УИХ-ын нэр бүхий гишүүнтэй холбоотой асуудлаар эмэгтэйчүүд өөрсдийн өртсөн бэлгийн дарамтын талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор сошиал орчинд #metoomongolia хөдөлгөөн өрнөж байгаа билээ. 

Уг хөдөлгөөн нь хүүхэд охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийг эерэг хандлагад уриалах, зөв соёл хандлагыг төлөвшүүлэх, бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн санал санаачилгыг хууль тогтоочдод хүргүүлэх үндсэн зорилготойгоор ажиллах юм.  

#metoomongolia хөдөлгөөнд "Охидын түүх" ТББ, "Ялгаварлалыг хариуцлагажуулъя" ТББ, "Хүүхэд эрдэнэ" сан, "Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг" тэргүүтэй төрийн бус байгууллага нэгдээд байна. Цаашид олон байгууллагатай хамтарч ажиллахаар зорьж байгаа гэнэ. 

Энэ талаар “Me too mongolia” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Охидын түүх ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайханаас тодрууллаа. 

Тэрбээр  “Хөдөлгөөний маань зорилтот ажил урьд өмнө ч хийгдсээр ирсэн. Цаашдаа ч хийгдэнэ. Гол нь уг хөдөлгөөнөөр дамжуулж олны анхааралд хүчтэйгээр нөлөөлж, үр дүнгээ илүү богино хугацаанд үзэх боломжтой болж байгаа юм. Тиймдээ ч хэдхэн хоног шуугиад өнгөрөхгүй бодитой үйл хэрэг болгохоор таван байгууллага албан бичиг илгээлээ. 

Тухайлбал бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалахад ХЭҮК-д хамтран ажиллах санамж илгээлээ. Мөн хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүний эсрэг УИХ-ын Ёс зүй, хариуцлага байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүсэлт, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон  эмэгтэй гишүүдийн бүлэгт шаардлага бичиг илгээсэн.” гэж ярьсан юм.  

2018 оны судалгаагаар “Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртдөг. Бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэй, 69.2 хувь нь удирдах албан тушаалтан байдаг.” гэсэн дүн гарчээ. Эдгээр хувь хэмжээ 2020 оны судалгаагаар төдийлөн өөрчлөгдөөгүй байна. 

Мөн ажлын байрны дарамтанд өртсөн хүмүүсийн ердөө 10 хүртэлх хувь л гомдол гаргадаг. Дарамтанд өртсөн эмэгтэйчүүд гомдол гаргадаггүй гол шалтгаан нь хохирогчийг буруутгадаг нийгмийн хандлагаас айдаг. Өөрөө хохирсон хэрнээ нэмж хочлуулж, буруутгагдаж, чичлүүлэхээс эмээдэг. Түүнчлэн эрх зүйн орчин хохирогчид ээлгүй байдгаас болдог аж. 

Иймд Me too mongolia хөдөлгөөн дараах үндсэн гурван зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэнэ. Үүнд: 

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтад байсан бэлгийн дарамтын тухай хэсгийг сэргээхээр ажиллаж байна. Энэ заалтад бэлгийн дарамтын төрлүүдийг нарийн зааж, ял шийтгэлийг тогтоосон байдаг ажээ. 

12.4 дүгээр зүйл.Бэлгийн дарамт учруулах                                                                                                   1. Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.                                                                                                                                                  2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.                                                                        /Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд 70 орчим мянган аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн хөдөлмөрийн дотоод журамд АББД-ын талаар тодорхой тусгах. Тодруулбал, анх ажил орохоос л тухайн байгууллагад бэлгийн дарамтад өртсөн тохиодолд хаана хандаж, хэрхэн гомдол гаргах талаар журамлахийг уриалж байна. Түүнчлэн бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалтад ажилчдыг хамруулдаг байх ёстой. Энэ өөрчлөлтөд юун түрүүнд төрийн байгууллагууд нэгдэж уриалан оролцохыг уриаллаа.


Гуравдугаарт, олон нийтэд нөлөөллийн ажиллагаа тасралтгүй өрнүүлэх. Хөдөлгөөнийг хамтран өрнүүлж буй ТББ-ууд бага наснаас нь бэлгийн халдашгүй байдлын талаар таниулж, бэлгийн дарамтын талаарх зарим буруу ойлголтыг засахын тулд цуврал контент хийх, мэдээллийн байгууллагуудтай хамтрахаар төлөвлөж байгаа гэнэ.