиож байна. Олон улсад 1994 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уг тэмдэглэлт өдөрт манай улс 2003 оноос нэгдсэн юм.Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд "Хүүхдэд хайртай хүн бол..." НҮТББ-аас "Үндэсний гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа. “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийн үеэр эцэг эхчүүд болон иргэдэд мэргэжлийн сэтгэл зүйчид гэр бүлийн эрүүл харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө. Мөн шүдний эмч, хүүхдийн эмч нар асруудад байрлаж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, зөвлөсөн юм. Иргэдийн хамгийн эрэлттэй, зорьж очсон асрын нэг бол сэтгэл зүйчдийн асар байлаа. 

Тухайлбал сэтгэл зүйч Т.Цэцэгчимэг “Томчууд бид хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал бөгөөд энгийн зүйлээ мэддэггүй. Уг нь бид хүүхдээ хайрлах, сонсох, ярилцах, ойлгох л хэрэгтэй байдаг юм шүү дээ. 

Саяхан ЕБС-ийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх зөвлөгөө өгсөн юм. Гэтэл хүүхдүүд бүгд л ярилцахыг хүсдэг тухайгаа хэлсэн. Нэгнээсээ өрсөөд л асуудлаа ярих гээд зэрэг шулганацгаасан. Үүнээс л харагдаж байна шүү дээ. Хүүхдүүд сэтгэл санаагаа эцэг эхчүүддээ нээж, хуваалцахыг хүсдэг ч бид тэднийг сонсдоггүй юм байна. Асуудал бухимдлаа илэрхийлж чадахгүй байгаа хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ ойлголцдоггүй. Цаашлаад дээрэлхэгч болох магадлалтай. 

Хүүхдээ сонсохоос гадна хайр халамжаа хангалттай зориулаарай. Хайр амсаж өсөөгүй хүүхдүүд цаанаа л өөр байдаг, тэд зүрхэндээ толботой хүн болж өсдөг. Гэр бүл зохиоход хардалт хэлбэрээр сэдрээд гараад ирдэг. Иймээс хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд цаг зарцуулахдаа хэзээ ч битгий цааргалаарай” хэмээн эцэг эхчүүдэд онцлон захилаа.

Мөн Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч нар хүүхдийнхээ цахим хэрэглээг хэрхэн ухаалаг хязгаарлалт хийх тал дээр зөвлөгөө өгөв. Z үеийнхнийг интернэт, гар утаснаас бүрэн салгах боломжгүй. Тиймээс цахим хэрэглээг шууд хориглох бус интернэтийн тохиргоог нь хүүхдийн насны горимд тохируулах, үзэх видеог нь татаж авах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө. 

"Үндэсний гэр бүлийн өдөрлөг"-ийн үеэр эцэг эхчүүдээс хэрхэн хүүхдэдээ хэрхэн цаг зав гаргадаг талаар нь тодруулснаа хүргэж байна. 

Бичлэг үзэх: 


Сэтгэл судлаач Г.Ганчулуун:

Би хүүхдээ байнга тэвэрдэг, үнсдэг, хүүхдийнхээ нүд рүү харж ярьдаг. Хүүхдийнхээ түвшинд ярьдаг. Хүүхэд томчуудаас жижиг учраас хүүхдийнхээ харааны түвшинд бууж харилцах ёстой. Хүүхдээсээ чамд яг юу хэрэгтэй байна вэ гэж өдөр болгон асууж, хүслийг нь сонсдог байх хэрэгтэй. 

“Хүүхдэд хайртай бол…” ТББ-ын дэд тэргүүн Т.Оюун-Эрдэнэ:

Хамгийн түрүүнд 5-хан минут гаргаад хүүхэдтэйгээ ярилцаасай гэж хүсэж байна. Хүүхдийг бид хүүхэд гэж хардаг, юм ойлгохгүй гэж боддог. Үгүй шүү дээ. Тэд маш сайн ойлгоно, дотроо хайртай дотны хүмүүстэйгээ, ээжтэйгээ аавтайгаа ярилцахыг хүсэж байдаг. Иймээс хүүхдэдээ 5-10 минут л зав гаргаад ярилцаасай гэж хүсдэг.  Орой гэртээ хариад магадгүй амжихгүй бол орондоо ороод “Өнөөдөр юу хийсэн бэ, сургууль цэцэрлэг нь ямар байсан бэ” гээд ярилцаад үзээрэй. Ийм яриа дэлгэж сурснаар л таны хүүхэд нээлттэй болж эхэлнэ. Хүүхдээ хайрлана гэж ийм үйлдэл хийхийг л хэлнэ гэж боддог. Би өөрөө ч хоёр хүүхэдтэй ээж хүн, яг л энэ аргаар хүүхдээ хүмүүжүүлдэг.

Н.Наранчимэг:

Хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой. Хүсэл, сонирхлоосоо шалтгаалаад сонирхох дугуйлан секц нь хүртэл өөр. Тиймээс хүүхэд тус бүрийнхээ сонирхолд нь тулгуурлаж хөгжүүлэхийг хичээдэг. Өнөөдөр гэхэд номын худалдаж авч өгөхдөө яг өөрийнх нь сонирхсон номыг нь л авч өглөө.

Д.Дамдинсүрэн:

Хүүхдэдээ төдийлөн цаг гаргаж чаддаггүй. Зам дээр түгжирч зогссоор хүүхдээ унтсан хойно л гэртээ ирдэг. Өнөөдөр охиндоо цаг гаргаж явна, баярлуулах гээд. Ах эгч нар нь том болчихсон. Амарч байгаа дээрээ амжуулж явна. Охин маань аавынхаа хүзүү дээр суучхаад морь унаж яваа юм шиг ийш тийш нь залаад явж байна.