Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү манай улсад коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, өчигдөр Эрээнээс Зам-Үүдэд ирсэн 58 хүнийг нэгийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан хэмээв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "ХӨСҮТ-ийн эмч, ажилчид илүү цагийн мөнгөний талаар гомдол гаргасан зүйл байхгүй. Өмнө нь нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан эмч коронавирусийн үеийн ажилд дайчлагдаад илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд дөрвөн сая 500 мянган төгрөг, сувилагчид өмнөхөөсөө хоёр дахин илүү цалин авч байна. Энэ нь хууль журмын тарифаар тооцогдож, цаг тухайд нь өгч байгаа. Маш товчоор хэлэхэд ийм байна. 

Тэгэхээр цалин урамшуулал дутуу өгч байна гэсэн яриа хаанаас гарч буйг мэдэхгүй. Зарим хүн бусдын өмнөөс хоосон яриа гаргадаг. Сая "Голомт"-оос 100 сая төгрөг хандивласныг бүгдэд нь хувааж өгсөн. Зөвхөн тусгай хэсэгт ажиллаж буй хүмүүст өгье гээгүй. ХӨСҮТ-ийн 800 ажилчин бүгд өвчний эсрэг тэмцэж, нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж, өөр халдвар даагаад арыг нь даагаад явж буй учир бүгдэд нь хуваасан.

Сүүлд франц иргэний компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөг өгснийг бүгдэд нь ижил хуваасан. Энэ бол шударга. Манайд дотороо энэ талын гомдол, зөрчил байхгүй. Ийм үед гомдол гарах юм бол хамгийн аюултай. Тиймээс зарим хүн бусдын өмнөөс янз бүрийн зүйл ярьж биднийг сэвтүүлэхээ боль. Дотооддоо ийм асуудал гарвал бид хариуцсан нэгэндээ асуудлаа хэлж чадах хүмүүс" хэмээлээ.