Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбооноос санаачилан “Эмэгтэйчүүд Олуулаа” нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн нүдээр...” зорилтот аяныг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, эрүүл мэндэд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж, шийдэл гарц гаргалгааг олж, хамтдаа хийж бүтээхэд уриалах, холбогдох хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих зэргээр олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү зорилтот аяны хүрээнд 6 сарын 1 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тус холбооноос нийслэлийн томоохон үйлчилгээний газруудад хандан хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалтын өрөөг байгуулах, ариун цэврийн өрөөнд хүүхэд бие засах, гар угаах боломж нөхцлөөр хангахыг  уриалж байгаа юм байна.


Мөн СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны эмэгтэйчүүд санаачилан Тусгаар Тогтнолын ордны нэг давхарт хүүхэд хуурайлах өрөөг байгуулжээ. Хотын төв орчимд ийм өрөө олон байдаггүй учраас ээжүүддээ зориулж хийхээр шийдсэн гэдгээ тэд онцолсон юм.