Үндэсний статистикийн хорооноос цаг ашиглалтын судалгааны эхний улирлын мэдээлэл цуглуулалтын ажил энэ сарын 16-наас эхэлнэ.

Цаг ашиглалтын судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдсэн аж.

Манай улс цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200 өрх, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.

Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр ажээ. 

Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэгджээ.