Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 09, 2025
Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайтаас эрхлэн хүргэдэг "Би нэг удаа" булангийнхаа шинэхэн дугаарт ХЭҮК-ын дарга Д.Сүнжидийг урьж ярилцлаа. Тэрбээр боловсролыг хүн бүрт тэгш, хүртээмжтэй олгох хэрэгтэй байгааг онцолж, боловсролын салбарт анхаарснаар тогтолцооны ядуурлаас бүр мөсөн ангижирч чадна гэдгийг тэмдэглэлээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Бид сүүлийн 30 жил ядуурлыг бууруулна гэж ярьж байна, харамсалтай нь үр дүнд хүрсэнгүй...
Би нэг удаа “Үндсэн хууль манай сургуульд” гэдэг хичээлийг ЕБС-ийн ахлах ангийнханд заасан юм. Тэрхүү хичээлийг заах явцдаа хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлж байгаа байдал, тавьж байгаа асуултад хэрхэн нээлттэй хандаж чадаж байгаа нь ихээхэн ялгаатай байгааг анзаарсан. Үүнээс урган гарсан бодол маань нэгэн судалгааны үр дүнг сануулсан юм. Тэрхүү судалгаанд суманд сурч байгаа хүүхдүүд Улаанбаатар хотын төвд сурч байгаа хүүхдүүдээс долоо дахин ялгаатай, харилцан адилгүй боловсрол эзэмшиж байна гэсэн байв.
Харин бидний үед ийм ялгаа байгаагүй. Аль ч хот, аймаг, суманд сурч байсан ялгаагүй яг л адилхан гараанаас боловсрол эзэмшдэг байв. Энэ бол тэр үеийн ЕБС-ийн стандарт адилхан байсны гавьяа. Гараа адилхан байх тусам хүн сурах, хөгжих, боловсрох, дээд боловсрол эзэмших, мэргэжилтэй болох зэрэг олон төрлийн тулгуур суурь хүчин зүйл болдог. Би есөн хүүхэдтэй айлын дундах нь. Дээр дурдсанчлан, бидэнд бүгдэд нь боловсрол эзэмших боломж тэгш олдсон. Өнөөдрийн нөхцөлд олон хүүхэдтэй айл өрх эдийн засгийн нөхцөл байдал нь тийм ч боломжтой биш бол хүүхдүүдээ боловсролтой болгох, цаашаа хөгжүүлэх, ур чадварыг нь нэмэх боломж хэр байна вэ гэдэг асуулт бий.
Сүүлийн 30 жилд буюу Үндсэн хууль баталсан 1992 оноос хойш монголд ядуурал 30 хувь хэвээрээ л байна. Энэ бол хүмүүсийн амьжиргааны түвшний тодорхойлолт. Харин үүний цаана “Тогтолцооны ядуурал” буюу нэг өрхийн амьжиргааны түвшин тэр хэвээрээ үргэлжлэх магадлалтай гэдэг нь хамгийн санаа зовоосон асуудал болоод байна. Үүнээс гарахын тулд бид монгол хүндээ нэг стандартын боловсрол олгоход л анхаарах ёстой. Гэтэл бид ийм гарааны түвшинд байгаа хүүхдүүдийг “Дэлхийн боловсрол эзэмшээрэй, цаашаа ахиж дэвшээрэй” гэж хэлэх нь шударга бус.
Хамтын орон зайд “Минийх ба нийтийнх” гэж ханддаг байдлаа өөрчилье
Бидний амьдралд нийтлэг ажиглагддаг нэг зүйл бол нийтийн орон зайд явахдаа “Энэ бол хүний юм” гэж ханддаг байдал юм. Ажил, сургууль, гудамж, ногоон байгууламж, үзвэр үйлчилгээний газар очихоороо “Энэ чинь хүний юм” гэсэн хандлага нь илэрч хог хаях, нус цэрээ хаях, скүүтрээ хаа хамаагүй орхих зэрэг бүдүүлэг үйлдэл гаргадаг. Үүнийг хүмүүс нөгөө талаар “хүнийрхүү хандлагатай” гэж хэлдэг дээ.
Өндөр хөгжилтэй, суурин соёл иргэншилтэй улс оронд бол хүн бүр “Энэ газар минийх” гэж үздэг. Зам талбай, ногоон парк, хогийн сав, нийтийн тээврийн суудал гээд бүгдийг өөрийн юм шиг хайрлан хамгаалдаг. Эсрэгээрээ монголчууд гэр орондоо илүү цэвэр, дэг журамтай байхыг хичээдэг ч энэ хандлага нь олон нийтийн дунд ор мөргүй алга болчихдог.
Иймд орчин үеийн суурин соёл иргэншлийн үнэт зүйлсийг уламжлалт сайн зан заншилтайгаа хослуулж, хамтын орон зайдаа хүндэтгэлтэй ханддаг байхыг хүн бүрт уриалж байна.
Хүн бүр “энэ бол миний юм” гэсэн хандлагатай болчихвол бидний нийтийн соёл, нийтийн хандлага өөрчлөгдөнө.
Бусдад нэр хоч өгөх ч хүний эрхийн зөрчилд тооцогддог
Нөгөөтээгүүр, гудамж талбайд бусдад нэр хоч өгч доромжлох, элдвээр хэлэх үзэгдэл сүүлийн үед хэвийн зүйл мэт болжээ. Хүний биед халдахыг эрх зүйн зөрчил гэж үздэг шиг нэр төр, сэтгэл санаанд халдах нь ч мөн адил хүний эрхийн зөрчил гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй.
Учир нь хүний нэр төр, хувийн орон зай, оршин байх эрх нь Үндсэн хуулийн хүрээнд төдийгүй олон улсын гэрээ, конвенцоор хамгаалагдсан байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.