Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар Засгийн газраас танилцууллаа.

Үүнд:

-Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

-Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ.

-Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ.

-СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна.

-Уушгины хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийг хамруулж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан.

-Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээ тогтоон ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.