Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургаадугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Нислэгүүд амжилттай үйлдэгдэж байна. Нурсултанаас иргэдээ татаж авах онгоц өнөө өглөө хөөрсөн, 19 цаг 35 минутад буух урьдчилсан хуваарьтай байна. Уг нислэгээр Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байруудыг бүгдийг нь шийдвэрлэсэн. 

Зургаадугаар сарын 17-нд АНУ буюу хойд америкт байгаа иргэдийг татаж авах нислэгийг Сөүл хот руу үйлдэнэ.

Зургаадугаар сарын 18-нд Сөүл хотоос БНСУ-д байгаа иргэдээ татаж авна.

Зургаадугаар сарын 19-нд Европын орнуудад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгийг Франкфурт руу үйлдэхээр шийдвэрлэсэн.

Зургаадугаар сарын 12-нд Энэтхэг руу нислэг үйлдэж, тус улсад байгаа лам хүүхдүүдийг авчирна.

Транзит зорчигчийг авахтай холбоотойгоор БНСУ-ын Хууль зүйн сайд шийдвэр гаргасан даруйд нь Элчин сайдын яамдууд ажиллаж байна. Нааштай хариу гарах чигтэй байна. 

БНСУ-тай дээр дурдсан зургаадугаар сарын 17, 18-ны нислэгүүд, тэдгээрээс гадна зүүн өмнөд Азид байгаа иргэдийн нөхцөл байдал амаргүй байгаа учир тэр зүгт байгаа иргэдийг тусгайлан татаж авах нислэг үйлдэхээр ажиллаж байна. БНСУ-ын талд саналаа тавьсан. Яриа хэлэлцээ нэлээд ахицтай явж байна. Энэ шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байна. Нааштай шийдэгдэнэ гэж найдаж байна" хэмээлээ.