Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 11, 2025
Монголчуудын морины соёлд онцгой байр суурь эзэлдэг жороо морь нь явдал зөөлөн, тухтай хүлэг төдийгүй удам угсаа, гоо зүй, түүхэн өвийг илэрхийлэгч ажээ. Тиймдээ ч аймаг, сумдын наадмаас эхлээд Төрийн их баяр наадмын дэнжид жороо морьдын уралдааны төрөл багтдаг. Энэ соёлыг тээн өвлүүлэгчдийн нэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн алдарт уяач Ж.Доржсүрэн гуайтай бид ярилцлаа.
-Таны жороо морьтой холбоотой анхны дурсамжаас ярилцлагаа эхлүүлье.
-Би сайн эцгийн буянд нялх бага таван настайгаасаа эхлээд л жороо морь унасан.
Манай өвөг эцэг Түшээт хан аймгийн Баатар вангийн хошууны ноёны зэргийг тухайн үед таван настайдаа залган суусан, хожмын их эрдэмтэн Наваан-Юүндэнгийн адуучин хүн байсан гэдэг. Тэр өвөг эцгийн маань гэрт хошуу ноёны адуу малынх нь тамга байж. Хошуу ноёны адууны тамга өдгөө манай адууных болоод ширээтэй чойндон тамга гэрт маань хадгалагдаж байдаг юм. Тэр хүний буян заяаг дагуулж ирсэн тамга гэж миний бие бэлгэшээдэг.
Өдий 70 нас хүртлээ өөрийн унаган адуунаас эхлээд, өөр нутаг усны сайхан хүлгээс ч үнэ хөлсөөр авч унасаар өнөөг хүртэл 40 гаран жороо морь унажээ. Манай нутгийнхан намайг сайхан жороо морь олныг унаж, залуудаа их гоёж явсан болохоор Ганган Доржоо гэж хочилдог юм.
-Жороо морь гэж яг ямар онцлогтой адуу байдаг юм бэ?
-Жороо явдалтай адуу гэдэг зүгээр ч нэг сургалтаар бий болдоггүй. Удмын генетик шинж чанар маш чухал байдаг. Монгол малчид энэ талаар онцгой мэдлэгтэй. Адууны шүд, алхам, сүүл, өвчүүгээр нь “жороо шинждэг” уламжлал ч бий. Зарим адууг сургаад хэвшүүлж болдог ч яг удмын жороотой адил болдоггүй л юм билээ.
Гол онцлог нь гэвэл жороо явдалтай морь унаж явахад тухтай, тэнцвэртэй хөдөлгөөнтэй учир бие доргиодоггүй юм. Нэгэнт унаж үзсэн хүн жороо морио л унамаар болчихдог юм. Ямар сайндаа л дээр үед хаад ноёд, ихэс дээдэс бүгд л жороо мориор унаж наадаж цэнгэдэг байж. Бас хол замд настайчууддаа жороо морио унуулж, хүндтэй зочдыг жороо мориороо угтдаг уламжлал ч байсан гэдэг.
Монголчууд ер нь сайн морьноос гар татдаггүй улс. Ах нь 1981 онд улсын наадамд түрүүлсэн жороо бор морийг 11 мянган төгрөгөөр худалдаж авч байлаа. Тэр үедээ их мөнгө. Сэхээтэн хүний сарын цалин 700 төгрөг байсан цаг шүү дээ.
Сүүлд нь 1983 онд Төв аймгийн 60 жилийн ойд очсон юм. Тэгэхэд миний найз Заамарын “Баян Лувсансүрэн” гэж хүн байсан юм. Бор морийг маань 17 адуугаар авсан даа. Буцаад мордоход “Найзынхаа хазаарыг мялайж байгаа юм шүү” гэж дахиад нэг сувиа гүү бэлэглэсэн. Ингээд нэг жороо морь маань 18 адуу болчхож билээ. Жороо морийг монголчууд яаж үнэлж, эрхэмлэдгийг эндээс харж болно.
-Ингэж үнэлэгдсэн морийг унаж явахад эзэн хүнд нь ямар мэдрэмж төрдөг вэ. Монголчууд сайн морь эрийн чимэг гэж ярьдагийг бодоход тухайн хүнийг илүү нэр хүндтэй болгодог болов уу?
-Улсын наадамд сайхан морь уначхаад сайхан морио хурдлуулаад давхиулаад явж байх шиг эд бах, бахархал монгол хүнд үгүй болов уу. Наадмын дэнжээр явж байхад миний морины явдлыг хараад л, тал талаас хүмүүс дагаад явна. Нэг эргээд харахад л хойд талд зөндөө олон хүн болчихсон байдаг байж билээ.
1991 онд би нэг сайхан хонин нүдтэй халиун морь унаж байсан юм. Гоё эмээлээ тохоод, хазаар, хударга бүх юмаа бүрэн зүүгээд явж байхад хүмүүс харцаа салгаж чадахгүй дагадаг байсан нь тодхон санагдаж байна даа.
Хэдэн жилийн өмнө би бээр Дундговь орчхоод буцахдаа Төв, Дундговийн зааг дээр байдаг Ногоон даваад гарлаа.
Зам зуурт гээд дээлээ тайлаад машиндаа хийчихсэн. Муухан хар куртик, дугуй хар малгай өмсчихсөн явж байлаа. Доохон талд нь хэдэн хүн тойрчихсон, идээ цагаа дэлгэсэн сууж байна. Монголчууд бид чинь зочломтгой даалимтгай юм болохоор “Наашаа суу, наашаа суу” гэв. Тэгээд хөөрөглөөд, яриа дэлгээд хэсэг суулаа.
Бурхны гурван даншигт түрүүлсэн буурал морины эзэн, Дундговийн манлай уяач, Гомбо-Очир гэж хүн байна. Өмнө улсын наадам дээр тааралдаж байсан, би зүс танина л даа. Надаас “За миний дүү Зүүнхараагийнх юм бол ганган Доржийг таних уу” гэж байна. Би ч танина аа л гэлээ.
-Нэг сайхан халиун морьтой сон. Тэр жилийн наадмаар өдөржингөө дагаж харж билээ. Тэр хүн одоо байгаа юу гэнэ.
-Байгаа байгаа л гэлээ.
-Өөрөө уртаа гэзэгтэй, дээл хувцас нь гэж мөн ганган хүн шүү л гээд л хуучилж байна.
Дүү маань хажууд сууж байгаа юм жуумалзаад л өнгөрлөө. Тэгээд хэсэг ярьж сууж байгаад зам салсан.
Би чинь дээл хувцасгүй, куртик өмсчихсөн, гэзэг үс ч байхгүй, буурал толгойтой өвгөн “Би байна” гэж хэлэхээр хүн үнэмшихгүй гээд өөрөөсөө иччихсэн. Нэг хүний сэтгэлд ч гэсэн сайхнаараа үлдэг л дээ гээд өнгөрсөн дөө (инээв).
-Таны бодлоор өнөө үеийн хүүхэд, залуус жороо морины үнэ цэнэ, онцлогийг хэр ойлгож байна вэ.Энэ соёл мартагдах вий гэж санаа зовдог үе бий юу?
- Ах нь одоо далан нас өнгөрөөд явж байгаа хүн. Морь унаад айхтар хол явахдаа жаахан тиймхэн болоод л байна. Хааяа цагаан сар наадмаар морио унаж байна даа.
Манай хүүхдүүд бас морь малд дуртай. Миний эмээл хазаар, эдлэл хэрэглэл, жороо морийг хүүхдүүд л үргэлжлүүлж эдэлж байна. Миний дүү нар, шавь нар, ах дүүсийн хүүхдүүд дунд ч жороо морины хорхойтой улс олон бий. Монгол хүн, морь байгаа цагт морь унаж эдлэх соёл уламжлал үргэлжлээд л явна гэж итгэдэг. Мэдэх зүйлээ өвлүүлж хэлж өгөх нь бидний үүрэг байх.
Улсын наадмын жороо морины уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ хамгийн олон морь түрүүлж, айрагдсан сум байдаг юм. Манайтай дүйх сум байтугай аймаг ч байхгүй. Тийм учраас манай нутгийн залуучууд жороо морины соёлоо сайн мэднэ.
Малчин, адуучин залуус жороо морио унана. Өсгөж үржүүлэхдээ анхаарч жороо азарга тавьдаг, анхаардаг хүмүүс олон болж байгаад баярлаж явдаг хүний хувьд устах вий үгүй болох вий гэх мэт бэлгэгүй зүйл боддоггүй дээ.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та сайхан наадаарай.
-Хотол түмэн минь улсынхаа баяр наадмаар сайхан наадаж цэнгээрэй гэж хүсье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.