Түрээсийн байранд суралцах нь "амь тариа" төдий арга, ачааллыг бууруулъя гэвэл шинэ сургуулиуд барих хэрэгтэй

ЕБС-иудын ачаалал хэтэрснээс анги танхим хүрэлцэхгүй номын сан, өлгүүр, захирлын өрөөгөө хүртэл кабинет болгох зэргээр зарим бүлгийг тарааж, нэг ангид 60-70 хүүхэд хуваарилж буй. Ийм байдлаар 2 мянган хүүхдийн даацтай сургуульд 4000-6000 хүүхэд суралцаж байна. Төв сургуульдаа багталцах аргагүй болсон сургуулиуд байр түрээсэлдэг болоод удлаа. Тэдгээрийн нэг нь БЗД-ийн 21 дүгээр сургууль. Гурав дахь жилдээ нэмэлтээр байр түрээсэлж, жил бүр 4 дүгээр ангийн 8 бүлгийн 370 гаруй сурагчийг хичээллүүлж байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүйг 21 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын менежер Д.Саранцэцэгтэй ярилцснаа хүргэе. 


Тэрбээр “21 дүгээр сургууль маань харьцангуй том байгууламжтай боловч бүлгийн тоо ихэссэн учир тухайн объектод байрлах кабинетын тоо хүрэлцдэггүй. Иймээс жил бүрийн 4 дүгээр ангийн  сурагчдаа түрээсийн байранд хичээллүүлэх байдлаар гурав дахь жилээ угтаж байна. 

Түрээсийн байранд хичээллэхэд сургууль зүгээс сайтар зохион байгуулалттай хандаж,  эцэг эх, хүүхдүүдийн сэтгэл зүйг бэлтгэлтэй байлгах нь чухал. Бидний хувьд сурагчдыг гуравдугаар ангид орохоос нь эхлээд л “Дараа жилээс түрээсийн байранд сурна шүү” гэх байдлаар захиж, дасгаж байна. 

Түрээсийн байр сургуулиас 8 минутын зайтай байрладаг. Үүнийг дагаад ах эгч нь дүүгээ дагуулаад ирэх боломжгүй болж, хүүхдүүдээ хоёр тийш хүргэх гэх мэтээр гэр бүлүүдэд ачаалал нэмэгддэг болсон. Хүндрэлтэй ийм нөхцөлд эцэг эхчүүд хүлээцтэй хандаж, багш, сургуулийн удирдлагуудтайгаа хамтарч ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.  

Бичлэг үзэх:

 

Тухайлбал энэ жилээс үеийн багт сурагчдаа нэгтэж, эцэг эхчүүдийг мөн багт хуваарилсан. Ингэснээр нэг хотхон, нэг байранд амьдардаг эцэг эхчүүд тав таваараа баг болоод өдөр өдрөөр ээлжлээд хүүхдүүдээ цугт нь хүргэж өгдөг, авдаг болж байгаа юм. Энэ мэтчилэнгээр тухайн жил жилдээ тохирсон менежментийг хэрэгжүүлээд, сургуулийн зүгээс чадах бүхнээ даачилж байна. Гэсэн ч энэ бол гал унтраах “амь тариа” гэдгийг л ойлгох хэрэгтэй. 

Манай сургуульд хамран сургах тойргоороо БЗД-ийн 6,8,11,25, 44 дүгээр хорооныхон суралцдаг. Энэ байдлаараа үргэлжилбэл дахиад түрээсийн байр нэмэхийг ч үгүйсгэхгүй. Анги кабинетдээ багтаахын тулд зарим бүлгүүдээ тарааж, нэг анги 50-60 хүүхэдтэй болгочхоод байна шүү дээ. Үүний цаана хүүхэдтэй тулж ажиллах, дэвтэр засах, багшийн ачаалал, эрүүл ахуйн орчин гээд олон асуудал дагуулж байна. Сурлагын чанарт шууд л муугаар нөлөөлнө, ийм орчинд багш сурагчаас үр дүн нэхэх нь өрөөсгөл гэдгийг сануулъя.” хэмээн ярилаа.  


Нийслэлийн ЕБ-ын 21 дүгээр сургуулийн түрээсэлж буй байр нь их дээд сургуулийн зориулалтын барилга тул сургалтын үйл ажиллагаагаа хүндрэлгүйгээр явуулж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай түрээсэлдэг сургууль байгаа ч мартаж болохгүй.Манай peak.mn сайтын редакцаас эдгээр сургуулийн талаар цуврал сурвалжилга хүргэх болно. 


Боловсролын салбарт тулгамдаад буй олон асуудлын суурь болсон сургуулийн ачаалалтай, даац хэтэрсэн байдлыг шийдвэрлэх ганц арга бол шинэ сургуулиуд нэмж барих. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд яаралтай 35 сургууль баригдаж байж, сургуулиуд 2 ээлжээр хичээллэдэг, нэг ангид 40 хүүхэд багтах боломжтой болох тооцоолол гараад буй. 

Ачааллыг бодитоор бууруулах цорын ганц гарц нь шинэ сургууль төлөвлөн, шинээр барих явдал. 2025–2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан энэ үед нийслэл, дүүргийн захиргаа болон УИХ ирэх жилүүдийнхээ төсөвт Улаанбаатар хотод шинэ сургууль барих хөрөнгийг хангалттай хэмжээгээр тусгаж, бодит алхам хийх шаардлагатай байна.

Холбоотой сэдвүүд

боловсрол ебс сургууль

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.