Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Энэ дагуу агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилготой Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус Ерөнхий хяналтын сонсголын үдээс өмнөх хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан.

Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль.

Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг.

Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон.

Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол.

Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш.

Баярлалаа” гэсэн юм.

Мөн энэхүү сонсголыг даргалж буй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг утаагүй зуух зарсан компанитай нэр холбогдож буйг шүүмжилж, утаагүй зуух нэрийн дор олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж, зарим эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАРААХ МЭДЭЭЛЭЛ ӨГСНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Г.УЯНГА УНШИЖ, СОНОРДУУЛЛАА.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000-д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд  хүрсэнгүй.  Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс  170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. 

“Шинэ бүтээн байгуулалт” дунд  хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.

Агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн хөтөлбөр- цогц бодлого МУИХ-ын 2010 оны 36дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөний бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөний сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч, энэхүү иж бүрэн хөтөлбөр ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэлийн утаагүй зуух, түлш мэтийн бизнест дарагдсаар арваад жил боллоо. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа.

Тэр ч байтугай агаар.мн сайт  нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.

Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5,1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

Дурдсан тайлан, баримтуудад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.

Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсгийн 1т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ онц байдал зарлана” гэж заасны дагуу Ерөнхийлөгч миний бие агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх саналыг УИХ-д 2017 оны 12-р сард явуулсан. УИХ-ын дарга “… агаарын бохирдол нь гамшиг, аюулт үзэгдэл болон осолд хамаарахгүй байх бөгөөд … онц байдал зарлах онцгой нөхцөл үүссэн гэх хуулийн үндэслэл байхгүй байна” гэсэн хариулт өгсөн билээ. 

Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. 

Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. 

Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометр прогрессоор өссөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга  хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. 

Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. 

Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй.

Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлж  хугацаатай, үе шаттайгаар богино хугацаанд утааг эрс багасгах ийм боломжийг ашиглахын оронд зуух, түлш зарж бизнес хийсээр ирсэн нь даан ч харамсалтай. Өмнөх үйлдлүүдийг цэгцлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын сацуу утаатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн бодлогодоо төвлөрүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж  ажиллах шаардлагатай байна.

Ийм шалтгааны улмаас  Нийтийн сонсголын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д гаргасан болно” гэжээ.