Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, энэ сараас шинэчилсэн жагсаалтаар олгож буй. Энэ талаар болон хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Хөнгөлөлттэй эмийг өчигдрөөс шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эрүүл мэндийн байгууллага, олон хүн, олон эмийн сан зэрэг цахимд холбогдсонтой холбоотойгоор зарим гацалт, хүндрэл үүссэн. Уг хүндрэлд манай байгууллага өөрөөс шалтгаалах зүйлүүдээ арилгахаар өнгөрсөн шөнөөс хойш ажиллаж байна. Эхнээсээ засагдаж байна. 

Эмийн санхүүжилт өмнөх сарууд шиг сар бүрийнхээ эхний өдрүүдэд дуусахгүй. Бид хэрэгцээ, шаардлагаа үндэслээд төсвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Тиймээс иргэд эм нь дуусаагүй бол заавал эхний өдрүүдэд ирж, дугаарлах хэрэггүй" гэдгийг онцлов.

ЭМДЕГ-ыг төлөөлж Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.Сувд-Эрдэнэ "Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад жор бичих эрхтэй эмч нарыг A, B, C, D гэж ангилсан. ЭМЯ-наас баталж гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад анхан шат, хоёр, гуравдугаар шатны эмнэлгийн эмч нарын бичих эмийг тус бүрчлэн заасан байдаг. Энэ ангиллын дагуу хөнгөлөлттэй эмийн жорыг бичнэ. Гэхдээ иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд даралтны эм зэрэг зарим эмийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч бичих боломжтойгоор оруулсан. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэ заалт орсон. Энэ нь тухайн өвчнийг олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилсэн эсэхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага шалгаж санхүүжилт олгодог. Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэнд нь санхүүжилт олгох заалтыг шинээр оруулсан. Даатгалын байгууллага энэ дагуу шалгадаг боловч сайжруулах зүйлс байгаа. Эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчтөнийг эмчлэх, оношлох бодлого барьж буй учир хөнгөлөлттэй эмийн жагсаалтад A, B, C, D ангиллыг тавьсан. Тухайлбал, өрх дээр хянагдаж, эмчлэгдэх боломжгүй, оношоо нарийн тодруулж байж уух ёстой эмийг зөвхөн төрөлжсөн лавлагаа шатлал дээр эмч онош тодруулснаар эмийг бичүүлж, уух зохицуулал хийсэн" гэлээ.

ЭМДЕГ-ын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил "Цахим жор бичихэд өмнөх жилүүдэд хурууны хээ ашигладаггүй байсан. Энэ үед өөр хүний регистерийн дугаарыг ашиглаад өөртөө жор бичүүлэх, тухайн хүний өмнөөс даатгалын сангаас мөнгө нэхэмжилдэг зэрэг зөрчлүүд илэрдэг байсан. Энэ сараас эмийн сангуудад төсвийн хязгаар тавиагүй. Төсөв хязгааргүй, дээрээс  нь хурууны хээгээр бүртгэхгүй байвал дээрх зөрчлүүд улам газар авна. Улмаар даатгалын санг хохироох нөхцөл нэмэгдэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд технологийн хувьд иргэнийг хурууны хээгээр баталгаажуулдаг шийдэлд шилжсэн. 

Одоо өрхийн эрүүл мэндийн төв, улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, хувийн эмнэлгүүд өөрсдийнхөө программ хангамж дээр жор бичих бололцоог бүрдүүлсэн. Иймд иргэд хурууны хээгээ баталгаажуулж жороо бичих ёстой болж байна. Үүнийг эрүүл мэндийн байгууллагууд дагаж ажиллах ёстой" хэмээв.