Багаасаа зөв зуршилд дадсан хүүхэд том болоод ч энэ зангаа гээдэггүй

Л.Дэлгэрмаа
11 сарын 14, 2022

“Хөөрхөн шар шувуу” сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч багш Б.Мягмарсүрэнгээс бага насны хүүхдийг зөв хөгжүүлэх хүмүүжлийн арга, эцэг эхийн зүгээс түгээмэл гаргадаг алдаа дутагдал, үүнийг хэрхэн залруулах талаар ярилцлаа.

Мэдлэг өгөх нэрийдлээр дааж давшгүй их ачаалалаар битгий шахаарай

Сүүлийн үед эцэг эхчүүдийн дунд хүүхдийг аливаа зүйлийг багаас нь сургачихвал амар гээд хэд хэдэн сургалтад зэрэг явуулах болсон. Гэтэл багаасаа нэг зүйлд хэтэрхий их төвлөрвөл бусад чадварууд нь орхигдох талтай байдаг.

Жишээ нь манай сургалтад багаасаа математикт дуртай, тоо сайн боддог хүүхэд ирсэн юм. Гэвч тэр хүүхэд найз нөхөдтэйгөө учраа олох, харилцах чадвар дутмаг байсан. Үүн шиг хэмжээ хязгаараас хэтэрсэн ачааллаас болж хүүхэд сурахаас залхах, уйдамтгай болох зэрэг сөрөг нөлөө цөөнгүй бий. 


Энэ нь сургалтыг үгүйсгэж байгаа хэрэг огт биш шүү. Гол нь эцэг эхчүүд хүүхдэдээ яагаад сургалтад явж байгаа вэ, юу нь чамд хэрэгтэй гэдгийг сайтар ойлгуулж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Мэдээж нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар давж чадах ачааллыг өгөх нь зөв юм шүү.

Бичлэг үзэх:


Хүүхэдтэйгээ өдөрт 30 минутыг л хамт өнгөрүүл, гэхдээ чанартай  

Үзэл бодлыг нь сонсож, ярилцсанаар тэдний өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, бусадтай төвөггүй харилцаж чадна, баярласан, гунигласан, тухгүй гээд бүхий л мэдрэмжүүдээ бусдад ойлгуулдаг болно. Ингэж тогтмол ярилцах нь  бие хүн болж төлөвших, хөгжихийн эх үндэс болдог.

Чанартай ярилцах цаг гэдэг нь хүүхдийнхээ үзэл бодлыг сонсохыг хэлнэ. Ярилцахад их учир бий. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ярилцахдаа нийтлэг нэг алдаа гаргадаг. Магадгүй та гаргадаг ч байж магадгүй.

Жишээлбэл, хүүхэд тань зураг зураад ирлээ гэж бодъё. Хамгийн түрүүнд “Ямар гоё зураа вэ, их адилхан болжээ, мундаг зурагчин болох нь дээ” гэх зэргээр зурагтай нь ярьчихдаг. Гэтэл угтаа бол “Яагаад энэ зургийг зурсан юм бэ надад тайлбарлаад өгөөч, энэ өнгийг сонгосон нь ямар учиртай юм бол, дараа надад дахиад өөр зураг зураад өгөөч” гэх мэтчилэн хүүхдээсээ үзэл бодлыг сонссон байдлаар ярилцах нь тохиромжтой байдаг.

Ихэнх эцэг эхчүүд ажил амждаггүй, завгүй байна гэж шалтаглах нь бий. Гэхдээ хүүхэдтэйгээ байхдаа хэр удаан хугацаа зарцуулсандаа биш хамт юу хийсэн нь илүү чухал. Дор хаяж унтахаас нь өмнө 5-10 минут богинохон үлгэр ярьж өгөөрэй. 

Ингэхдээ үлгэрийн үйл явдлыг ярилцаж, "Аль хэсэг нь чамд таалагдсан бэ, чи зохиолч байсан бол яаж өөрчлөх байсан бэ" гэх зэргээр асууснаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болдог. Энэ мэтчилэн богино хугацааг ч үр бүтээлтэй өнгөрөөж, тогтмол хийж хэвшээрэй. 

Хоёр настайдаа ширээ арчиж, тавтайдаа аягаа угаана...

Хүүхдэд насанд нь тохирсон ажил хийлгэх нь хөгжил, хүмүүжлийн нэг арга болдог. Тухайлбал таван настай хүүхдийн хувьд аягаа угаагаад, бохир хувцсаа ялгаж чадна. Хоёр настай хүүхэд хүртэл тоглоомоо хураагаад, ширээгээ арчиж чадна. Иймэрхүү ахуйн үйлдлүүдийг өөрөөр нь хийлгэж дадуулах нь зуршил бий болгох анхны алхам болдог.  

Эцэг эхчүүдэд нөхөрсөгөөр зөвлөхөд хүүхдэдээ дадал зуршил суулгая гэвэл өөрөө үлгэрлэж, өдөөх хэрэгтэй. Хүүхэд үг биш үйлдлийг тань даган дуурайдаг учир та өөрөө зөв үлгэрлэхийг эрмэлзээрэй.“Баярлалаа, уучлаарай” гэж хэлсэнгүй гэж уурлахын оронд та өөрөө эдгээр үгсийг хэр их ашигладаг вэ гэдгээ эргээд нэг хараарай. Дадал зуршил бол хүч. Багаасаа зөв зуршилд дадсан хүүхэд том болсон ч энэ эрхэм чанараа гээдэггүй юм шүү. 


Ардчилсан байдлаар хүүхдэдээ сонголт өгдөг бол та хамгийн сайн эцэг эх 


Өөрийнхөө санааг шууд тулгалгүйгээр хүүхдэдээ сонголт өгч, өөрөөр нь шийдвэр гаргуулах нь тэдний хөгжилд томоохон түлхэц болдог. 

Сонголт гэхээр хэтэрхий томоор төсөөлөх хэрэггүй. Гурван насны хүүхдэд хоёр сонголт өгөхөд л хангалттай. Жишээлбэл "Өнөөдөр цэцэрлэгтээ явахдаа хоёр тоглоомынхоо алийг нь авч явах вэ, нэгийг нь л сонгоорой" гэх зэрэг. 

Том болохын хэрээр сонголтуудыг нэмж, шийдвэр гаргах ур чадварт дасгаарай. Ингэхдээ насанд нь тохируулж юу хийж болох, болохгүйг хэлэхээ мартуузай. 

Холбоотой сэдвүүд

хүмүүжил хүүхэд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.