Холливудын 300 гаруй жүжигчин, зохиолч, найруулагч эмэгтэй кино салбар болон бусад албан ажил дахь бэлгийн дарамттай тэмцэх төсөл боловсруулжээ. Time’s Up буюу “Цаг нь болсон” нэртэй энэхүү санаачилгыг New York Times сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавьж заралсан байна. Төслийг “Энтертайнмент болон бусад бүх салбарын эмэгтэйчүүдийн төлөөх нэгдсэн уриалга” хэмээн тайлбартайгаар нийтэлжээ. 

Холливудын нэрт кино продюсер, Miramax студийг үүсгэн байгуулагч Харви Уайнштайны эсрэг алдартай эмэгтэй жүжигчид гомдол гаргасан. Энэ нь яван явсаар Холливудын маш олон эмэгтэй жүжигчин ижил зовлон амссан нь тодорхой болж, улмаар санаачилга болжээ. 

New York Times-ын вэб хуудас дахь ил захидалд “Эмэгтэйчүүд амжилт гаргаж, дуу хоолойгоо илэрхийлж, түвшин ахихад гардаг зовлон дуусгавар болох ёстой. Энэ харанхуй ноёрхол эцэслэх цаг  нь болсон” хэмээжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдэд ийнхүү бэлгийн дарамт үзүүлэгчид ямар нэг хариуцлага хүлээдэггүй тул энэ байдал үргэлжилсээр байгаа талаар бичжээ. 

Натали Портмэн, Риз Уитэрспүн, Кейт Бланшетт, Ива Лонгориа, Эмма Стоун тэргүүтэй алдартай жүжигчдээс дэмжлэг авсан эл төсөл 15 сая долларын санхүүжилт босгох зорилттой. Харин одоо хэдийнэ 13 сая доллар цуглуулжээ. Энэхүү мөнгөөр ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн эрэгтэй, эмэгтэй хохирогчдод үзүүлэх хуулийн дэмжлэгийг санхүүжүүлэх аж. 

Төсөл өөрсдийгөө хуулиар хамгаалуулах санхүүгийн чадваргүй хүмүүсийг чигэлсэн. Үүнд үйлдвэрийн ажилчид, зөөгчид, асрагч зэрэг багтана. Өнгөрсөн онд #MeToo буюу “Би ч гэсэн” гэсэн хэштайг газар авсан. Энэ нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийг нэгтгэсэн хэштайг байсан юм. Жүжигчин Алисса Милано өөрийн твиттертээ бэлгийн дарамтын хохирогчдыг дуу хоолойгоо өргөхийг уриалснаас энэхүү хэштайг дэлгэрсэн. Хэштайгийг фэйсбүүк, твиттерт нийт зургаан сая гаруй удаа ашигласан байна.