#metoo бол бэлгийн дарамтад өртөж байсан, бэлгийн дарамтыг ямар нэг хэмжээнд туулж байсан хэн бүхэн өөрсдийн түүхийг хуваалцаж, нийгэмд бэлгийн дарамт ямар өргөн хүрээнд, хэр их давтамжтай тохиодог болохыг мөн хохирогчид нөхцөл байдлыг ямар аргаар шийдвэрлэдэг болохыг олонд таниулж, энэ төрлийн хэргийг үл тэвчин дуугарч, хохирогчид чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой хөдөлгөөн юм.

Тус хөдөлгөөн түлхүү сошиал орчинд өрнөх бөгөөд #metoo хаштаг ашиглан нэгдэнэ. 

Хөдөлгөөний тухайд авч үзвэл анх 2006 онд өрнөж эхэлсэн ч 2017 оноос олны танил эрхмүүд өөрсдийн түүхийг ярьж эхэлснээр дэлхийн анхааралд орж байжээ. Тэр цагаас хойш хөдөлгөөнд хамрагдах хүмүүс олширч, хөрөнгө чинээ, нийгмийн байр суурь үл хамааран өөрсдийн түүхийг хэлж ирсэн юм. Харамсалтай нь ихэнх түүх ажлын байрны бэлгийн дарамтыг хөндсөн байв.

Анх Америкийн нийгмийн тэмцэгч Тарана Бурке гэх эмэгтэй MySpace олон нийтийн сүлжээнд өнгөт арьстай бүсгүйчүүдийн хувьд бэлгийн дарамт хэр их давтамжтай, их үйлдэгддэг болохыг онцлох гэж эхлүүлж байсан гэнэ.

Түүний санаачилснаар #metoo хөдөлгөөн нь бэлгийн дарамтын хохирогчдын дуу хоолой болж, тэднийг ганцаараа биш, туулсан бүхнийг нь сонсож, өөрсдийнх нь талд зогсох хүнтэй гэж мэдрүүлэх байв.

2017 онд жүжигчин Алисса Милано #metoo хаштаг ашиглаж, олонд дуу хоолойгоо хүргэснээр тус хаштаг Инстаграм, Твиттер зэрэг платформууд дээр халуун сэдэв болсон юм. Түүний энэ үйлдэл Холливүүдэд ижил зүйл туулж өнгөрүүлсэн жүжигчдийг өөрсдийн түүхийг ярихад нөлөөлсөн байна. Тэдний ихэнх нь продюсер Харвей Вэйнштэйний тухайд дуугарсан ажээ.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл бэлгийн дарамт бидний эргэн тойронд үйлдэгдсээр байгаа юм.

Тэгвэл бэлгийн дарамт гэж юу вэ?

#metoo хөдөлгөөний хүрээнд энэ төрлийн үйлдлйиг хоёр ангилан, бэлгийн дарамт болоод бэлгийн халдлага, хэмээн авч үзэж байжээ. Хэдий улс орон бүрд энэ хоёр нэршлийн тодорхойлолт өөр ч ерөнхийдөө хохирогчыг хүсээгүй байхад өөрийн бэлгийн дур хангасан үйлдэл гэж тодорхойлжээ. Энэ нь ажил болоод сургуулийн орчинд дйилэнхдээ тохионо. 

Хөдөлмөрийн тэгш эрхийн комиссоос бэлгийн дарамтад бэлгийн дайралт, бэлгийн дур хүслээ хангахад чиглэсэн гуйлт, саналууд болоод бусад үг хэллэг, үйлдлийг хамруулж үздэг байна.

Бэлгийн дарамтад хэн ч өртөж болох ч эмэгтэйчүүд, коллеж, их сургуулийн оюутнууд, ЛГБТхүмүүс, өнгөт арьстай эмэгтэйчүүд өртөх нь нийтлэг гэнэ. Харин эрчүүдийн хувьд бэлгийн дарамтад өртөх нь харьцангуй бага ч огт тохиолддоггүй зүйл биш юм. Ихэнх тохиолдолд эрэгтэй хохирогчдыг тоохгүй өнгөрөх нь бий бөгөөд эрчүүд өөрт тохиолдсон зүйлийг ярихаас татгалздаг шалтгаан нь нийгмээрээ тэднийг “шалчганасан” гэж хүлээж авдаг байна.

Тиймээс бид бэлгийн дарамтыг хүйсээр ялгахгүй, хохирогчдод гэмт этгээдийн тухай үнэн мөнийг илчлэхэд нээлттэй, аюулгүй орчныг бүрдүүлж өгөхөд энэхүү хөдөлгөөн өрнөж байна.