Сонгинохайрхан дүүргийн “хүүхдийн чуулган” амжилттай зохион байгуулагдлаа

Н.Жавхлан
11 сарын 20, 2024

Нэгдсэн үндэсний байгууллагаас Хүүхдийн эрхийн конвенцыг 1989 оны 11 сарын 20-ны өдөр батлан 2017 оноос эхлэн тус өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар уриалж,  дэлхийн 180 гаруй орон нэгдэн орсон байдаг. 

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан тус хэлтсээс хүүхдийн тэгш оролцоог хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хүүхдийн эрх ашгийг дээдлэн, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 123,000 гаруй хүүхдийн төлөөлөл дүүргийн ерөнхий боловсролын 26 сургууийн 700 сурагчийг хамруулан дүүргийн “ХҮҮХДИЙН ЧУУЛГАН”-ыг өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Хүүхэд, залуучуудын театрын их танхимд амжилттай зохион байгууллаа. 

Чуулганд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга Н.Цэдэн-Иш, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд болон холбогдох албан хаагчид оролцлоо. 

Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдийн чуулган”-аар Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Өөрөө удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж; “Хүүхдийн элч”-ийг сонгон ажиллуулах журмыг танилцуулан, хүүхдийн эрх ашгийг дээдлэн, тэдний санаа бодол, дуу хоолойг шийдвэр гаргагчдад уламжлан, хүүхдийн төлөө ажиллаж буй байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдийн элч”-ийг санал хураалтаар сонгосон ба дүүргийн “Хүүхдийн элч”-ээр Бямбажавын Даваажаргал 55.8%-ийн саналаар сонгогдож, батламжаа гардан авлаа. 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээнээс гарсан санал санаачилгуудыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ дагуу холбогдох төрийн байгууллагуудаас хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг чуулган оролцогч хүүхдүүдэд танилцуулж; Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын “Шилдэг хүүхэд” алтан медалиар дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Т.Батмөнх, Охидын зөвлөлийн зохицуулагч Н.Насанжаргал, Хөвгүүдийн зөвлөлийн зохицуулагч Д.Хангарьд нарыг тодруулж шагнав. 

Дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс зохион байгуулсан үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “Найз байя” видео, контентын  уралдаанд авьяас чадвар, уран сэтгэмжээрээ үе тэнгийн нөхдөө манлайлан оролцсон шилдэг 3 багийг шагнан урамшуулсан юм. Мөн Чуулганы үеэр Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллагаас оролцогч хүүхдүүдэд өөрсдийн үйлчилгээний танилцуулга, мэдээллийг хүргэж хамтран ажиллалаа.

Холбоотой сэдвүүд

схд хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.