УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очин хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.

Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль,Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Уг хуулийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлээд байна.

Ажлын хэсгийн гишүүд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, шийдлүүдийг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа. 

Тухайлбал, хөнгөлөлттэй эмийн программ, хэвтрийн хүнд хэрхэн хөнгөлөлттэй эм олгох, хөнгөлөлттэй эмийн талаарх мэдээллүүд, аптекуудын хаяг байрлал зэргийг асууж тодруулав.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргахдаа зонхилон тохиолддог 111 өвчнийг сонгож, Олон Улсын эмнэл зүйн аргачлалыг баримталж тогтоосон, e-barimt дээрх үнэ дээр тулгуурлан эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. 

Одоогийн байдлаар 1053 эмийн сан гэрээ хийж, хөнгөлөлттэй эмийг олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн байна.

Мөн хэвтрийн буюу хуруугаа уншуулж эмийн жороо бичүүлж чадахгүй байгаа 19,600 гаруй иргэний асуудлыг програмд урьдчилан оруулж зохицуулалт хийсэн талаараа ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулав.

Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд 3 хүртлэх эмээ эмийн сангуудаас авах боломжтой. Тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй байсан ч өөр, өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой.

Цахим жорын хугацаа 7 хоног аж.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс