Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. ГБХЗХГ-ын  "Айл гэр" подкастад Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргалын өгсөн хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүйн талаар зөвлөгөөг хүргэе.

“Хаяадаа аав ээжийн алганы амт үзлээ гээд муу хүн болоогүй” гэж ярьдаг томчууд зөндөө. Энэ бол хүмүүжлийн буруу арга барилаа зөвтгөж, өмөөрч буй хэлбэр юм. Хуучин нийгэмд хүүхдээ захиргаадаж өсгөж ирсэн. 

Загнуулж, зодуулбал айгаад хийсэн үйлдлээ давтахгүй, сайн хүн болж өснө гэж итгэж байсан хэрэг. Өнөөгийн нийгмээс харвал энэ маш буруу ойлголттой байжээ. Орчин үед хүүхдийн эрхэд суурилсан хүмүүжлийн арга зүйг сонгохоос өөр арга байхгүй.


Хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг л хүсдэг 

Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй, зан байдал биднээс тэс өөр болсон. Z үеийнхэн  энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, аливаа зүйлд бүтээлчээр ханддаг, багаар хамтарч ажиллах чадвартай, асуудлыг хамтын хүчээр даван туулахыг эрмэлздэг. Хамгийн гол нь тэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, хүндлүүлэхийг хүсдэг. 

Ийм орчин цагийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд харилцахдаа хуучин арга барилаар хүмүүжүүлэх гэж алдаад байна. Жишээ нь захиргааддаг, өөрийнхөө хүслээр байлгах гэснээс болж зөрчилдөөн үүсэж байгаа юм. Өөрийгөө, асуудлын учир шалтгааныг тайлбарлах гэхээр урдаас сөргөлдлөө, хүний үг сонсохоо байж гээд загнаж, нүддэг.

Ийм буруу хандлагаар явах уу, шинэ нийгэмд зохицсон аргад суралцах уу гэдэг эцэг эхчүүдийн сонголт болоод байна. 


 Хүүхдүүдээ хайрын дээдээр хайрлаж, энхрийллээр дүүрэн өсгө

Манай монголчууд эртнээс гэр бүл, өрх айл дотроо хүүхдээ зөв сурган хүмүүжүүлэх гэсэн өргөн ойлголтоор хүүхдээ өсгөдөг уламжлалтай.

Хүүхэд өсгөх уламжлалт арга асрах, тэжээх, хүмүүжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй. 

Асрах гэдэг ойлголт нь хүүхдээ энхрийлэн хайрлаж эвийлэн өсгөнө гэж байгаа юм. Тэгэхээр энхрийлэн хайрлаж эвийлэн өсгөж буй хүүхдээ хэн ч зодож, зандрахгүй гэдэг утгыг хамт агуулна.

Хоёрдугаарт хүүхдээ тэжээх гэдэг нь хоол унд, өмсөх хувцаснаас гадна оюун ухааных нь хувьд өв тэгш хангалуун байлгана гэсэн үг. Сайн хүн болгох буюу хүмүүжүүлэх гэхээр хүүхдээ тухайн нийгэмд, гэр бүлдээ, хамт олон дундаа зөв үлгэр дуурайлтай болгохын тулд сургахыг хэлж байгаа юм. 


Хүүхдээ 6 нас хүртэл нь сүүдэр мэт дагуул

В.Инжинаш “Ачлалт ном” судартаа хүүхэд хүмүүжлийн тухай “Балчир үрээ хан хөвгүүн мэт асар” гэжээ. Хан хөвгүүн гэдэг бол хамгийн эрхэм дээд хүмүүн. Хүүхдүүдээ хайрын дээдээр хайрлаж, энхрийллээр дүүрэн өсгөхийг сургаж байгаа юм.

“Хүүхдээ 6 нас хүртэл нь сүүдэр мэт дагуул” гэж бас сургасан байдаг. Энэ нь араасаа салахгүй дагуулаад яв гэсэн үг биш ээ. Харин аливаа үйлийг өөрөө үлгэрлэн хийж даган дуурайлгах хүмүүжлээр сургана гэсэн санаа.

Гуравдугаарт нь хүүхдийг бие даалгаж сурга гэж үздэг. Монголчуудын хувьд энэ нь хүүхдээ хөдөлмөрт сургахын хэлж буй. Хөдөлмөрийн арга барилд сургах нь монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх том арга. Ахуйд аргал хоргол түүлгэж, хурга ишиг хариулуулах, гэр орны ажлаас туслуулдаг гээд бие даалгаж хөдөлмөрт сургахын нэр. 

Хүүхдээ 14, 15 наснаас нь хойш хань, нөхөр мэт харьцаж хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг. Монголын энэ уламжлалт хүмүүжил бол хатуу харгис арга биш. 

Харин ч бид эртнээсээ зөөлөн хүмүүжлийн арга барилаар хүүхдээ хүмүүжүүлж ирсэн. Итгэн үнэмшүүлэх, хайрлан хүндлэх, ухааруулан ойлгуулан, магтан сайшаадаг, зэмлэн хэлдэг арга зүйтэй ард түмэн. Үүнийгээ өөрсдөө хазайлгаад ёс уламжлал руугаа чихээд байна.


Зэмлэлээ ч хүүхдийнхээ толгойд гар хүрэхгүй

Хүүхдүүд томчуудаас өөрт нь итгэхийг, сонсохыг, хүндэлсэн харилцааг л хүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ ойлгохгүй юм, үгэнд орохгүй байна гээд хүүхдээ зодож нүдэж байна. Зодох юм бол улам л зөрүүдэлж, зан авир нь эвдэрнэ. 

Монголын уламжлалт аргад зэмлэн хүмүүжүүлэх арга гэхэд л 30 гаруй төрөл байна. Жишээ нь монголчууд зэмлэхдээ хэзээ ч хүүхдийнхээ толгойд гар хүрдэггүй. 

Үзүүлж харуулах зүйлд ч хянамгай хандаарай. Судалгаагаар гурав хүртэлх насандаа үзэж харсан зүйлсээ хүүхэд насан туршдаа санаж, үйлдэж явдаг гэдэг нь тогтоогдсон.

Хүүхдээ ууртай байхад нь бүү загна

Хүүхэд чимээгүй байвал буруугаа хүлээж байна гэсэн үг. Ямар ч тохиолдолд өөрийгөө өмөөрч эсэргүүцэл үзүүлж байхад нь сонсохгүй шууд уурлах нь маш буруу. 

Хүүхдээ сонс: 

Хамгийн чухал зүйл нь хүүхдээ хүндэлж, сонсоорой. Бүр тэвчээртэйгээр шүү, сонсохдоо үйл хөдлөл, биеийн хэлэмжийг нь анзаар. Ингэж байж хүүхэд юу илэрхийлэх гээд байгааг ойлгож чадна.

Эцэг эх нь сайн сонсогч бол хүүхэд худлаа хэлдэггүй.  Цаашид тохиолдох элдэв бэрхшээлийг нь шийдвэрлэж чадна. Харилцан ярилцаж ойлгоно. Би чамд илтгэл хүлээлгэлээ. Хүний итгэл алдах чинь ийм аюултай байдаг юм шүү гээд хайр хүндэтгэлийг үгээрээ дамжуулж ойлгуулаарай.

Магтан урамшуул: 

Жаахан зүйл хийсэн ч үрдээ урам өгөөрэй. Өөрийн хүчээр хийж чадсан зүйлд нь “Болж байна, сайн байна,” гэж урамшуул. Гэхдээ аливаа зүйлийн тунг нь тааруулах хэрэгтэй. Юу ч хийгээгүй байхад нь хоосон магтвал сагсуу онгироо болох сэдлийг өгнө. Зөв үйлдлийг нь  магтаж, бурууд нь зэмлэх нь зохиолтой. 

Зөв хайрла. Хамт бай, цуг үйл хий, сайхан дурсамжтай зүйлүүдээ ярьж өгдөг бай.


Алдааг нь тохирох хүнээр зөв цагт хэлүүл

Зарим хүүхдүүд ээж аавтайгаа дотно ярьдаггүй ч эмээ өвөөдөө эсвэл ах эгчтэйгээ ярилцах дуртай байдаг. Тухайн хүн хүүхэд хоёрын хооронд итгэлцэл үүссэн байгаа юм. Хүүхэд итгэсэн хүнээсээ үг хүлээж авах, буруугаа ойлгох нь бий.


Хүүхдэдээ хэлэх үгээ эхлээд өөртөө хэл

Хүүхдэдээ хэлэх үгээ бодож бай. “Чи муу тэнэг” гээд мянган удаа давтаж хэлээд байвал хүүхэд өөрийгөө “Би тэнэг юм байна” гэж боддог. Энэ чинь хамгийн аюултай. Хүүхдийн сэтгэлгээг гэмтээж байгаа үйлдэл. Үүний оронд аль сайхнаар магтаж эелдэгээр харьцвал тийм л болж өснө. 

Өөр нэг бодох зүйл нь хүүхдээ эрхлүүлж байна гээд хэлээ хазаад, шулганаж ярьдаг. Монголчууд эртнээс хүмүүжлийн дуун ухаан, тоон ухааны арга ашигладаг байж. 

Дуун ухааны арга гэдэг нь хүүхэдтэйгээ зөв аялгуут хэллэгээр ярилцахыг хэлж буй юм. Мөн сургаальт үлгэр туульс ярьж өгдөг, зүйр цэцэн үг, оньсого, хоршоо үг гээд аман зохиолоор дамжуулан ертөнцийн жам ёс, сайн муугийн ялгааг тайлбарладаг байсан юм шүү дээ. 

Харин тоон аргын ухаанд хүүхдийг дэглэм журамтай, эмх цэгцтэй бодож сэтгэх эрдэмд сургана. Хичээл ном зааж, тохитой суулгаж сургахын хамт хүүхдийн уг зан чанар нь буурь суурьтай хүн үү, хөнгөн хөдөлгөөнтэй ажилч хүн үү гэдгийг нь  ажиглаж тохирох аргаар сургадаг байсан.

Тогтож суухгүй, хөдөлгөөнтэй байх нь муу зүйл биш шүү. Гүйж харайдаггүй, удаан суух нь ч гэмгүй. Энэ бол хүүхдийн л араншин. Хүүхэд өсөж томрохын хэрээр үйлдэлдээ анхаарч, өөрийгөө хянаж сурах учраас эцэг эхчүүд ч, багш нар ч хүндээр тусгаж бодох хэрэггүй ээ. 

Подкаст сонсох: