Төв аймгийн Борнуур сумын мал эмнэлгийн тасгийн дарга, тус  сумын малын эрүүл мэндийн улсын байцаагч Ц.Болормаагаас мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт мөн малчдын оролцоо хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тодрууллаа.



-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгосон. Малчдын хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?


-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оноос бие даасан хууль болж хэрэгжиж эхэлсэн.  Үүнээс өмнө малчид маань малын эрүүл мэндээс илүү тоо толгойд нь анхаардаг байлаа. Харин хууль гарснаас хойш малчид эрүүл малтай байвал эрүүл бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж үүнээсээ өндөр ашиг шим хүртэж болох юм байна гэсэн ойлголттой болсон. Тэр хэрээрээ мал эмнэлгийн үйлчилгээнд өргөн далайцтайгаар хамрагдаж байна.

Малчин бүр малын эрүүл мэндийн дэвтэртэй. Тэр дэвтэрт малын эмч малын эм, туулга, шинжилгээнд хамрагдсан эсэхийг, хийлгэсэн вакцины бичилтийг тогтмол хийдэг. Энэ нь тухайн мал сүрэг эрүүл гэдгийн баталгаа болж, худалдан авагчид итгэлцэл үүсэж байгаа юм.  



-Цахим системд ч бас бүртгэгдэх үү?


-Тэрхүү мэдээллийг малын эмч Мал эмнэлгийн нэгдсэн цахим системдээ ч бас оруулдаг. Сүү өгсөн бол гэрчилгээ нь өдөр, цаг минуттай нь гарч ирдэг. Малчин нүүж нутаг сэлгэхэд эсвэл мах сүүгээ тушаахад тухайн регистрээр нь шүүхэд боомын вакцин, туулга хэзээ хийгдсэн нь шууд харагдана. Малын эмч уг цахим системд нэвтэрч отор нүүдлээр явж байгаа эсвэл манай сумаас гарч байгаа малын мэдээллийг шууд мэдчихдэг гээд олон давуу талтай.

Системээс уг мал ямар үйлчилгээнд хамрагдсан эсэхийг харна бас мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломж нээгдсэн. Тийм учраас малчин хүн малаа төлөвлөгөөт тарилга туулгад хамрагдуулж, эрүүл гэдгийг нотлогдохгүйгээр зах зээлд худалдаалах боломжгүй болсон гэсэн үг.

Иймээс малчид мал эмнэлгийн үйлчилгээнд өмнөхөөсөө илүү ач холбогдол өгч, анхаарал хандуулж, хариуцлагажиж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийнхөн мал эмнэлгийн нэгдсэн гэрчилгээний системийг хийхэд маш их дэмжлэг үзүүлсэн. Энэхүү систем Малын эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд асар их дэм болсон гэдгийг онцлон хэлэх ёстой.



-Иргэдийн хувьд эмийн үлдэгдэлтэй мах, сүү авчих вий гэсэн болгоомжлол байдаг. Энэ асуудал цэгцрэх нь ээ?

-Өмнө нь хуц, ухныг л бруцеллёзын шинжилгээнд хамруулдаг эсвэл саалийн үнээнд шаардлагаар шахуу хийдэг байсан юм. Төслийн эхний жилд л гэхэд 1100 орчим, дараа жил нь 870 гаруй саалийн үнээнд шинжилгээ хийсэн. Мөн малын сүүний шинжилгээг тогтмол хийж байна. Үр дүнд нь Төв аймгийн Борнуур сумаас зах зээл дээр антибиотиктой сүү нийлүүлэх боломжгүй болсон гэж ам бардам хэлнэ.

Ганц манай сум гэлтгүй “Хариуцлагатай Нүүдэлчид” мөшгөх системийн ач тусаар мах, сүүн дэх эмийн үлдэгдлийн асуудал цэгцэрсэн гэж болно. Учир нь орон нутгаас ирэх мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимжуулж, эцсийн бүтээгдэхүүнийг ариун цэврийн баталгаажуулалттай бар кодтойгоор худалдаалах системтэй болсон нь бүх оролцогч талуудыг хариуцлагажуулж байгаа юм. Малчдын хандлага, идэвх санаачлага нь ч нэмэгдсэн. Шинжилгээний төлөвлөлтөд тухайн малчин өрхийн нэр багтаагүй бол яагаад орсонгүй вэ гэж өөрсдөө асууж шаарддаг болсон.

Өмнө нь малын эмч туслах ажилтантай очиж мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Харин Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарсны дараа тухайн малчин малаа барьж өгөн, хүн хүчээ бэлдэж өгдөг болсон. Хэрвээ малчнаас шалтгаалан алдаа гарвал гарсан зардлыг нь малчин хүлээх хуулийн зохицуулалт бий.



-Гарал үүслийн гэрчилгээ  авдаг малчдын тоо хэр нэмэгдсэн бэ?

-Мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу хүнсний бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ авдаг малчдын тоо эрс өсөж байна.

Үүнд төрөөс явуулж буй бодлогын урамшуулал, мал эмнэлгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлэлт, Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл, Хариуцлагатай нүүдэлчид малын гаралтай түүхий эдийн мөшгөх цахим систем, Сүү бэлтгэлийн мөшгөх систем нэвтрүүлэлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.



-Эрүүл сүрэгтэн гэрчилгээг ямар шалгуураар олгодог вэ?
-Бид Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, Витафит ХХК-тай хамтран 1000 гаруй саалийн үнээнд бруцеллёзын шинжилгээг гурав дахь жилдээ хийгээд байна.

Бруцеллёзын шинжилгээ хийж, саалийн үнээг ээмэгжүүлж, шинжилгээний зардлыг даасанд малчдын өмнөөс талархлаа илэрхийлье. Ээмгэн дээрх чипээр дамжуулан тухайн малын эрүүл мэндийг цахим системд оруулдаг, ингэснээр иргэд эрүүл баталгаатай хүнсээр хэрэглээгээ хангаж байна.
Аймгийн мал эмнэлгийн газартай хамтран бруцеллёз болон антибиотикийн үлдэгдлийн шинжилгээг хийдэг ба тухайн бүсийн мал сүргээс ямар нэг өвчин болон антибиотик илрээгүй тохиолдолд “Эрүүл Сүрэгтэн” гэрчилгээг олгодог. Энэхүү гэрчилгээг хоёр дахь жилдээ олгож байна.

Уг гэрчилгээг одоогоор 48 малчин, фермер өрх авсан. Малчид мал эмнэлэгтэйгээ нягт уялдаатай ажиллаж малынхаа эрүүл мэндэд их анхаарал тавьдаг болж байгаа болохоор энэ жилдээ дор хаяж 500 өрх энэхүү гэрчилгээний эзэн болох болов уу гэсэн хүлээлттэй байна.

Ярилцсанд баярлалаа.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн үр дүнд бий болсон хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн сайн туршлагуудын талаар энэ 9 сарын 9/10-ны өдөр зохион байгуулагдах Бэлчээрийн Үндэсний IV форум болон НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээнүүдэд оролцон авах боломжтой. Арга хэмжээг виртуал хэлбэрээр www.responsiblenomads.mn сайтаар болон https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдах тул та бүхнийг цаг гарган бид бүгдийн амьдрах суурь болсон бэлчээр, малын эрүүл мэндийн талаар цэгцтэй ойлголттой болохыг уриалж байна.