2012 оны арваннэгдүгээр сар 

Утас дуугарлаа. “Хурдан гэртээ ир. Ажлаа хийхгүй хотод юу хийгээд байгаа юм бэ” гэж утсаар ярих гурван настай охиныхоо дууг сонсоод нулимс унагав. Гэсэн ч хоолойгоо засан байж “Удахгүй очно оо” гээд утсаа салгалаа. 

Тэрбээр хорт хавдараар өвдсөн учраас эмчлүүлэхээр хотод ирсэн нь энэ. Харин түүний охин жаахан болохоор учир мэдэхгүй. Эмэгтэй ийм маягаар охинтойгоо утсаар ярьсаар жил болжээ. Өдөр бүр ярихдаа “Ээж нь удахгүй очно” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгана. Тэрбээр одоо 35 настай. Гэвч ажиллаж, хөдөлмөрлөх залуу насандаа хорт хавдараас болоод эмнэлэгийн ор сахихаас өөр аргагүйдсэн. Бүр ганц охинтойгоо уулзаж ч чадахгүй байна. 

Гэхдээ тэр эм тариагаа тасалдуулаагүй ээ. Амьд үлдэхийн тулд тэмцэж, өвчиндөө бууж өгөхийг хүсээгүй. Химийн хүчтэй тариа хийлгэх болгондоо “Удахгүй охин руугаа очно” гэж дахин дахин өөртөө хэлнэ. Өнөөдөр охиных нь төрсөн өдөр. 

Утас дуугарлаа. “Ээжээ би дөрвөн нас хүрчихлээ. Та яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж охин асуув. “Надад төрсөн өдрийн бэлэг хэрэггүй ээ. Ээжээ та хурдан хүрээд ирээч дээ. Охин нь дахиж хувцсаа норгон, бороонд гарахгүй” гэж уйлагнасан дуугаар хэллээ. “Миний охин том болжээ. Ээж нь удахгүй очно” гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. 

Заримдаа тэр “охиноо дахиж харах болов уу” гэж нулимс унагана. Хотод анх ирснээ бодвол нэлээд турчихжээ. Олон удаа тариулж, химийн эмчилгээ хийлгэснээс болоод нэлээд сульдаж, зүүний ормууд нь хөхөрчээ. 

Зүүн хөх нь тэвчихийн аргагүй, зүүгээр дахин дахин шивж байгаа мэт өвдөх хэдий ч тэр тэвчсээр “Миний өвдөх яах вэ. Амьд үлдэх минь чухал” хэмээн өөрийгөө зоригжуулна. 

Түүнийг нялх биетэй байхад нөхөр нь хаяж, ганц бие ээж охиноо өсгөхийн тулд амьдралд бууж өгөөгүй. Хамаатан саднууд нь түүнийг буруутгаж, ад үзсэн ч тэр тэмцсэн. Гэвч хорт хавдарын өмнө гэнэ алдаж, сэтгэл санааны дархлаагаа алдаж, эмнэлэгийн ор сахихад хүрсэн. Түүний сэтгэлийн цочрол ээж охин хоёрыг ийнхүү зовлонд унагаад байна. Охиноо бодож, охинтойгоо хамт байх хугацаагаа хэдхэн хоногоор ч гэсэн нэмэхийн тулд хагалгаанд орж, хөхөө авахуулахаар шийдсэн. 

Эмч орж ирлээ. “Маргааш хагалгаанд орно. Бэлтгэлтэй байгаарай” гэж  хэллээ. Амьд үлдэж л байвал хөхнөөсөө салах хамаа алга гэж бодсон ч хагалгаанд орж, зүүн хөхөө авхуулна гэхээс эмээхгүй байж чадсангүй. “Гэхдээ миний хөх угаасаа хатаад хорчийсон юм чинь. Юунд хорогдох вэ” гэж өөрийгөө аргадна. Харин түүний өрөөний 18 настай охин хагалгаанд орохоор явлаа. “Өөрийгөө хагалгаанаас амьд гарч чадна” гэх итгэлтэй байсан хөөрхий охин хэсэг хугацааны дараа хагалгаагаа даалгүй амиа алдсан нь сонсогдлоо. Энэ муу мэдээг сонссон бүсгүй дуугаа хураан, нулимс унагаж байв. 

Тэрбээр хагалгаанд орох уу, болих уу гэсэн бодолд автана. “Хагалгаанаас айж байна. Би амьд үлдэх болов уу” гэж өөрөөсөө дахин дахин асууна. Үүнд хэн ч хариулж чадахгүй. Орших эс оршихуйн заагт оюун бодол нь тэмцэлдэж, нэг өдөр ч болтугай охиндоо харагдахыг хамгаас их хүсч байлаа. Энэхүү аймшигт өвчнөөс амьд үлдсэн нэгэн байхад, амиа алдсан нь ч олон. Өнөөдөр хэчнээн эмэгтэйчүүд хөхний хорт хавдараар амиа алдаж байгаа бол. Хэчнээн эмэгтэйчүүд шаналан байж хөхөө авхуулж байгаа бол. Хөхгүй болно гэдэг эмэгтэйчүүдэд ямар их гунигийг дагуулах вэ... 

Тэрбээр охиноо цэцэрлэгт хүргэж өгөхийг, хамтдаа усанд явахыг, хамтдаа алхахыг, хамтдаа инээхийг, дуртай хоолоо хамтдаа идэхийг, охиноо үнсэхийг, тэврэхийг, охиноо сургуульд ороод уншиж сурахыг нь харахыг ямар их хүснэ вэ. Би бууж өгч болохгүй, би амьдарна... гэж бодсоор цурам ч хийлгүй өглөөг угтлаа. Зоригтойгоор хагалгаанд орохоор шийдэж, “Ээжээ хэзээ ирэх вэ” гэх асуултад хариулах итгэл найдварыг зүрхэндээ шивсэн юм. “Ээж нь удахгүй очно” гэх бодол тээсээр тэргэн дээр суун, хагалгааны өрөө рүү явлаа. 

Хөх олон булчирхайнуудаас бүрддэг учраас хамгийн эмзэг эрхтэн. Хагалгаа хийхэд эмчийн ур чадвараас гадна, хавдарын ямар үе шатанд орсон нь нөлөөтэй. Нэг цаг өнгөрлөө. Хоёр цаг өнгөрлөө. Гурван цаг өнгөрлөө. Үүнээс хойш хэчнээн цаг өнгөрсөн юм бүү мэд... 

Утас дуугарлаа. “Ээжтэй яръя” гэж охиныг хэлэхэд сувилагч “Ээж нь унтаж байна” гэлээ. Хагалгаа амжилттай болжээ. Одоо түүний биеийн эсэргүүцлээс бүх зүйл шалтгаална. Түүнийг нүдээ нээхэд эмч, сувилагч нар баяр хүргэлээ. 

Ийм том хагалгааг давж чадсан даа баярлаж, охин руугаа хурдан очихыг хүснэ. Эмч “Хэд хоног хүлээ. Дахин шинжилгээ авч, явах үгүйг чинь шийднэ” гэлээ. Одоо түүнд шинжилгээний хариу хүлээх л үлдлээ. Утас дуугарлаа. “Ээжээ та хэзээ ирэх вэ” гэж охиноо асуухад “Ээж нь маргааш очно” гэж итгэлтэйгээр хэлэв. Шинжилгээний хариу сайн гарчээ.           

Э.Энхцолмон