“Хүүхдийн хүмүүжил” гэдэг үг биднийг үргэлж бодол болгож, эргэлзээ төрүүлж, барьц алдуулан сорьж, яагаад гэдэг асуултуудаар булж байдаг. Тэгвэл энэ асуултуудад мэргэжлийнхэн хариулт өгсөн нэгэн гарын авлага хэвлэгдэн гарчээ.

“Оддарьяа сан”-гаас санаачлан бэлтгэн гаргасан “Хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гарын авлага”-ын танилцуулах уулзалт “Интер ном”-д боллоо. 

Тус сангийн зөвлөх, Улсын 3-р Төв Эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны магистр Ч.Ганцэцэг АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх хугацаандаа тус сангийн гадаад эмч мэргэжилтнүүдийг ахлан 0-8 настай хүүхдүүдийн өсөлт болон тархины хөгжлийг танилцуулах замаар насанд хүрэгчид, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилын дэмжлэг үзүүлэх энэхүү гарын авлагыг боловсруулсан ажээ.

“Энэхүү гарын авлагатай танилцсанаар томчууд маань хүлээцтэй, энэрэнгүй, бусдыг ойлгож хүндэлдэг хандлага зан төлөвийг эргэн тойрныхоо бага балчруудад үлгэрлэж, хичээл зүтгэл гаргавал бидний зорилго биелэх юм. Цаашид бид жишээ баримт, судалгаа дүгнэлтээр баяжуулж хичээл сургалтын цогц хөтөлбөр бэлтгэж хүргэхээр ажиллаж байна“ хэмээн “Оддарьяа сангийнхан нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

 “Хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гарын авлага” номын хэсгээс...

✔Ой өнгөртлөө ганцаараа тоглох дуртай бол 2 наснаасаа эхлэн бусад хүүхдүүдтэй уриалгахан тоглож эхэлнэ.

✔Хүүхэд тоглож байхдаа төлөвшиж байдаг. Тэд тоглоом дундаа бусад хүүхдүүдийг томчуудыг дуурайдаг. Эцэг эх таны санаанд хоногшсон үйлдэл, зан авирыг тоглох бүртээ дуурайсаар дадлага хандлага болгон төлөвшдөг. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглож байгаа явцыг ажиглаж, анзаарч байгаарай.

✔Цочирдож уурласан, гомдсон, эвгүйцсэн мэдрэмжээ тэд уйлж хашгиран илэрхийлэх юм уу тоглож байхдаа тэр тухайгаа ярьдаг. Энэ үеийг сайтар ажиглаж тоглох явцад нь оролцож сөрөг мэдрэмжийг нь эерэг дулаан болгож өөрчлөөрэй