Х.Оргил
12 сарын 05, 2019
Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Номинтой ярилцлаа.
Залуу судлаачдыг дэмжих сан ТББ нь залуучуудад судалгаа шинжилгээний арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 1992 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар судалгаа хийх, сургалт болон эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, олон нийтийн дунд танхимын болон онлайн хэлэлцүүлэг хийх зэрэг тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Тиймээс үйл ажиллагаа зорилгынхоо хүрээнд тус байгууллага “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн судалгааны ач холбогдол, арга аргачлал, судалгааг эхлүүлэх болсон зорилгын талаар ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-“Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааг яагаад эхлүүлэх болсон юм бэ?
-Манай сангийн үйл ажиллагааны нэг чиглэл нь залуучуудын сэтгэлгээг цэгцлэх, тэдэнд системийн инженерчлэлийн аргаар судалгааны ажил хийж сурхад нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг сонгон авч жишиг загвар боловсруулах судалгааны ажлуудыг санаачилж залуустай хамтран хийдэг.
Манай улсад өдөрт 40 хос гэрлэлтээ батлуулж 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн статистик судалгаа байгаа нь нийгмийн үндсэн нэгж болох гэр бүл маань тогтворгүй, улмаар бусад нэгжүүддээ шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа нь харагдаж байна. Тиймээс нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн асуудалд шийдэл болохуйц жишиг гэр бүлийн загвар боловсруулах нь энэ судалгааг эхлүүлэх болсон бидний зорилго юм.
-Жишиг гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлж байгаа юм бэ?
-Жишиг гэр бүл гэж гэр бүлийн гишүүн бүр бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, хамтдаа хэрэгцээгээ хангадаг, аз жаргалтай тогтвортой гэр бүлийг хэлнэ.
-Жишиг гэр бүлийн загвар одоо нийгэм дээр байхгүй байгаа юм уу? Тэгвэл нийгэмд жишиг болон тогтсон загвар байх боломжтой юу?
-Одоогийн байдлаар тийм загвар байхгүй байна. Тийм учраас залуусын маань хувьд гэр бүл болсны дараагаар хоёр өөр хүмүүжил, хоёр өөр хүсэл мөрөөдлийг нэгтгэнэ гэдэг маш олон зүйл дээр ойлголтын зөрүү үүсч үл ойлголцол бий болдог. Түүнийх нь гол шалтгаан нь өөр өөрсдийн харж өссөн эцэг эхийнхээ гэр бүлийн загвартай өөрсдийн гэр бүлээ харьцуулах, тэр ч бүү хэл найз нөхдийнхөө, ах дүүс, хамаатан садныхаа аль таалагдсан гэр бүлийг эсвэл бүр олны танил гэр бүлүүдийг загвараа болгох гэж оролддогоос болдог юм шиг санагддаг.
Гэр бүл бол систем мөн. Тиймээс тогтсон жишиг загвар байх боломжтой. Уг жишиг загварын ерөнхий санааг аваад өөрсдийн зорилготойгоо уялдуулан тухайн гэр бүл өөрсдийнхөө загварыг бий болгож болно гэж харж байгаа. ТУС Солюшн ХХК-ий системийн загварын давуу тал нь тухайн загварыг өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан угсрах боломжтой байдаг юм.
-Тухайн жишиг загварын ач холбогдол, даву тал нь юу юм бэ?
-Манай сан нь судалгааныхаа ажилд Тохиргоотой Угсардаг Системийн /ТУС/ загварыг ашиглан гэр бүлийн оролцогч талуудын бие биенийхээ өмнө хүлээж буй үүрэг, зорилго болон оролцогч талуудын хүртэж буй үр шимийг маш ойлгомжтойгоор дүрслэн харуулж байгаа юм.
Гэр бүл болгон уг загварын дүрслэлийг ашиглан өөрсдийн онцлогт тохирсон загварыг бий болгож дундын зорилгодоо хүрхэд оролцогч талуудын үүрэг хүлээн оролцох оролцоог нэмэгдүүлснээр гэр бүл доторх ойлголтыг нэгтгэх үр дүнтэй хэрэгсэл болно хэмээн харж байна. Уг судалгаа маань нийгэмд үнэ цэнэ бүтээнэ гэдэгт итгэж байна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсэе.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.