Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 20, 2023
Манай улсын хувьд хөхний хорт хавдрын өвчлөл бусад орнуудтай харьцуулахад бага хэдий ч нас баралт өндөртэй байдаг. Үүний шалтгаан нь хожуу илрүүлэгтэй холбоотой. Хөхний хорт хавдрыг эхний үед нь илрүүлж, эмчилгээ хийлгэхэд амьдрах чадвар 87 хувьтай байдаг. Харин хоёр, гуравдугаар шатанд илрүүлэхэд 40-өөс доош хувь болж буурдаг байна.
Иймд эмэгтэйчүүд хөхөө тогтмол шалгаж, эмчийн үзлэгт хамрагддаг байх нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ талаар Хөхний эрүүл мэндийн төвийн Дүрс оношилгооны эмч Б.Мөнхтуяатай ярилцлаа.
-Хөхний хавдар гаднын хүчин зүйлсээс болж үүсдэг үү, эсвэл амьдралын хэв маяг, дадал зуршлаас болдог уу?
-Чухам юунаас болж хөхний хорт хавдар үүсч байгааг одоохондоо нарийн тогтоогоогүй байгаа. Харин хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс гэж бий.
Тухайлбал, үр хөндүүлэх, оройтож төрөх, хүүхдээ хөхөөр хооллохгүй байх, жирэмслэхгүй байх, дур мэдэж дааврын эм хэрэглэх зэрэг нь хавдар үүсэх нөхцөлийг үүсгэдэг. Гэхдээ шууд л эдгээрээс үүдэж өвдөнө гэж ойлгож болохгүй. Одоохондоо мэдэгдэхгүй анзаарагдахгүй байж болох ч сөрөг үр дагавар нь 10,20 жилийн дараа хөхний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Эмэгтэйчүүд хавдраас сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
-Манай улсын хувьд хөхний хорт хавдрын тохиолдол Азийн бусад оронтой харьцуулахад бага хэдий ч нас баралт өндөр. Үүний шалтгаан нь эрт илрүүлж чадахгүй байгаа юм.
Хөхний хорт хавдар бол шинж тэмдэг өгч, өвдөж зовуурладаггүй. Маш “дүлий” өвчин. Бүр хүндэрсэн хойноо л өвдөлт мэдрэгдэнэ. Тиймээс эмэгтэйчүүд маань өөрсдөө хөхөө шалгаж ажиглах, урьдчилсан үзлэгт хамрагддаг байх нь чухал үр нөлөөтэй.
-Гэрийн нөхцөлд хөхөө шалгах арга бий юу?
-Гэртээ, сар тутамд хөхөө шалгадаг арга бий. Харамсалтай нь манайд энэ талаар мэдээлэл тун дутмаг. Уг нь өсвөр насанд нь зааж өгөөд насан туршийн дадал болгосон байх ёстой юм. Манайхан энэ талаар ярих гэхээр ичиж санаа зовоод л нууцлах ёстой асуудал гэж боддог. Ээж нь охиндоо зааж хэлж өгөх ёстой ч үнэндээ өөрсдөө ч мэддэггүй шүү дээ.
Сарын тэмдэг ирээд дууссаны дараа усанд орох үедээ хөхөө шалгах хэрэгтэй. Ингэхдээ хоёр янзаар шалгаж үзнэ.
Эхлээд толинд хараад хоёр гараа дээш өргөж хөхний эргэн тойронд арьс нь овойж татсан эсвэл цааш хонхойсон хэсэг байна уу, хөхний гадаргуу жүржийн талст шиг бэрсийсэн ч юм уу арьсанд өөрчлөлт орсон эсэхийг сайтар ажиглах хэрэгтэй.
Хоёрдугаарт тэмтэрч үзлэг хийнэ. Хоёр хөхөө ээлжилж шалгах ёстой бөгөөд тос, биеийн савангаар савандаж байгаад иллэг хийх байдлаар шалгана. Баруун хөхөө шалгахдаа баруун гараа толгойн ард бариад зүүн гараараа хөхөө гаднаас нь дотогш чиглэлтэй илнэ. Хурууны өндгөөр ойр ойрхон зайд тойруулж илэх хэрэгтэй.
Шалгах явцдаа хоёр хөхөө байнга харьцуулах хэрэгтэй шүү. Аль нэг тал нь өөр мэдрэгдвэл асуудал байхыг үгүйсгэхгүй. Хэмжээний хувьд хоёр хөх ялимгүй том жижиг байж болно. Хос эрхтэн бүр л нэг нь нөгөөгөөсөө том байх нь бий. Гар хөлний баруун тал нь арай том байдаг шүү дээ үүнтэй л ижил. Гэхдээ мэдэхүйц том, өөрчлөлттэй байх юм бол шууд л эмчид хандах ёстой.
-Хөхөө шалгах үед ямар өөрчлөлт мэдрэгдвэл эмчид хандах хэрэгтэй вэ?
-Хөхний хавдар байрлалаасаа хөдөлдөггүй, хүрэхэд хөндүүрлэхгүй жижиг булчирхайрхуу зүйл үүсдэг. Хэрвээ тэмтрэх үед нь иймэрхүү зүйл мэдрэгдвэл, хөхөнд хүрэх үед өвчин орж тааламжгүй байвал эмчид хандаарай. Сарын тэмдгийн үеэр хөх томорч бага зэргийн өвчин ордог. Энэ нь дааврын зохицуулалтаас болж буй хэвийн үзэгдэл.
Гэхдээ сарын тэмдэг ирээд дууссан ч өвчтэй хэвээр, үргэлжилж олон хоног зовуурлаад байвал өөр асуудал байна гэж ойлгож болно. Тэгэхээр дур мэдэж эм бэлдмэл уулгүйгээр зөвхөн мэргэжлийн эмчид хандаарай.
Сүүлийн үед сошиал сүлжээгээр бие биенээсээ асуудаг, дур мэдэж зөвлөдөг, түүнийг дагаж хэрэглэх нь олширлоо. Зохисгүй хэрэглэснээс болж өвчнөө хүндрүүлсэн охид, бүсгүйчүүд цөөнгүй ирдэг.
-Дааврын эм их хэрэглэх нь хавдрыг томруулдаг гэх мэт яриа байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Ер нь монголчуудын ихэнх нь эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэдэг. Энэ нь маш буруу. Ихэнхдээ мэддэг хэрнээ л тоохгүй “За яавал гэж, өмнө уухад зүгээр л байсан” гэж хэнэггүйтэх нь цөөнгүй. Бүр огт мэдэхгүй хүмүүс ч байна.
Эмэгтэй хүнд дааврын үйл ажиллагаатай ГУРВАН БАЙ эрхтэн байдаг. Бамбай булчирхай, хөх, өндгөвч. Эдгээр нь хоорондоо нягт холбоотой үйл ажиллагаатай.
Дааврын агууламжтай бэлдмэлийг удаан хугацаанд хяналтгүй хэрэглэх нь тав, арван жилийн дараагаас хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жирэмснээс хамгаалах эм болон эмийн бус даавар агуулсан бэлдмэлийг эмчийн зааваргүй удаан хугацаагаар хэрэглэх нь эдгээр эрхтэнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Хөх өвчин ороод, сарын тэмдэг алдагдаад байна гэж ирсэн хүмүүсийн ихэнх нь 72 цагийн эм урьд нь хэд хэдэн удаа уусан. Ойр ойрхон хэрэглэсэн хүмүүс байдаг.
Манайд л хяналтгүй зараад байгаа болохоос олон улсад энэ төрлийн эмийг дээд тал нь нэг жилд нэг удаа хэрэглэхээр зохицуулсан байдаг. Иймд бүсгүйчүүд минь дур мэдэн даавар агуулсан бэлдмэл ууж хэрхэвч болохгүй гэдгийг анхаарах ёстой байна.
Зайлшгүй тохиолдолд үүнийг хэрэглэж болохоор байна уу, ирээдүйд сөрөг үр дагавар нь ямар байх вэ гэдгийг мэргэжлийн эмчтэй сайтар зөвлөлдсөний эцэст гаргах шийдвэр юм шүү.
-Хөхний хэмжээнээсээ санаа зовдог бүсгүйчүүд бий. Хөх томруулдаг тос, уух дааврын бэлдмэл тариа, зөгийн сүүнцэр гээд байдаг. Эдгээр нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
-Хүний физиологийн онцлогоос, удамшлын онцлогоос шалтгаалж том жижиг байдаг. Хүн болгоны адил байхгүй. Том ч бай, жижиг ч бай хөх л бол хөх. Жижиг хөхөндөө санаа зовж томруулах гэсний хэрэггүй.
Сануулж хэлэхэд хөхний хэмжээг мэсийн аргаар л томруулах боломжтой. Түүнээс биш ямар нэг дааврын эм бэлдмэл, тосон түрхлэг, зөгийн сүүнцэр зэрэг хөхийг томруулахгүй. Үүнийг би баттай хэлье.
Эрүүл сайхан биеэ гадны зүйлээр хордуулж өвчний эрсдэл үүсгэх хэрэггүй шүү. Хөх нь булчирхайлаг эрхтэн учраас өгзөг шиг дасгал хөдөлгөөн хийгээд томорчихгүй. Урт удаан хугацаанд дасгал хийж унжсан байдлыг нь засч чангаруулахаас биш хэмжээг нь зөвхөн мэсийн аргаар л томруулна.
-Хөхний хавдар тусах эрсдэлтэй үе бий гэж юу. Ер нь эмчид ямар давтамжтай үзүүлэх хэрэгтэй вэ?
-Дөчөөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах ёстой. Энэ насанд дааврын өөрчлөлт орж, сэтгэл санаа тогтворгүй болох, хэвлий хэсгийн таргалалт нэмэгдэх төлөвтэй байдаг учраас үзүүлэх шаардлагатай.
Харин 40-өөс доош насны охид бүсгүйчүүд 2-3 жилд үзүүлж болно.
Гэхдээ сар бүр дээр заасан аргын дагуу хөхөө шалгадаг байх ёстой шүү. Энэ нь цаг зав шаардахгүй энгийн үйлдэл хэдий ч байнга үйлдэж дадсанаар таныг хавдраас хамгаалж, эрсдэлээс сэргийлэх хамгийн сайн үр дүнтэй арга юм шүү.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [180.149.98.78] ・ 2022.02.11 Хариулах
Зөвлөгөө авья хөхний судсандаа гөвдрүүтсэн юмшиг бна яах вэ
Зочин [202.9.40.245] ・ 2021.09.16 Хариулах
Sain bnnuu? Bi 1 tursun 40 nastai 2 jiliin umnu huh soilgoh hagalgaand orson ternees hoish hoh chas chas hiij hatgaj uvduh yum ene yu boloo ?
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй