Буяндэлгэрийн Мөнхчимэг
12 сарын 04, 2025
Боловсролын яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл Монголын хувийн сургуулиудын холбооноос тус шийдвэрийг эсэргүүцэж ЕБС-ийн бүх хүүхдийн эрх ашгийг хамгаалсан албан бичгийг Боловсролын сайдад хүргүүлээд байна. Монголын хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан үүнтэй холбоотойгоор байр сууриа ийнхүү илэрхийлж байна.
Сурган хүмүүжлийн үйл явцыг салбарын сайд өөрөө “самарч” байна
Нэг хүний сэтгэлийн хөөрлөөр улсын 300 гаруй сургуулийн олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж болохгүй. Хүүхдэд хичээлийн агуулгын хоцрогдол үүсэхэд хэн зовлонг нь үүрдэг гээч. Би биш, удирдах албаны тушаалтнууд ч биш, харин багш нар, цаашлаад ирээдүй болсон үр хүүхдүүд маань л үүрнэ шүү дээ.
Яг үнэндээ цахимаар хичээл орох нэрийн доор сургуулийг даалгавар өгөөд амрааж байгаагаас өөрцгүй үйл явдал өрнөж байна. Хичээл сургууль ороод эхэлсэн ч эдгрээр хичээлүүдийг нөхөхийн тулд өмнө нь заасан хичээлээ дахиад л сэргээж заах шаардлага гардаг. Иймээс ч бид энэ асуудлыг эсэргүүцсэн.
Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан гэнэтийн шийдвэртэй холбогдуулан цахимд шилжихийг эсэргүүцэж, танхимаар хичээллэх шаардлага хүргүүлсэн.
Олон улсын жишигт тухайн ангид амьсгалын замын халдварт өвчин халдвар ихтэй ч, хүндрэлийн түвшин бага тохиолдолд өвдсөн хүүхдийг гэрт нь байлгах, эсвэл зөвхөн ангиар нь хөл хорих, байшингийн давхраар нь хөл хорих гэх мэт олон боломж бий.
Гэтэл 300 гаруй сургуулийг хавтгайруулж нэгэн зэрэг цахимд шилжүүлж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.
Албан бичигт ч бид энэ талаар тодорхой тусгасан. Долоон дүүргийн бүх сургуулийн бүх хүүхдийг танхимаар хичээллүүлэх шаардлагын цаана цахимд хамрагдах хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бий.

Хичээл сургалтын үйл ажиллагаа тогтвортой явах нь маш чухал. Хүн шинэ чадвар бий болгохын тулд давтаж, эргэн санаж байх ёстой. Зарим хэсэг нь цахим хичээлд хамрагдана, зарим нь хамрагдахгүй. Ингэснээр агуулгын хоцрогдол үүсч, түүнийг нь нөхөх гэж багш нар л зовдог.
Долоо хоног завсарлачихаад ирэхэд сурагчид сурсан зүйлсээ мартчихсан байдаг. Сурган хүмүүжлийн үйл ажиллагаа бол тогтвортой, урт хугацааны үр дүн гаргадаг чухал процесс. Энэ үйл явцыг салбарын сайд нь өөрөө гарч ирээд самарч байна.
Бага ангийн хүүхдэд ухаалаг төхөөрөмж, гар утас ашиглан хичээл заалгах нь тэднийг төвлөрөл муутай болгохоос гадна сэтгэлзүй, эрүүл мэнд, аюулгүй байдал, сургалтын хоцрогдол зэрэг бий болж урт хугацаандаа хор нөлөөтэй.
Энэ жил 1-р ангид орсон хүүхдэд 5-р ангид, эсвэл 9-р ангидаа энэ хоцрогдлын нөлөө мэдэгдэнэ. Тэр хоцрогдлыг нөхөхөд багш, сургууль, хүүхэд, эцэг эхэд асар их ачаалал ирдэг.
Олон улсын судалгаагаар ковидын үед 14 сарын турш танхимаар хичээл ороогүйгээс болоод доод тал нь нэг жил, дээд тал нь хоёр жилийн агуулгын хоцрогдол үүссэн гэж гарч байгаа. Тэгэхээр бидний хувьд энэ туршлагаасаа суралцах ёстой.
Гэтэл нэг том дарга гарч ирээд маргааш улсын хэмжээнд хамгийн хүйтэн өвлийн нэг өдөр болох учраас гээд хөл хорьж байсан түүхтэй. Мөн бас нэг Засгийн газрын гишүүн гарч ирээд маргааш түгжрэл ихтэй, утаа ихтэй, өвчлөл ихтэй байна гээд сургуулийг хөл хорьж байсан түүх бий.
Өнөөдөр Монгол Улсын энэ хариуцлагагүй тогтолцооны үр дүнд бий болж байгаа энэ үйл явдлаар монголын боловсролыг тоглоом мэт үзэж болохгүй ээ. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээтэй байж, хүүхдийг үнэхээр нэгдүгээрт гэж үзэж байгаа бол аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, таниулах үйл ажиллагаагаа хийх ёстой байсан.
Бид энэ удаа хүчтэй дуугарч байгаа. Гол санаа нь, цаашдаа төр, засгийн байгууллагууд шийдвэрээ гаргахдаа оролцогч талуудаас судалгаа авдаг, саналыг нь сонсдог, мэргэжлийн түвшинд нөхцөл байдлаа үнэлж дүгнэдэг байх ёстой. Зөвхөн нэг том дарга хэд хоног бодож байснаа гэнэт сургуулийн үйл ажиллагааг зогсоож болохгүй.
Сургуулиуд өөрсдөө сайдын баталсан хичээлийн жилийн бүтцийн дагуу хэзээ урлаг соёлын үйл ажиллагаагаа хийх, хэзээ спортын үйл ажиллагаагаа явуулах, хэзээ шалгалтуудаа зохион байгуулах, хэзээ эцэг эх асран хамгаалагчдын хурлыг хийх вэ гэдгээ нарийн хуваарилалтын дагуу явуулдаг. Сургуулиуд сурагчдаа, багш нараа үнэлж, эхний хагас жилийн үнэлгээгээр дараагийн хагас жилийнхээ төлөвлөгөөг боловсруулдаг. Сургалтыг долоо хоногийн турш цахимд шилжүүлснээр дээрх бүхий л үйл ажиллагаанд цаашдаа нөлөөлж байна.
“Манай хүүхэд өвдсөн учраас нийтээр нь хөл хорих ёстой” гэх жижигхэн хувийн үзлээр хандаж болохгүй. Томчууд өөрсдөө маскаа зүү. Нэг ангийн 10 хүүхдийн нэг, хоёр нь өвдвөл гэртээ ханиадаа эмчлүүлээд эргээд хэвийн болгоод сургуульдаа явж болно. Гэтэл хэнэггүйтэж эм танг нь өгөлгүй, “Манай хүүхэд бага зэргийн ханиадтай, би ажилтай” гээд хичээлд нь явуулснаар үлдсэн найм, есөн хүүхдээ эрсдэлд оруулдаг байж болохгүй.
Тэгэхээр төр засаг ч, эцэг эхчүүд ч, багш, сургууль ч хариуцлагатай байх шаардлага байна. Тэгж байж энэ ханиад томууг нийтээрээ давж гарч чадна.
Бичлэг үзэх:
“Боловсролыг дэмжих жил” зарлачихаад ялгавартайгаар дэмжиж байна
Монголын хувийн сургуулиудын холбоо 1999 онд байгуулагдсан. Өдгөө 26 жилийн түүхтэй, ууган холбоодын нэг. Монгол Улсын хэмжээнд нийт 189 төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сургуульд 80.000 орчим хүүхэд найман мянга орчим багш ажилчин ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд дунд 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд суралцдаг гэсэн үг.
Хувийн сургуулиудыг ашиг сонирхлын зөрчилтэй, төлбөр мөнгө их авдаг гэх мэтээр олон нийтийн дунд муу нэртэй байх нь олонтаа. Нийт сургуулийн 75 хувь нь 10 сая төгрөгөөс доошоо төлбөртэй байна. Тэгвэл олон нийт хувийн сургуулиудыг 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй, олон хүүхэдтэй сургуулиудаар дүгнэх тал ажиглагддаг. Хувийн сургуулиуд төрийн ачааг үүрч яваа гэдэг талаас нь бас харах ёстой.
Монгол Улсад зөвхөн төрийн өмчийн сургуулиуд л үйл ажиллагаа явуулдаг байсан бол Монгол Улсад юу тохиолдох вэ? Магадгүй, олон улсын сургалтын шилдэг хөтөлбөрүүдээс суралцах боломжгүй болж, гадаад хэл сурахын тулд хүүхдүүдээ олноор нь гадаадад сургах шаардлагатай болох байсан биз ээ.
Тэгвэл төрд ад үзэгдээд байгаа эдгээр сургуулиуд буюу 189 сургуулийг төр өөрөө баривал хэчнээн төгрөгийн зардал гаргах вэ? Тэнд найман мянган багш ажилтан ажиллуулбал төрөөс хэчнээн их хэмжээний зардал гарах вэ, үйл ажиллагааны зардлууд хэчнээн их байх вэ. Энэ талаас нь харвал төрийн зардлыг бид 99 хувиар хэмнэж байгаа юм шүү дээ.
Үнэндээ хувийн сургуулиуд зарим хүмүүсийн бодож төсөөлж байгаа шиг биш л дээ. Тухайлбал хувийн сургуулийн 65 хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Бага төлбөртэй сургуулиуд ч өчнөөн бий.
Ганцхан жишээ дурьдъя. Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй “Дэвшил” гэдэг сургуулийн сургалтын төлбөр нь нэг сая төгрөгөөс бага. Энэ сургуульд улсаас “Үдийн цай”-ны төсөв өгдөггүй. Харин төлбөр нь нэг сая хүрдэггүй учир хувьсах зардлын төлбөрийг улсаас авдаг. Үүнийг олон нийт маш сөргөөр авч үздэг.
Хувьсах зардлыг орон нутгийн сургуулиудад өгөхөө болиод “Үдийн цай” хөтөлбөрийнх нь төлбөрийг хасчихвал тухайн сургууль хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл багасна.
Энэ дашрамд хэлэхэд, 2023 оны долдугаар сард баталсан Боловсролын ерөнхий хуулийн заалтаас “төрийн бус” гэдэг хоёрхон үгийг авч хаяснаараа хувийн сургуульд суралцаж байгаа 80 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах боломжийг нь хасчихсан. Тэгэхээр, Монголын хувийн сургуулиудын холбооны зүгээс “Үдийн хоол” хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах ёстой гэж үзэж байгаа.
Нэг сургууль дотор бага ангийн хүүхдүүд нь тэнд хоол идээд байж байтал 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд нь хоол зүгээр л үнэртүүлчхээд идүүлэхгүй байна гэдэг бол ялгаварлан гадуурхалт мөн биз?
“Чи төрийн өмчид сурч байгаа юм чинь чамд хоол өгнө төрийн бусад сурч байгаа юм чинь чамд хоол өгөхгүй ээ” гээд байж байгаа нь үнэхээр жирийн зүйл мөн үү? Ийм том ялгаварлал байна. Хүний эрх талаасаа ч, Үндсэн хууль талаасаа ч энэ нь маш зохимжгүй зүйл.
Сүүлдээ бүр хувийн сургуулиудад сайн үйлсийн аян хийе ээ гээд аль нэг байгууллага хандив өргөхийг нь хуулиар хориглож байдаг зохицуулалт манайхаас өөр оронд байхгүй. Энэ бол хариуцлагын тогтолцооны гажуудал шүү дээ. Өнөөдөр Монгол Улс “Боловсролыг дэмжих жил” гэж зарласан хэрнээ боловсролоо ялгавартайгаар дэмжээд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.