Харвард бизнесийн сургуулийн подкастаас тоймлон хүргэж байна. Энэ удаагийн сэдэв нь авилга ба орчин үеийн бизнесийн талаар байх юм.

Авлига нь хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Эртний Египетэд авлига амь бөхтэй оршин байсан тухай баримтууд олон байдаг. 

Дэлхийн банкны судалгаанаас харвал олон улсын авлигын нийт мөнгөн дүн жил бүр 1.5 их наяд ам долларыг давдаг ба үүний улс орны эдийн засаг болон нийгмийн амьдралд үзүүлэх дам нөлөөг тооцоолж баршгүй.

Энэхүү подкастад тус сургуулийн профессорууд Жефф Жонс болон Тарун Канна нарын авлига хөгжиж буй орны төр, хувийн хэвшилд хэрхэн нөлөөлдөг, тэд яагаад хамтран авлигатай тэмцэх ёстой зэрэг сэвдээр хийсэн судалгааг онцолжээ. Энэ судалгаа нь дэлхийн 3 тивийн хөгжиж буй орны 150 энтрепренертэй 1 цагийн турш ярилцаж, нийт 150 цагийн ярилцлага, дата дээр үндэслэж хийгдсэн онцлогтой.

Авлигын тухай зарим зүйлс

Тус судалгаанд авлигыг “албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглах” гэж тодорхойлжээ. Авлига нь зөвхөн ядуу буурай, хөгжиж буй оронд байдаг үзэгдэл биш. 

Хөгжингүй орнуудад ч гэсэн ямар нэг хэлбэрээр байдаг. Юугаараа ялгаатай вэ гэвэл хөгжил буурай оронд авлига төрийн бүх төвшинд норм болсон байдаг. Авлига хүн төрөлхтөн хоёр маш эртний танилууд. Өгөх авах хоёр тал байсан нөхцөлд л авлига орших боломжтой.

Авлигыг харах хүмүүсийн өнцөг өөр өөр байдаг аж. Зарим авлига бол амьдралын нэг л хэсэг учир түүнтэй зохицож амьдрах хэрэгтэй гэж үзнэ. 

Зарим нь авлига бол хавдар адил учир түүнийг авч хаях ёстой гэсэн ёс суртахууны байр суурийг баримтална. Авлигын тухай яриа дэлхийн хаана ч байсан сэтгэл хөдлөл давамгайлсан халуун байх нь түгээмэл.

Авлигын үр нөлөө

Авлига ихтэй салбарт аливаа нэг ажил үйлчилгээг хийхэд зардал их, урт хугацаа шаардана. Жишээ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт үзүүлэх авлигын нөлөө нь барилга, байгууламжийн чанар муудах, барилгын хугацаа, зардал, үнэ өсөх зэргээр илэрдэг.

Өөр нэг дам боловч ач холбогдол өндөр нөлөө нь авлига ихтэй салбарт чадварлаг боловсон хүчин, талент огт тогтдоггүй. Ялангуяа, инженер, технологи зэрэг нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүд дайжаад алга болдог. Сайн, чадварлаг мэргэжилтнүүдээ алдах нь аливаа нэг бизнесийн салбар, аж ахуйн нэгжид тооцоолж боломжгүй их зардал авчирдаг.

Авлига өгөхгүй бол ажил бүтэхгүйг тосгүй эд анги зуураад хөдлөхгүйтэй зүйрлэвэл яваандаа энэ тос нь элс шороо болж хувирдаг. Ийм нөхцөлд дан ганц боловсон хүчин дайжаад зогсохгүй компанийн, аж ахуйн нэгжийн, улсын биет хөрөнгийг хулгайлаад зугтах зэрэг үр нөлөө ажиглагддаг тухай судалгаанд дурджээ.

Авлига хаа саагүй байхад бизнесийг дүрмээр нь тоглох боломжтой юу?

Авлига таатай үрждэг нэг салбар нь логистик. Персийн буланд логистикийн бизнес эрхэлдэг Арамекс компанийн захирал Фади Гандур хэрхэн авлигад үгүй гэж хэлсэн тухайгаа ийн ярьжээ. 

Түүний бизнес нь олон улсын түншүүдээс ихээхэн хамааралтай учир тэрээр эхнээсээ олон улсын болон түнш орнуудын авлигын эсрэг дүрэм журмуудыг баримталсаар иржээ. 

Бас нэг жишээ нь Термакс инженеринг компанийн Ану Ага. Тэрээр компанийн бүх ажилчдаа авлигаас хол байх ам мөчиг бүхий баримт бичигт гарын үсэг зуруулан авч, компанидаа авлигааас ангид соёлыг бүрдүүлжээ. Зөрчсөн ажилчдыг ажлаас нь чөлөөлдөг ба компанийн соёлоор авлигатай тэмцэж болох нэгэн жишээ юм.

Өөр нэг жишээ нь Суданы телеком энтрепренер Мо Ибрахим. Тэрээр Африк тивийг бүхэлд нь хамарсан гар утасны сүлжээг бий болгохоор ажиллаж байгаа ба бүх шатны ажилчдаа авлигаас ангид байлгадаг арга хэмжээ нь Могийн утасны дугаарыг авлига шаардсан албан тушаалтанд өгөх гэжээ. 

Хэн нэгэн чамайг авлига өгөх авах нөхцөлд оруулах гэж байвал тэр хүнд миний утасны дугаарыг өгчих. Энэ их ажлыг хийхэд гаднын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Гаднын бизнесменүүд, өндөр мэргэжилтнүүд компанийнх нь ТУЗ-д суух шаардлагатай. Тэдний санхүүжилт, зөвлөгөө, дэмжлэг, итгэл хэрэгтэй. 

Тэр хөрөнгө оруулалт, мэргэжилтнүүдийг татахын тулд бид олон улсын авлигын эсрэг дүрэм журмуудыг чандлан сахих хэрэгтэй бас захирлын хувьд би өөрөө энэ үүргийг манлайлан гүйцэтгэх ёстой хэмээн тэрээр судалгаанд ярилцлага өгчээ.

Бас нэг жишээ нь Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар. Энэ салбар 2000 оноос хойш бүхэлдээ маш хатуу авлигын эсрэг норм, дүрэм, журмыг баримтлах болсон. Учир нь гэвэл Энэтхэгийн мэдээлэл технологийн салбарын үйлчлүүлэгчид нь Fortune 100-д багтдаг дэлхийн томоохон компаниуд байдаг. 

Хэрэв авлигын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй байсан бол Энэтхэгийн IT салбар эдгээр том компаниудын итгэлийг хүлээж чадахгүй байсан. Ихэнх түнш, үйлчлүүлэгч компаниуд нь хөрөнгийн биржид арилжаалагддаг нээлттэй компаниуд учир тэдний бүх процесс нээлттэй байдаг. 

Энэтхэг хамтрагч нь авлигад идэгдсэн байхад танайх ялгагдах зүйл байна уу гээд хөрөнгө оруулагчдын уулзалтад аналистууд, сэтгүүлчид асуугаад эхэлбэл компанид хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ хүмүүс чинь бүгд бизнест хөлөө олчихсон, санхүүгийн хувьд баталгаатай болчихсон. Одоо ингэж ярих амархан хэмээн эргэлзэх нэгэн байна.

Судалгааны үеэр авлигад үгүй гэж хэлэх, хол байх нь хүмүүсийн хувьд сонголт байдаг гэдгийг ойлгосон. Термаксын Ану Агагийн хувьд энэ сонголт нь компанийн соёлоо өөрчлөх байдлаар илэрсэн. Мо Ибрахимын хувьд гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх механизм болсон. Өөр нэг дурдах ёстой бүлэг хүмүүс бол технологийн энтрепренерүүд. 

Тэд эдийн засаг дахь аливаа нэг асуудлыг ул сууриас нь, бүтцээр нь харж, технологи ашиглан тухайн асуудлыг ил гаргаж байна, үүнийг дагаад ил тод байдал нэмэгдэж байна. 

Тэгэхээр хүмүүс хувийн амьдралдаа, бизнесдээ ямар чиг шугамыг баримтлах нь тэдний сонголт байна хэмээн профессор Тарун Канна онцолжээ.


Эх сурвалж: Harvard Business School